Д.Дамба: Ирэх жил төлөвлөсөн хэмжээнийхээ нүүрсийг экспортлоно гэвэл маш эрсдэлтэй
Уул уурхайн үндэсний ассоциацийн ерөнхийлөгч Д.Дамба
2013.11.15

Д.Дамба: Ирэх жил төлөвлөсөн хэмжээнийхээ нүүрсийг экспортлоно гэвэл маш эрсдэлтэй

Уул уурхайн үндэсний ассоциацийн ерөнхийлөгч Д.Дамбатай ярилцлаа.

-Ирэх оны төсөв хэлэлцэж буй энэ үед уул уурхайн үйлдвэрлэлийг хөгжүүлэх чиглэлээр хэр анхаарч байгаа харагдаж байна?

-УИХ дээр ирэх оны төсвийн талаар хэлэлцэж байгааг харахад цалин тэтгэвэр нэмэгдүүлэх, барилга байшин барих талаар яриад байна. Уг нь зөв л дөө. Гэхдээ яг үндсэн анхаарах ёстой асуудал болсон үйлдвэрлэлийг хөгжүүлэх талаар ерөөсөө ярихгүй байна. Үүнээс үзэхэд ирэх онд Монголд үйлдвэрлэлийн чиглэлээр дорвитой ажил хийгдэхгүйн болов уу гэсэн ойлголт төрж байна.

Нөгөө талаар уул уурхайгаас ордог орлогыг нэмэгдүүлэхийн тулд энэ чиглэлийн үйлдвэрүүдээ дэмжих, татвар нэмэгдүүлэх гэх мэтчилэн янз бүрийн дарамтуудыг багасгах, хураамжийн давхардлыг цөөрүүлэх хэрэгтэй.

-Хөрөнгө оруулалтын тухай хуульд татварыг тогтвортой байх чиглэлээр тусгасан. Энэ нь орлого нэмэгдүүлэхэд нөлөөлөхгүй гэж та хэлээд байна уу?

-Хөрөнгө оруулалтын тухай хуулиар сая 4 чиглэлийн татварыг тогтвортой байлгахаар болсон. Гэтэл татвараас гадна өндөр хувь тооцогддог маш олон төлбөр хураамж байдаг. Үүнийгээ бас багасгах ёстой. Жишээ нь, экспортод гаргаж буй уул уурхайн бүтээгдэхүүнээс авдаг гаалийн бүрдүүлэлтийн хураамж гэж бий. Уг хураамж нь зэс, цайрын баяжмал гаргахад тонн тутамд 1000 төгрөг, нүүрснээс тонн тутамд нь 1500 төгрөг авдаг. Гэтэл 2011 онд манай улс 22 сая тонн нүүрс экспорлоход, зөвхөн дээрх хураамжинд 36 тэрбум төгрөг хураасан байдаг. Уг нь энэ мөнгөөр хоёр үйлдвэр байгуулчих боломж байсан.

Гаалийн байгууллага зөвхөн гаалийн бүрдүүлэлтээр сүүлийн 3 жилд 100 орчим тэрбум төгрөг олсон байгаа. Гэвч экспортын бүтээгдэхүүний гол 2 хаалга буюу Гашуун сухайт, Шивээ хүрэнгийн боомт дээр очиход зарим гаалийн ажилчид нь вагончигт амьдарч байх жишээтэй. Уг нь ядаж энэ олсон мөнгөнийхөө тодорхой хувиар гаалийн байгууллагынхаа чадамжийг дээшлүүлсэн бол хил гаалийн түргэн шуурхай үйлчлэх боломж нэмэгдэх байсан.

Сүүлийн жилүүдэд дэлхийн зах зээлд уул уурхайн гаралтай бүтээгдэхүүний түүхий эдийн үнэ унасан. Энэ оны байдлаар гэхэд экспорт 47 орчим хувиар тасрахад хүрээд байгаа гэсэн. Үүнд бүтээгдэхүүний дэлхийн зах зээлийн үнэ нөлөөлөхөөс гадна дээрх татвар хураамжийн дарамтууд үүнээс дутахгүйгээр нөлөөлсөн. Иймээс энэ бодлогуудаа засах хэрэгтэй.

-Ирэх оны төсөвт уул уурхайн бүтээгдэхүүний экспортыг хэт өндөр төсөөлсөн байна гэж эдийн засагчид үзэж байгаа. Ерөнхий сайдын яриад байгаагаар жилд 50 сая тонн нүүрс олборлох боломж манайд бий юу?

