Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл шинээр олгохыг хориглох хуульд өөрчлөлт оруулах төслийг хэлэлцэхийг дэмжив
УИХ-ын чуулганы /2012.12.28/ үдээс хойшхи нэгдсэн хуралдаанаар эхлээд Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл шинээр олгохыг хориглох тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэхээр боллоо.
Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Д.Ганбат танилцууллаа.
Ашигт малтмалын тусгай зөвшөөрөл шинээр олгохыг хориглосон хууль одоогоор үйлчилж байгаа ч энэ сарын 31-ний өдрөөс хуулийн хугацаа нь дуусгавар болох юм. Тиймээс Монгол Улсын Ерөнхийлөгчийн зүгээс ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг хориглосон хуулийг үргэлжлүүлэх саналтай байгаа аж.
"Ашигт малтмалын тухай" хуульд заасан тусгай зөвшөөрөл олгох ажиллагаа, зөвшөөрөл авсан аж ахуйн нэгжээс явуулж байгаа үйл ажиллагаа нь зарим тохиолдолд Монгол Улсын хууль тогтоомжийг ноцтой зөрчсөн сөрөг үр дагаврыг бий болгож, Монгол Улсын үндэсний аюулгүй байдалд нөлөөлөх хэмжээнд хүрсэн байна. Манай улсад 2010 оны дөрөвдүгээр сарын байдлаар 478 мянган га талбай бүхий 1096 ашиглалтын, 38,9 сая га талбай бүхий 3659 хайгуулын тусгай зөвшөөрөл олгогдсон нь улсын нийт нутаг дэвсгэрийн 24,5 хувийг эзэлж байгаа аж.
Дорноговь аймагт 491 тусгай зөвшөөрлөөр нийт 5 сая гаруй га газар олгогдсон нь аймгийн нийт нутгийн 50 орчим хувь юм байна.
Өмнөговь аймагт 459 тусгай зөвшөөрлөөр 7,5 сая га газар олгогдсон нь тухайн аймгийн газар нутгийн 45 орчим хувийг эзэлж байна. Нийт олгогдсон тусгай зөвшөөрлийн 10 гаруй хувийг БНХАУ-ын аж ахуйн нэгжүүд эзэмшдэг байна. Тодруулбал, Хятадын 100 хувийн хөрөнгө оруулалттай 165 компани 322 тусгай зөвшөөрөлд хамрагдах 2,1 сая га газар, хамтарсан компанийн хэлбэрээр 74 аж ахуйн нэгж 123 тусгай зөвшөөрлөөр 700-гаад мянган га газрыг эзэмшдэг юм байна.
Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс гаргасан зөвлөмжийн дагуу геологи, уул уурхайн салбарт мөрдөгдөж байгаа хууль, дүрэм, журам, заавруудыг цэгцлэх ажил хийгдэж байгаа юм. Түүнчлэн “Ашигт малтмалын тухай” хуулийг шинэчлэн боловсруулж дуусгах, батлах, түүнийг дагаж мөрдөх хүртэл тодорхой хугацаа шаардагдахаар байгаа тул “Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг хориглох тухай” хуулийн хугацааг сунгах, нэгэнт олгогдсон тусгай зөвшөөрлийг бусдад шилжүүлэхийг хориглох шаардлагатай болсон байна. Иймээс Ерөнхийлөгч энэхүү хуулийн төслийг санаачлан боловсруулж одоогоор хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг хориглох тухай хуулийн хугацааг сунгах саналаа өргөн мэдүүлээд байгаа юм.
Хуулийн төсөл санаачлагчийн илтгэл болон байнгын хорооны санал дүгнэлттэй холбогдуулан гишүүн Г.Баярсайхан нар үг хэлэв.
Хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжсэн байнгын хорооны саналыг чуулганы хуралдаанд оролцсон 46 гишүүний 73.9 хувь нь дэмжсэнээр төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүлэв.