Зүүн хойд Азийн эмэгтэй парламентчид чуулж байна
Азийн эмэгтэй парламентчид чуулж байна
2013.11.25

Зүүн хойд Азийн эмэгтэй парламентчид чуулж байна

“Боловсролоор дамжуулан энх тайван, хөгжлийг урагшлуулахад эмэгтэй парламентчдын гүйцэтгэх үүрэг” сэдвийн дор зохион байгуулагдаж буй Зүүн хойд Азийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалт Төрийн ордонд эхэллээ.

Чуулга уулзалтыг УИХ-ын дарга З.Энхболд нээхдээ, өнгөрсөн 2012 онд болсон парламентын ээлжит сонгуулиар 11 эмэгтэй Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдсон нь манай улсын сүүлийн 20 гаруй жилийн түүхэнд гарсан хамгийн өндөр үзүүлэлт болсон.

УИХ-д эмэгтэйчүүдийн дуу хоолой, санал санаачилга томоохон үүрэг гүйцэтгэж байна хэмээн онцолсон. Мөн тэрбээр, манай оронд төдийгүй бүс нутгийн хэмжээнд эмэгтэйчүүд улс орныхоо амьдралд улам их үүрэг гүйцэтгэж, шийдвэр гаргах түвшинд олноороо ажиллах болсон нь нийгмийн дэвшлийн илрэл гэж үзэж байна.

Цаашид манай орны хүн амын талаас илүү хувийг эзэлдэг эмэгтэйчүүдийн улс төр дэх оролцоог улам нэмэгдүүлэх томоохон орон зай, боломж байгаа гээд УИХ-ын эмэгтэй гишүүдийн санаачилгаар Зүүн хойд Азийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалт зохион байгуулагдаж, бүс нутгийн улс орнуудын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэхэд ард түмний төлөөлөл-парламент хоорондын сайн харилцаа, түүний дотор эмэгтэй гишүүдийн үүрэг, оролцоо чухал гэдгийг онцлон тэмдэглэхийг хүсч байна гэлээ.

Түүний дараа УИХ-ын гишүүн, Гадаад харилцааны сайд Л.Болд, УИХ-ын гишүүн М.Батчимэг нар үг хэлсэн.

УИХ-ын гишүүн М.Батчимэг, Эмэгтэйчүүд бидний хувьд үндэс угсаа, шашин шүтлэг, итгэл үнэмшлийн гээд бүхий л төрлийн ялгаанаас үл хамааран гэр бүл, үр хүүхдийн маань сайн сайхан, улс орны амгалан тайван амьдрал хамгаас чухал байдаг билээ. Тийм ч учир хаана улс төр, шийдвэр гаргах түвшин дэх эхчүүд, эмэгтэйчүүдийн оролцоо өндөр байна, тэнд амьдралын чанар сайжирч, ахиц дэвшил гардаг гэдгийг цаг үе харуулж байна хэмээн онцолсон.

Зүүн хойд Азийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалт болж байгаатай холбогдуулан Япон Улсын Парламентын Төлөөлөгчдийн танхимын гишүүн хатагтай Обүчи Юүко мэндчилгээ ирүүлснийг зочдод уншиж танилцуулсны дараа төлөөлөгчдийн тэргүүн нар үг хэллээ.

Нэгдүгээр хуралдааны үеэр төлөөлөгчид Ардчилалын боловсролын асуудлаар НҮБ болон ЮНЕСКО-гоос гаргасан тогтоолууд, Энх тайван ба хөгжил дэвшлийг урагшлуулахад дэлхийн иргэнийг төлөвшүүлэх ЮНЕСКО-гийн зорилтын гүйцэтгэх үүргийн талаар хэлэлцэж байна.