-Олборлох боломж нь байгаа. Ганцхан түүнийг экспорлох боломж байхгүй. Яагаад гэвэл тээврийн асуудлаа шийдээгүй. 50 сая тонн нүүрс яаж автомашинаар зөөх юм вэ. Зам харгуй, хил нэвтрүүлж буй арга технологи маш болхи, удаан, хүнд сурталтай байна.

Хятадын талд хил, гааль, хорио цээр гээд гурван байгууллага байхад манайд үүн дээр нь нэмээд иргэн харъяатын асуудал гэж байдаг.

Би Өмнөговийн хил дээр очиход Хятадын талд хил, гааль, хорио цээр гээд гурван байгууллага байхад манайд үүн дээр нь нэмээд иргэн харъяатын асуудал гэж байдаг. Энэ ямар ч хэрэггүй илүү зүйл байхгүй юу. Олон хоног, сараар манайд амьдрахаар орж ирсэн гадны иргэд дээр энэ асуудлыг ярина уу гэхээс өглөө орж ирээд нүүрс ачаад, орой гарч байгаа жолоочид ямар хамаа байна аа.

Төрийн байгууллагын амбиц, хүнд суртал дийлдэхгүй байна. Үүнд бас нэг зүйлийг нэмээд хэлэхэд, Хятадын талаас 5 урсгалтай замаар явж байсан машинууд манай хил дээрээс 4 урсгал руу ордог. Үүнээс болж түгжрэл үүсч эхэлдэг. Үүнийг 5 болгочихвол өөрийн замаараа орж ирсэн машин ямар нэгэн асуудал үүсгэхгүй буцаад тэр замаараа гараад явах болно. Энэ мэтчилэн хийх зүйл маш их байна. Тэгэхээр ирэх жилийн төлөвлөсөн хэмжээний нүүрсийг экспортлоно гэдэг маш эрсдэлтэй.

-Энэ жил 3 яам хамтраад “Монгол алт”, “Монгол зэс”, “Монгол төмөр” хөтөлбөр хэрэгжүүлж байгаа. Эдгээр нь өнөөгийн нөхцөлд хэр хэрэгжих боломжтой байна?

-Анхаарах ёстой гол бүтээгдэхүүнүүд дээр хөтөлбөр боловсруулж ажиллах талаар Засгийн газрын мөрийн хөтөлбөрт орсон юм билээ. Гэхдээ энэ хөтөлбөрүүдийг бодитой болгохын тулд энэ салбарт ажиллагсдын санаа оноог түүндээ тусгах ёстой. Хөтөлбөрийн үр дүнд энэ чиглэлийн уул уурхайн бүтээгдэхүүний борлуулалт сайжирч, боловсруулалт нэмэгдэх ёстой. Ингээд энэ хэмжээгээрээ улс оронд өгөөжөө өгөх ёстой. Ийм байдлаар л хийхгүй бол цаасан дээр гоё хөтөлбөр боловсруулаад ажил сайжирна гэвэл өрөөсгөл.

Тиймээс энэ хөтөлбөрүүдийг сайжруулахын тулд төрөөс баримтлах бодлого маш зөв байх ёстой. Уул уурхайн салбарт хөрөнгө оруулагчид, ялангуяа дотоодынхноо дэмжих хэрэгтэй. Хуучин “Гадаадын хөрөнгө оруулагчдыг дэмжих тухай” хууль гэж батлаад дотоодын хөрөнгө оруулагчдаа орхигдуулсанаас энэ чиглэлийн үйлдвэрүүд маань хөгжөөгүй.

Ер нь төрд хандаж хэлэхэд дотоодын үйлдвэрүүдээ хөгжүүлэхэд мөнгө төгрөгийн тусламж хэрэггүй. Гол нь оролцоогоо багасгаж, саад болохоо болиоч ээ гэж хүсмээр байгаа юм. Уул уурхайн салбарт үйл ажиллагаа явуулахад янз бүрийн хууль дүрэм, саадыг их тавьж байна. Жишээ нь, алтны салбарын тухайд 68 хувийн татвараас хойш энэ салбар навс уналаа шүү дээ.

-Алтны салбарын ил тод байдлын тухай хуулийг батлах талаар яригдаж байгаа. Үүнд та ямар бодолтой байна?

-Их тоглоомтой зүйл болоод байна. Нэг бол чи ажилла гэж лиценз олгочихоод овоо хөрөнгө оруулалт хийгээд яваад эхлэхээр одоо болохгүй гээд хориглочихдог. Ингээд одоо болохоор эргээд үйл ажиллагаа явуулж болно гээд эхэлж байна. Энэ бол эцсийн эцэст тухайн үйл ажиллагаа явуулж буй компани гэхээсээ илүүтэй улс оронд маш хортой. Үүгээрээ юу хэлэх гээд байна вэ гэхээр гол нь хууль эрх зүйн орчин нь тогтвортой байх ёстой. Хоёрдугаарт, татвар хураамжаа багасгаж, үйлдвэрлэл явуулахад дэмжлэг үзүүлэх хэрэгтэй. Гэхдээ татвараас 100 хувь чөлөөл гэж хэлэхгүй.

