Л.Болд “Хүндэт доктор” боллоо
УИХ-ын гишүүн, Батлан хамгаалахын сайд асан Л.Болдод ерэн жилийн түүхтэй Батлан хамгаалахын их сургуулийн хүндэт доктор цолоо олголоо. Энэ нь Л.Болдын Батлан хамгаалах салбарт өнгөрсөн хугацаанд хийсэн хууль эрхзүйн шинэчлэл, хөрөнгө оруулалт, оюуны болон бусад дэмжлэг, үйл ажиллагааг нь үнэлэн өгч буй цол юм байна. Л.Болд Батлан хамгаалахын сайдаар томилогдон ажиллах хугацаандаа БХИС-ийн сургалтыг инженерийн чиглэлээр хөгжүүлэх, бүтэц зохион байгуулалтыг боловсронгуй болгох, аюулгүй байдал, батлан хамгаалах судлалын төв, Монголдоо төдийгүй бүс нутагтаа тэргүүлэх их сургууль болгох, сургалтын материаллаг баазыг бэхжүүлэх чиглэлээр тодорхой зорилт дэвшүүлэн тавьж, түүнийхээ хэрэгжилтэд байнга анхаарч гүн туслалцаа үзүүлж ирснийг тус сургуулийн удирдлагууд юуны өмнө онцгойлж байгаагаа хэллээ.
Тэрчлэн БХИС-ийг 2010-2020 онд хөгжүүлэх мастер төлөвлөгөөг сайдын зөвлөлөөр хэлэлцүүлэн баталж тус сургуулийн ирээдүйн 10 жилийн хөгжлийн алсын харааг тодорхойлж өгснөөрөө түүхэн гавьяатай сайд нарын нэг юм гэж үзэж буйгаа мэдэгдсэн юм. Өнөөдрийн байдлаар мастер төлөвлөгөөний зорилтууд амжилттай хэрэгжиж БХИС-ийн бүтцэд Цэргийн инженерийн сургууль, Тэмүүжин-Өрлөг ерөнхий боловсролын сургууль байгуулагдаж, амжилттай хичээллэж байна. Түүнчлэн Тэмүүжин-Өрлөг сургуулийн барилгын өртөг 1.4 тэрбум, спорт цогцолборын байгууламжийн хоёр тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг улсын төсвөөр дамжуулан шийдсэн нь үнэтэй хувь нэмэр болсон аж.
Мөн Л.Болд Монголын хөнгөн атлетикийн холбооны ерөнхийлөгчийн хувьд БХИС-д олон улсын стандартад нийцсэн хөл бөмбөгийн талбай, хөнгөн атлетикийн цогцолбор байгуулсан нь Баянзүрх дүүрэгт төдийгүй Улаанбаатар, Монгол Улсад байхгүй байгууламж болсонд тус сургуулийнхан талархал илэрхийллээ. Түүнчлэн Цэргийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийг санаачлан УИХ-аар батлуулсан албан хаагчдын амьдралд өгөөжтэй хууль болсон зэргийг онцоллоо. Л.Болд хамтарсан Засгийн газрын хугацаанд цэргийн албан хаагчдын амралт сувиллын сүлжээг орон даяар байгуулж, Энхийг сахиулагчдын нөхөн сэргээх төв цогцолборыг байгуулсан байна. Мөн цэргийн албан хаагчдад зориулсан 300 айлын орон сууц нийслэлд баригдаж эхэлжээ.
Батлан хамгаалахын их сургуулийн хувьд Хүндэт доктор цол нь хамгийн өндөр дээд цол бөгөөд үүнийг гардуулах ажиллагааг хүндэтгэлийн арга хэмжээний зэрэгт зохион байгуулдаг аж. Ийнхүү БХИС 90 жилийн түүхэндээ 14 дэх “Хүндэт доктор”-ыг тодрууллаа.