Ц.Дашцэрэн: Үл хөдлөх хөрөнгө зуучлал бол оюун ухаанаараа мөнгө олдог бизнес
“Мастер пропертис” ХХК-ийн Ерөнхий захирал Ц.Дашцэрэн
2013.11.18

Ц.Дашцэрэн: Үл хөдлөх хөрөнгө зуучлал бол оюун ухаанаараа мөнгө олдог бизнес

“Мастер пропертис” ХХК-ийн Ерөнхий захирал Ц.Дашцэрэнтэй барилгын салбарын хөгжил болон үл хөдлөх худалдааны бизнесийн ирээдүйн талаар ярилцлаа.  

-Энэ жилийн хувьд уул уурхайн салбараас илүү барилгын салбар өсөлттэй байлаа. Тэр хэрээр үл хөдлөх хөрөнгийн зах зээл өссөн байх. Та үүнтэй санал нийлэх үү?

Хийж бүтээе гэвэл монголд үнэхээр их боломж байна. Үл хөдлөх хөрөнгийн зах зээлд ороод саятан болж чадахгүй бол өөртөө л гомдох хэрэгтэй. Энэ жилийн байдлаар үл хөдлөх хөрөнгийн зах зээлд нийт 204 төсөл, 6,7 их наяд төгрөг эргэлдэж байна. Ямар их мөнгө вэ. Өнгөрсөн жил манай улсын ДНБ 10 тэрбум байсан шүү дээ. Шинэ шинэ барилга, бүтээгдэхүүн зах зээлд нийлүүлэгдэж байна. Ухаалаг ажиллавал боломж хязгааргүй.  

Ер нь дэлхийн улс орнуудын хөгжлийн түүхийг харахад нэг моделтэй. Улс орон хөгжихийн тулд мөнгө олох хэрэгтэй. Хаанаас гэдэг нь чухал биш. Уул уурхай, цөмийн зэвсэг, эсвэл нэг салбараасаа олно. Улс мөнгөжөөд ирэхээр тэрхүү хөрөнгө нь үл хөдлөх хөрөнгийн салбар луу шингэдэг хуультай. Эдийн засгийн анхдагч хэрэгцээ болох хоол, хүнс, хувцас, орон байр. Барилгын салбар луу шингэнэ. Энэ бол дэлхийн түүх. Үл хөдлөх хөрөнгийн салбар өндөр түвшинд хөгжинө гэдэг нь улс орон байрныхаа асуудлыг шийдсэн гэсэн үг.

Үл хөдлөх хөрөнгөөр баталгаажсан санхүүгийн зах зээл хөл дээрээ босч ирдэг. Аливаа зээл тусламж, хөтөлбөр, бизнес санааг хэрэгжүүлэхийн тулд зээл хэрэгтэй. Хичнээн гоё төсөл байлаа ч банк таниас барьцаа, баталгаа л шаардана. Тэр барьцаа нь үл хөдлөх хөрөнгө. Бид яг л дэлхийн хөгжлийн шатаар явж байна.

Бид уул уурхайгаас мөнгө олоод түүнийгээ үл хөдлөх хөрөнгө болгож санхүүгийн зах зээлээ хөгжүүлж байна.

-Таны хэлсэнээр 6,7 их наяд төгрөгийг шингээж байгаа өөр салбар монголд алга. Энэ жилийн байдлаар хичнээн барилга ашиглалтад орсон бэ?

Жайкагийн судалгаагаар 2023 он гэхэд Улаанбаатар хотын үл хөдлөх хөрөнгө, барилгажилтийн эрэлт тэнцвэржинэ гэсэн. Харин манай компаний судалгаагаар 2021 онд тэнцвэржинэ.

Энэ жил Улаанбаатарын хэмжээнд 37 мянган айлын орон сууц баригдаж байгаагийн 8000 нь ашиглалтад ороод байна. Улсын хэмжээнд 40-50 орчим мянга болно. Хэрвээ эдгээр төслүүд болон эдийн засгийн байдал тогтвортой байвал 2014 оны сүүлээр гэхэд ихэнхи нь ашиглалтад орно.

2015 оны сезонд дахиад 50-60 мянган айлын орон сууц баригдана гэдэгт огт эргэлзэхгүй байна. Энэ бол барилгын салбар цаашдаа хэрхэн хөгжих боломжтойг харуулсан тоо. Харин үүнд төр засгийн бодлого гаргагчид нэг зүйлийг сайн бодох ётсой. Өнөөдрийн 37 мянган айлын орон сууцны бараг 70 орчим хувь нь 80 мкв буюу түүнээс доош байрууд байгаа нь  найман хувийн зээлтэй холбоотой. Нэг талаараа засгийн газар шийдвэр гаргаад зах зээлийг хянаж чаддагийнх нь нэг том илрэл ч гэлээ цаашдын ирээдүйгээ бодвол хумигдвал бодлого. Манай улс гуравхан сая хүн амтай. Бид олуулаа болох зорилготой байтал хүн амынх нь ихэнхи нь хоёр өрөө байранд амьдрахаар ямар хэрэг байх вэ. Өсөлтийг дагаад хүний хэрэгцээ нэмэгдэхээр дөрвөөс дээш өрөөтэй орон сууцууд хэрэгтэй болно. Үүнийг сайн бодох хэрэгтэй.

