УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн Засгийн газрын тэргүүнд шаардлага хүргүүллээ
2012.03.12

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн Засгийн газрын тэргүүнд шаардлага хүргүүллээ

УИХ-ын  гишүүн Ц.Даваасүрэн Засгийн газрын тэргүүн С.Батболдод шаардлага хүргүүллээ. Энэхүү шаардлагаараа Засгийн газраас Уул уурхайн хөгжлийн ерөнхий төлөвлөлтийг боловсруулан УИХ-ын хаврын чуулганаар оруулан батлуулах арга хэмжээг авах шаардлагыг Ерөнхий сайд С.Батболд танд хүргүүлж байна гэжээ.

Өдгөө Монгол Улсын эдийн засагт уул уурхайн салбарын эзлэх хэмжээ өсөж ДНБ-ий 30, экспортын 80 хувьд хүрээд буй аж. Манай улсын нийт нутаг дэвсгэрийн 24,5 хувьд ашиглалтын 1096,  хайгуулын 3659 тусгай зөвшөөрөл олгосон гэсэн албан мэдээ байдаг байна. Харамсалтай тусгай зөвшөөрөл авсан дотоодын компаниуд гадаадын компаниудад тусгай зөвшөөрлийнхөө нилээд хэсгийг худалдаж байгаа нь манай улсын уул уурхайн салбарын цаашдын хөгжилд гадны нөлөөлөл бий болох, улмаар манай улсын эдийн засагт өндөр хувийг эзэлж буй уул уурхайн салбар гадныхны мэдэлд орох дүр зураг бий ажээ. Нэгэнт хүний хүнд эрх нь шилжсэн лицензийг эргүүлэн татах, буцааж авах гээд дийлдэхгүй, эцэст үстэй толгойгоо зулгаана шүү гэдгийг тэрээр ийн анхааруулж байгаа юм.

 

Ц.Даваасүрэн, Б.Бат-Эрдэнэ нарын гишүүд энэ чиглэлд анхаарч Ашигт малтмалын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг боловсруулж буй гэнэ. Тэд энэхүү хуулийн төслөө хаврын чуулганаар хэлэлцүүлэн батлуулахаар ажиллаж байгаа аж. Учир нь улс төрийн анхаарал сонгууль руу хандсан энэ үед хийдүүлэн хичнээн лиценз хүний гарт орж, хичнээн газар хүнд техникийн мөрөөр сүйдэхийг тооцоолох боломжгүй гэдгийг хэллээ. Дээрээс нь газар нутаг нь гадныхны гараар сүйдэж байхад тухайн гадны хөрөнгө оруулалттай компанид ажиллаж буй элэг нэгтнүүдэд маань нохойноос дор хандаж байгааг тэрээр онцолсон. Одоо Монгол Улсын ойн нөөцийн 30 гаруй хувийг эзэлдэг Хөвсгөлийн Бүрэнхааны фосфоритын ордыг "Талст Маргад"ХХК ашиглажэхэлсэн байна. Нутгийн иргэд, холбогдох байгууллагууд нь хичнээн эсэргүүцээд хөрөнгө мөнгө, эрх мэдлээс давж чадахгүй байгаа талаар Ц.Даваасүрэн гишүүн онцлон тэмдэглэсэн. Өвөг дээдсээс үлдээсэн энэ их байгалийн баялгийг нэгдсэн бодлого төлөвлөлтгүй ашиглаад эхэлбэл аймаг бүрт хүнд механизмын мөрөөр түйрэн болж, сэндийчигдсэн газар, сүйрсэн улс орон үлдэнэ гэдгийг хатуу анхаарууллаа. Тэгээд ч одоогийн ашиглагдаад эхэлчихсэн Оюу толгой гэхэд дангаараа дөрвөн Эрдэнэт, 20 Бороо Гоулдтай тэнцэхээр. Тиймээс Оюу толгой, Таван толгойгоо ашиглаад явахад Монгол улс уул уурхайгаас эдийн засгаа хөнгөхөн босгох боломж бүрэн байгааг дахин санууллаа.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.