Цагаан сараар амрах өдрийн тоог нэмэх үү
Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэв.
Цагаан сараар амрах өдрийн тоог нэгээр нэмж, нийт гурван өдөр болгохоор энэхүү хуулийн төсөлд тусгаад буй. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт, санал гаргалгүй санал хураалт явуулж, хуулийн төслийг чуулганы нэгдсэн хуралдаанд оруулж хэлэлцүүлэхээр шуудхан дэмжчихэв.
Хэдийгээр хэлэлцэх асуудлын жагсаалтад багтаагүй ч байнгын хорооны хуралдааны үеэр гишүүд нэлээд тогтож ярилцан, тодорхой шийдвэр гаргасан нэг асуудал нь ҮIII Богдын хөшөө барих тухай байв. Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдааны үеэр
УИХ-ын гишүүн Н.Батцэрэг “Монголчууд жил бүрийн арванхоёрдугаар сарын 29-нд Үндэсний эрх чөлөөний хувьсгалын өдрийг тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай болсон. 1911 оны Үндэсний эрх чөлөөний хувьсгалд манай сүүлчийн хаан ҮIII Богд Жавзандамба чухал үүрэгтэй оролцсон” гээд ҮIII Богдын хөшөө бүтээхэд дэмжиж ажиллах талаар санал гаргасан юм.
Үүнтэй холбогдуулан УИХ-ын гишүүн М.Энхболд Үндэсний эрх чөлөөний хувьсгалын 100 жилийг ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлыг зохион байгуулах үндэсний хорооны даргаар ажиллаж байсан хүний хувьд эл хөшөөг Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт хуучин танктай хөшөөний суурин дээр босгох талаар тухайн үеийн нийслэлийн удирдлагуудад албан бичгээр хүсэлт тавьж байсан тухайгаа хэлэв.
ҮIII Богдын хөшөөг босгоход бүх талын дэмжлэг үзүүлэх талаар байнгын хорооны тогтоол гаргалаа.
Харин УИХ-ын гишүүн Су.Батболд хөшөөг Богд хааны ордон музейн хажууд босгох боломжтой гэсэн бол УИХ-ын гишүүн Ж.Батзандан хэний ч танихгүй орос хүний хөшөө босгох гэж зүтгэж байснаас үндэсний баатруудынхаа хөшөө дурсгалыг босгох нь зүйтэй, энэ талаар УИХ санаачилга гаргах ёстой гэж байлаа.
Ингээд байнгын хорооны гишүүдийн саналаар ҮIII Богдын хөшөөг босгоход бүх талын дэмжлэг үзүүлэх талаар байнгын хорооны тогтоол гаргаж, Соёл, спорт, аялал жуулчлалын яам болон нийслэлийн удирдлагад чиглэл өгөхөөр тогтсон юм.
Мөн энэ өдөр Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар Үндэсний их баяр наадмын тухай хуулийн төслийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэх байсан ч хойшлууллаа. Уг хуулийн төслийг санаачлан өргөн барьсан гишүүдийн нэг болох УИХ-ын гишүүн Г.Батхүү хэлэлцүүлгийг түр хойшлуулах санал гаргасныг УИХ-ын гишүүн М.Энхболд дэмжсэн юм.
Хуулийн төслийг УИХ-ын гишүүн Г.Батхүү, Б.Бат-Эрдэнэ, Х.Болорчулуун, Ц.Даваасүрэн, Б.Наранхүү, М.Энхболд, Б.Болор нар санаачлан өнгөрөгч зургадугаар сард УИХ-д өргөн барьсан юм.
Энэхүү хуулийн төслийг УИХ-ын гишүүн Г.Батхүү, Б.Бат-Эрдэнэ, Х.Болорчулуун, Ц.Даваасүрэн, Б.Наранхүү, М.Энхболд, Б.Болор нар санаачлан өнгөрөгч зургадугаар сард УИХ-д өргөн барьсан юм.
Үндэсний их баяр наадмын тухай хууль 2003 онд батлагдаж 2004, 2007 онд өөрчлөлт орсон боловч дахин зайлшгүй шинэчлэн найруулах шаардлагатай гэж үзсэний үндсэн дээр нэр бүхий гишүүд ийнхүү шинэчилсэн найруулгын төсөл санаачилсан нь энэ аж.
Хуулийн төсөлд монгол угсаатныг нэгтгэсэн Монгол үндэстний их баяр наадмыг гурван жилд нэг удаа Үндэсний их баяр наадамтай хамтатган зохион байгуулахаар тусгажээ.
Мөн эрийн гурван наадмыг хариуцсан холбоод нь зохион байгуулахаас гадна бөх, уяач, харваачдын цол, цол олгох шалгуурыг эрэмбэлж, унаач хүүхдийн эрхийг хуулиар хамгаалж зохицуулах зэрэг асуудлыг тусгасан байна.