-Та нэг талаар орон сууцны зах зээл, барилгын салбарын хөгжилд хувь нэмрээ оруулж буй компаний захирал. Салбарын хөгжилд тулгамдаж буй асуудлыг хэрхэн хардаг вэ?

Баригдаж буй барилгын 12 хувь нь зуучлалын зах зээлээр борлогддог. Харин манай компани энэ зах зээлийн 30-40 хувийг нь эзэлж байна. Үл хөдлөх хөрөнгийн худалдааны салбартаа тэргүүлэгчийн статустай

Өнгөрсөн есдүгээр сард орон сууцны нийт борлуулалтын 40 гаруй хувийг тансаг зэрэглэлийн орон сууц эзэлсэн байна.

явдаг. Хүмүүсээ ч бас салбараа хөгжүүлж байна гэж үздэг. Бид Мастер пропертис үл хөдлөх хөрөнгө зуучлалын компани, Мастер девелопер барилгын компани, Монголиа моргейж фанд үл хөдлөх хөрөнгөөр төрөлжсөн санхүүгийн байгууллага гэсэн гурван чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Бидолон улсын стандартад нийцсэн худалдааны үйлчилгээг үзүүлэхийг зорьдог.

Зөвхөн монголдоо ажиллахгүйгээр гадны зах зээлд ажиллана. Миний бодлоор 2013 онд амьдарч буй хүмүүсийн хувьд зөвхөн монголын зах зээл дээр ажиллах нь хэтэрхий харамсалтай. Яагаад монголчууд гадаадад байшин барьж болохгүй гэж, заавал италичууд монголд ирээд байшин барих ёстой юм уу гэдгийг боддог.

Үл хөдлөх хөрөнгө зуучлал бол оюун ухаанаараа мөнгө олдог бизнес. Тулгамдаж буй асуудал байхгүй. Барилгын зах зээл дээр компаниуд төр засгаас болоод ажил нь урагшаа явахгүй байна гэсэн асуудал байхгүй. Харин ч дэлхийтэй харьцуулвал дөнгөж нээгдэж байгаа чөлөөт зах зээл энд байна. Хэцүү байна гэх нь утгагүй хэрэг.

Харин Герман зэрэг хэрэглэгчдийнхээ хэрэгцээг бүрэн хангачихсан барилгын салбарт асуудал байдаг байх. Юуг яаж харах нь өөрөөс шалтгаалдаг. Монгол дөнгөж цэцэглэж байгаа. Тиймээс зовлон ярихаас илүү боломжийг зөв таньж мэдээд ажиллах л хэрэгтэй. Өнөөдөр үл хөдлөх хөрөнгийн бизнес хөгжөөд зуун жил болчихсон. Бид нарт мэдээлэл, мэдлэг олоход хэцүү зүйл алга.

Амжилттай явж байгаа зөндөө олон компани байгаа. Төр засаг нэгдүгээрт сайн ажиллаж байна. Өмнө нь барилгын салбарт хэт бугшчихсан байсан сүлжээ алга болсонд их баяртай байгаа. Авгай нь зөвшөөрөл өгч, нөхөр нь хянадаг хүмүүс цөөрсөн байна.

 Байшин барихыг зөвшөөрчихөөд жил хүлээлгэж, мөнгө барьж очихоос өөр аргагүй байдалд оруулдаг үе өнгөрчээ. Интернэтээр зөвшөөрлөө аваарай гэсэн хариу ирж байгаа нь ямар сайхан  хэрэг вэ. Би хотын даргад баярлаж байгаа.  

-Та  МҮХАҮТ-ын үл хөдлөх хөрөнгийн худалдаачдын зөвлөлийн даргаар ажилладаг. Салбарын хувьд цаашид эрх зүйн орчныг бий болгох шаардлагатай гэж үздэг үү?

Монголын зах зээлд зохицуулалтгүй онгон байгаль шиг байгаа нь нэг талаар сайн хэрэг. Хориглосон болон зөвшөөрсөн зүйл байхгүй. Гэхдээ энэ нь өнөөгийн манай улсын нөхцөл байдалд тохиромжтой. Учир нь үл хөдлөх хөрөнгийн зах зээл дээр ажиллаж буй компани болон хүмүүс нь хараахан туршлагажиж, мэргэшээгүй учир байдал буруугаар эргэх магадлалтай. Герман зэрэг бизнесийн соёл өндөр хөгжсөн газар хуулиар зохицуулсан байдаг. Гэхдээ цаашид үл хөдлөх хөрөнгийн эрх зүйн орчныг бүрдүүлэх хэрэгтэй гэж боддог. Энэ нь салбартаа болон улс орондоо оруулах миний хувь нэмэр байх болно.

Би улс орныхоо хөгжилд бүрэн итгэлтэй байдаг.