Ц.Дашдорж: Төрийн далбаанд хүндэтгэл үзүүлэх өдөртэй болно
УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай төслийг хэлэлцэж, чуулганы анхны хэлэлцүүлгээр батлахыг дэмжлээ. Төсөл батлагдсанаар монголчууд төрийн далбаандаа хүндэтгэл үзүүлэх өдөртэй болох юм. УИХ-ын гишүүн Ц.Дашдорж, Ж.Сүхбаатар, Н.Батбаяр, Д.Дамба-Очир, С.Бямбацогт нар төсөл санаачилжээ. Ц.Дашдоржоос зарим зүйл тодрууллаа.
-Монголчуудын тэмдэглэлт өдөр нэгээр нэмэгдэх юм байна. Ийм шаардлага байгаа гэж үү?
-Гадаадад амьдардаг монголчууд, эх орноо төлөөлж төрөл бүрийн уралдаан, тэмцээнд оролцож явдаг урлаг, спортынхон зэрэг олон хүн эх орноо сурталчлахын тулд Төрийн далбаагаа дээдлэн хэрэглэдэг. Мөн өнөө болон хойч үеийнхнээ төрийн бэлгэ тэмдэгт хүндэтгэлтэй хандаж сургах, төрт ёс, түүхэн уламжлалаа нан¬дигнан өвлөх, үндэсний эв нэгдлийг хүндэтгэх үүднээс Төрийн далбааны өдөртэй болъё гэж бидний нэр бүхий гишүүд төсөл санаачилсан юм. Төрийн далбаагаа хүндэтгэн залах ёслол дэлхийн олон оронд байдаг.
-Тухайлбал ямар улс ийм баяр тэмдэглэдэг вэ?
-Бид судалж үзсэн, төрийн дал¬баагаа хүндэтгэн залж, ний¬тээрээ тэмдэглэдэг баяр байдаг юм билээ. Аргентин, Австрали, Канад, Итали, Польш, ОХУ, АНУ үндэсний далбааны өдрөө уламжлал болгон бүх нийтээрээ тэмдэглэдэг юм байна.
-Төрийн далбаандаа хүндэтгэл үзүүлэх уламжлал манай улсад ч байсан гэх юм билээ…
-1911 онд Богд хаант төр улсаа байгуулснаас эхлэн хав¬рын тэргүүн сарын шинийн нэгнээс найман хүртэл төрийн туг хиураа хийсгэдэг байсан түүх бий.
Төрийн далбааны одоогийн эх загварыг 1945 оны долдугаар сарын10-нд Улсын Бага Хурлаар баталсан түүхэн баримт байдаг.
-Хуулийн төслийг чуулганы анхны хэлэлцүүлгээр дэмжихийг Байнгын хорооны гишүүд дэмжлээ. Батлагдчих болов уу. Тэглээ гэхэд баяраа хэзээ тэмдэглэх вэ?
-Өдрийг сонгохдоо түүхэн он цагтай уялдуулах хэрэгтэй гэж үзсэн. Жил бүрийн улсын баяр наадмын босгон дээр буюу долдугаар сарын 10-ныг Төрийн далбааны өдөр болгож улс орон даяар, бүх нийтээрээ тэмдэглэж байх санал дэмжигдлээ.