Хайлуулах үйлдвэрлэлийн зардлын үнийг хасч тооцох ёстой. Ингэвэл 12-13 хувийн татвар биш 10 хувийн татвар төлөх ёстой болно.

Одоо татварын ногдуулалтыг маш буруу хийж байна. Цайр, зэсийн баяжмалыг экспортлоход Лондонгийн хөрөнгийн биржийн дөрвөн 9-тэй цэвэр бүтээгдэхүүний үнийг агуулга, гаргаж буй тоо хэмжээгээр нь үржүүлээд татвар ногдуулаад байгаа.

Гэтэл энэ баяжмалыг цааш нь гаргаад хайлуулах үйлдвэрт оруулж, элдэв хольцоос нь салгаж цэвэршүүлдэг. Уг нь бол хайлуулах үйлдвэрлэлийн зардлын үнийг хасч тооцох ёстой. Ингэвэл 12-13 хувийн татвар биш 10 хувийн татвар төлөх ёстой болж байгаа юм. Нүүрсэн дээр ч ялгаагүй өндөр татвар авдаг. Гэтэл ийм өндөр үнээр хятадууд авахгүй байна. Ингээд хэн хохирох юм. Төсвийн орлого тасарч бид л хохирно шүү дээ.

-Тэгэхээр алт тушаалтыг нэмэгдүүлэхийн тулд таны хувьд ямар бодлого явуулах хэрэгтэй гэж?

-Үүнд маш либериал бодлого явуулах ёстой. Өөрөө хэлбэл, олон бичиг баримт шаардах, хүнд суртал гаргах хэрэггүй. Ялангуяа хувиараа алт олборлосон хүнээс алтыг нь шууд дэлхийн зах зээлийн ханшаар бодоод авчих хэрэгтэй. Үүний оронд чи хаанаас, яаж авсан гэх мэтчилэнгээр олон бичиг баримт шаардаад эхэлбэл энэ хууль хэрэгжихэд хэцүү.

2000-аад оны эхээр “Алт хөтөлбөр”-ийг их зөв хэрэгжүүлж байсан. Энэ үед Оросоос хүртэл Монголбанкинд алт авчирч тушааж байсан. Энэ бол маш эрүүл, зөв бодлогын шинж. Үүний дараа 68 хувийн татвар, “урт нэртэй хууль” зэргийг гаргаад, алт тушаасан хүн өөрөө хэрэгт орчих гээд эхлэхээр хувиараа аль олборлогчид хараар борлуулаад, нууцаар хил давуулж байна. Энэ нь эцсийн эцэст манай улсыг л хохироож байна.

-Ирэх онд 30 орчим тонн алт тушаагдана гэж байгаа?

-Нэг үе Монголбанкинд 20 гаруй тонн алт тушаадаг байлаа. Харин одоо 5 тонн болтлоо буурсан. Тэгэхээр хуулиа л өөрчлөх хэрэгтэй. Алтны нөөц нэмэгдсэнээр мөнгөний ханш тогтворжиж, зээлийн баталгаа болдог.

-Эцэст нь та Монголын металлургийн салбарын өнөөгийн хөгжлийг товчхон дүгнэвэл?

-Монголын металлургийн салбарыг хөгжүүлэхэд өнөөг хүртэл дорвитой бодлого хэрэгжүүлээгүй. Жишээ нь, хар төмөрлөгийн салбарт олон компани хамтран ажиллах санал ирүүлсэн.

Гэсэн ч эрх зүйн орчин нь таатай биш, татвар өндөр байгаа нь хөгжихөд бэрхшээлтэй байна. Мөн зарим үйлдвэрүүдийг хувийн өмчид шилжүүлэх хэрэгтэй. Тэгэхгүй нэг төр солигдоход дарга нар нь өөрчлөгдөөд, үүнийгээ дагаад хэрэгжүүлж байсан бодлого нь зогсдог.

Түүнчлэн металлургийн чиглэлээр залуусаа металлург хөгжсөн орнуудад явуулж сургах хэрэгтэй байна. Одоо мэргэшсэн гэвэл бид нарын үеийн хэдэн хүмүүс байна. Эхнээсээ тэтгэвэртээ гарч байна. Тэгэхээр одоо яг нарийн мэргэжлийн металлургич нар манайд байхгүй байна.