Намын жагсаалтыг нэмэгдүүлэхээр намын бүлгүүд байр сууриа илэрхийллээ
Батлагдаад жил ч болоогүй сонгуулийн хуульд засвар хийхээр болжээ. Хоёр системийн дагуу их хурлын гишүүд сонгогдох хэмжээг өөрчлөх тухай яригдаж эхэллээ.
Намын жагсаалтыг нэмэгдүүлэхээр намын бүлгүүд байр сууриа илэрхийлээд байна. Өнгөрсөн их хурал, орон нутгийн сонгуулиар намын жагсаалтаар 28 гишүүн, тойргийн мандатаар 48 гишүүн сонгогдсон харин энэ хэмжээг өөрчлөхөөр зарим намын бүлэг санал нэгджээ. Тухайлбал ардчилсан нам тойргоос сонгогдох гишүүдийг багасгаж, намын жагсаалтаас сонгогдох гишүүдийн хувийг нэмэгдүүлэн адил тэнцүү болгох саналтай байна.
Өөрөөр хэлбэл тойрог болон намын жагсаалтаас 38 гэсэн харьцаатай сонгогддог байх зөвлөмжийг ажлын хэсэгт өгсөн байна. Үүнд сөрөг хүчний зүгээс үндсэн хуультай адил тогтвортой нэг чиг шугамд хөдөлгөөнгүй байх учиртай хуульд өөрчлөлт оруулахгүй гэж үзэж байна. Тэр тусмаа намын жагсаалтын хувийг нэмэгдүүлэх нь олон сөрөг үр дагавартай хэмээн зарим гишүүд илэрхийллээ.
УИХ-ын гишүүн Г.Батхүү “Зөвхөн тойргийн хөрөнгө оруулалт төдий, тойргийн асуудлыг харахаас илүүтэй улс орны ирээдүйг харсан том бодлогуудыг дэмжих дэмжлэг нь жагсаалтаар орж ирсэн гишүүдийн тоо олон байх тусмаа илүү давуу талтай гэсэн дэлхий нийтийн хандлага байгаа. Тэгэхгүй 76 гишүүн бүгд тойрогтой байх юм бол аймаг орон нутгийн шинж чанартай асуудлуудыг УИХ-аар ярих нь их болчихдог” хэмээн хэллээ.
Шинэ төгөлдөр хуулийг бий болгохоор найруулга хийж байгаа ажлын хэсгийн ахлагч сонгуулийн нэгдсэн ач холбогдлыг тайлбарлахдаа. УИХ-ын гишүүн Р.Бурмаа “Энэ шинэ нэгдсэн хуулиар бүх сонгууль дээр хяналтын тооллого баталгаажна. Зарим намын төлөөлөл 50 хувь байя, зарим нь 100 хувь намын нэрээр эсвэл 100 хувь хуучин тойргийн хэлбэрээр байя гэх мэт санал гарсан” хэмээн хэллээ.
Намын жагсаалтаас сонгогдоод олон жил их хуралд суудаг жишиг тогтож мэднэ. Тиймээс жагсаалтаас сонгогддог давтамжийг хуульд тусгах тухай лавласан. Ийм зүйл заалт ороогүй чуулганы хэлэлцүүлгийн явцад тусаж болох юм гэдэг хариултыг өглөө.