Монгол улсын их хурлын гишүүн Д.Зоригт
2013.11.15

Д.Зоригт: Дэд бүтцийн хөгжил хийх шаардлагатай

-Улс төр, эрхзүйн тодорхойгүй байдлаас болж гадаадын хөрөнгө оруулагчдын 40 хувийг алдсан гэж байгаа. Одоо хийж буй ажил энэ нөхцөл байдлыг эргүүлэх болов уу?

-Манай улс уул уурхай, хөрөнгө оруулалтын салбартаа эрхзүйн орчинг нь сайжруулах ажил их бий. Гадаадын хөрөнгө оруулагч нар манай улсад ажиллахын тулд хэд хэдэн асуудал шийдэх ёстой гэж Дэлхийн банк болон бусад байгууллага судалгаандаа тусгасан.

Нэгдүгээрт, дэд бүтцийн хөгжил хийх шаардлагатай. Үүнээс гадна, мэргэжлийн боловсон хүчин инженер, техникч, ажилчин одоогоор бидэнд дутмаг байгаа. Мөн хууль эрхзүй болон татварын орчин тогтвортой байх шаардлагатай. Эдгээрийг анхаарч шийдвэрлэхгүйгээр бид зорьсон зүйлээ хийж, шинэчлэлээ хэрэгжүүлж чадахгүй шүү дээ. Тийм ч учраас энэ салбарт ажиллаж буй байгууллага компаниудтай хамтарч асуудлаа шийдэх талаас ажиллаж байна. Манай улс дэд бүтцийн салбарт ихээхэн хөрөнгө оруулалт хийх шаардлагатай. Өнөөдөр авто болон төмөр зам, агаарын тээврийн шинэ байгууламжийн бүтээн босгох ажил үргэлжилж байна.

Хоёрдугаарт, гадаадад мэргэжлийн боловсон хүчин бэлтгэх ажилд багагүй хөрөнгө зарцуулсан. Хөрөнгө оруулалтын шинэ хууль батлагдсаныг дурдах ёстой ч энэ нь бүх зүйлийг шийдэж хүчрэхгүй шүү дээ. Тиймээс цаана нь үлдсэн хуульд шинэчлэх шаардлагатай өөрчлөлтийг анхаарна. Ингэхдээ энэ бодлого, ерөнхий чиглэл төлөв маань урт хугацаанд тогтвортой байх ёстой учраас бид Эрдэс баялгийн салбарт 2014-2025 онд баримтлах бодлогын баримт бичиг боловсруулж байгаа. Удахгүй батлагдсанаар цаашид Ашигт малтмалын тухай хуулийг өөрчлөх гол концепци болж өгнө.

Тэр цагт гадаадын хөрөнгө оруулагч нар эргээд л ирэх байх. Энэ бүхнийг хийж чадвал Монголын уул уурхай, эрдэс баялгийн үнэ цэн бодитой гарч ирэх юм.

-Манай улсын хүнд аж үйлдвэрийн салбарын бодлогоос танилцуулаач. Өнөөдрийн арга хэмжээг зохион байгуулж буй "Аутотек" компанийн тухайд?

-Өмнөд, хойд хөршүүд маань металл боловсруулах арга технологи ашиглаж байгаа л даа. Гэхдээ бид дэлхийд тэргүүлэх технологи ашиглаж, байгаль экологид хамгийн ээлтэй ажиллагааг ашиглахын тулд "Аутотек" компанийг сонгосон юм. Цаашид ийм олон компани Монголд орж ирэх шаардлагатай байгаа. Одоо эрдэс баялгийн бодлогын гол концепци нь ашигт малтмалын бүтээгдэхүүнийг түүхийгээр нь хил давуулан гаргах биш.

Бидний цаашдын бодлогын гол агуулга нь өнгөрсөн 20 жилийнх шиг үргэлжлэх бус харин ч яаж боловсруулах, нэмүү өртөг шингээх явдал.

Тодорхой үйлдвэрлэлд оруулж, нэмүү өртөг шингээнэ. Ингээд тодорхой үнэлгээ боловсруулж олон төрлийн бүтээгдэхүүн болгоод дэлхийн зах зээлд гаргах ёстой. Гэхдээ эрчим хүч, усны хэмнэлттэй аль болох хаягдалгүй олборлолтын технологи хэрэгжүүлэх нь зөв. Үүнээс улбаалж манай улсад сайхан хөгжих боломж байгаа учраас түүнийг "Аутотек" компани олж харсан. Тэгэхээр бидний цаашдын бодлогын гол агуулга нь өнгөрсөн 20 жилийнх шиг үргэлжлэх бус харин ч яаж боловсруулах, нэмүү өртөг шингээх явдал.

-Олон төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх гэж ярилаа. Ийм арга, технологи нэвтрүүлэх боломж нь хэр байдаг бол?

-Зөвхөн нүүрсийг л гэхэд угаагаад кокс болгоод тэндээс 10 орчим төрлийн дагавар бүтээгдэхүүн гардаг. Тэндээсээ 30 гаруй янзын химийн бодис ялгарна гээд бодоод үзэхээр маш олон төрлийн бүтээгдэхүүн гаргаж болно. Нүүрснээс гадна занар, газрын тос, уран, металл хүдэр гээд олон янзын баялаг байгаа шүү дээ. Өнөөдөр нүүрсийг л гэхэд хөрс хуулж ухаад ачаад зөөдөг.

"Эрдэнэт"-д зэсийг баяжуулаад 75 хувь шороо, 25 хувь зэсийн агууламжтай гаргаж байгаа. Гэтэл дотооддоо ядаж катодын зэс болгочихъё гэхээр манай улс дотооддоо ашиглах нөхцөл нь бас бүрдээгүй. Машин, техник, инженерчлэлийн бүтээгдэхүүнд ашиглах хэрэгцээ алга. Гэхдээ нэг компани "Эрдэнэт"-ийн хаягдал дээр ажиллаад цэвэр зэс гаргаж түүгээрээ зэс утас, кабель үйлдвэрлэж байна.

Харамсалтай нь, жижигхэн үйлдвэр болохоор төдийлөн мэдэгддэггүй ч ийм боломж байгааг харуулж буй хэрэг. Эдгээрийг өөрчлөх нь тийм ч холын ажил биш. Шинэ технологи, үйлдвэрийн ТЭЗҮ боловсруулаад ажиллаж буй компаниуд цөөнгүй бий. Тэдгээрийг дуусах үед татвар, хөрөнгө оруулалт, эрхзүйн орчин тодорхой болговол, тогтворжоод ирэх болно. Энэ чиглэл, өөрчлөлтөөр л эрдэс баялгийн салбарын хөгжлийг төсөөлж байна даа.