Монгол Улсын Ерөнхийлөгч МХБНУ-ын Ерөнхийлөгч Тейн Сейнтэй албан ёсны хэлэлцээ хийв.
2013.11.20

Монгол Улс Мьянмарт уул уурхайн чиглэлээр зөвлөгөө өгнө

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн Мьянмарын Холбооны Бүгд Найрамдах Улсад хийж буй төрийн айлчлал энэ сарын 18-нд эхэллээ. Монгол Улсын Ерөнхийлөгч МХБНУ-ын Ерөнхийлөгч Тейн Сейнтэй албан ёсны хэлэлцээ хийв.

Хэлэлцээний эхэнд Ц.Элбэгдорж “Манай хоёр орон байгалийн арвин баялаг нөөцтэйн хувьд төстэй. Иймээс уул уурхайн салбарын харилцааг өргөжүүлэн, байгалийн баялгаа хэрхэн зөв ашиглах тал дээр хуримтлуулсан туршлагаасаа хуваалцахад бид бэлэн байна. Бидэнд боловсрол, шинжлэх ухааны салбарт хамтран ажиллаж, хоёр орны хооронд оюутан солилцоог эрчимжүүлэх боломж нээлттэй байна" хэмээв.

Тэгвэл Тейн Сейн хэлэхдээ “Хоёр орны хооронд шууд нислэгтэй болгох арга замыг судалж, боломж бололцоог бүрдүүлэх тал дээр анхаарах нь зүйтэй. Ингэснээр иргэд хоорондын харилцаа саадгүй хөгжих таатай орчин бүрдэх учиртай. Боловсролын салбарын харилцааг эрчимжүүлж, оюутан солилцоог нэмэгдүүлэх таны санал санаачилгыг бид бүрэн дэмжиж байна.

Бид боловсон хүчнээ Монголд сургаж, Монголын мэргэжилтнүүдийг өөрийн улс орондоо урин ирүүлэх сонирхолтой байна. Орчин үеийн дэвшилтэт техник технологийг дотооддоо нэвтрүүлэх тал дээр бид хүндрэл бэрхшээлтэй тулгардаг. Манай уул уурхайн салбар гэхэд БНХАУ-ын техник технологиор хязгаарлагддаг тул бид илүү их зүйлийг эрэлхийлэхийг хичээж байна.

Хоёр орны хооронд шууд нислэгтэй болгох арга замыг судалж, боломж бололцоог бүрдүүлэх тал дээр анхаарах нь зүйтэй.

ОХУ-тай хил залгаа оршиж, техник технологийг нь он удаан жилийн турш ашигласны хувьд Монгол Улс энэ тал дээр бидэнд зөвлөгөө өгөх, тусалж дэмжих боломжтой. Манай хоёр орон уул уурхайн салбарын хувьд адил төстэй зүйл их. Манай уул уурхайн салбарт БНХАУ-ын компаниуд зонхилж, нөлөөллөө тогтоосон.

Харин Монголын уул уурхайн салбарын хувьд БНХАУ-аас гадна АНУ, Канад, Австрали болон Европын орнуудаас хөрөнгө оруулалт авч, хамтран ажилласан туршлага бий. Энэ тал дээр туршлагаасаа хуваалцаж, уул уурхайн баялгаа хэрхэн зөв зүйтэй ашиглах тал дээр үнэтэй зөвлөгөө өгч ажиллана гэж найдаж байна" гэв.

Түүний дараа хоёр орны Ерөнхийлөгч Монгол-Мьянмарын харилцаа, хамтын ажиллагааны баримт бичигт гарын үсэг зурах ёслолд оролцлоо. Дипломат болон албан паспорттой иргэд харилцан визгүй зорчих хэлэлцээрт Монгол УИХ-ын гишүүн, Гадаад харилцааны сайд Л.Болд, МХБНУ-ын Гадаад хэргийн сайд Уунна Маунг Луин нар гарын үсэг зурав. Монгол Улсын Ерөнхийлөгчид зориулсан хүндэтгэлийн урлагийн тоглолт болж Монгол Улсын Төрийн тэргүүн уг тоглолтыг үзэж сонирхов.