“Б.Чойжилсүрэн, Ч.Хүрэлбаатар нарт асуудлыг улстөржүүлэхээс өөр сонголт үлдсэнгүй”
Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Оюундарь
2013.10.10

“Б.Чойжилсүрэн, Ч.Хүрэлбаатар нарт асуудлыг улстөржүүлэхээс өөр сонголт үлдсэнгүй”

Увсаас сонгогдсон Ардын намын гишүүн Ч.Хүрэлбаатар, Б.Чойжилсүрэн нарын түр үнэмлэхийг хүчингүй болгох асуудлыг Сонгуулийн ерөнхий хороо хэлэлцэхээр байгаа. Үүнтэй холбогдуулан Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Оюундарьтай ярилцлаа.

 -Увсаас сонгогдсон Ардын намын хоёр гишүүний түр үнэмлэхийг хүчингүй болгох боломжтой гэх асуудлыг танай намын зүгээс тавиад байгаа. Ямар үндэслэлээр гэдгээ тайлбарлахгүй юу?

-Ардчилсан намын боломж гэж яриад байгаа нь 2011 оны арванхоёрдугаар сарын 15-нд баталсан Сонгуулийн тухай хуулийн 35 дугаар зүйлд бий. Уг зүйл бол тэр чигээрээ Сонгуулийн тухай хуулийг нам, эвсэл, нэр дэвшигч болон нам, эвслийн сонгууль эрхэлсэн байгууллага, түүний ажилтан, нэр дэвшигчийн шадар туслах, ухуулагчаас сонгуулийн сурталчилгааны явцад дараах үйлдэл, үйл ажиллагаа явуулахыг хориглоно гэж байгаа юм. Мөн сонгогчдын саналыг татах зорилгоор өөрөө болон бусдаар дамжуулан, шашин, төрийн, төрийн бус байгууллага, сангийн нэрээр халхавчлан цалин хөлс, тэтгэлэг олгохыг хориглоно.

Сонгуулийн тухай хуулийн 35 дугаар зүйлд заасныг зөрчиж, сонгогчдод мөнгө, эд зүйл тараасан тухайн нэр дэвшигч УИХ-ын гишүүнээр сонгогдсонд тооцогдож, гишүүний түр үнэмлэх авснаас хойш тогтоогдвол тухайн УИХ-ын гишүүнээр тооцогдсон этгээдийн УИХ-ын гишүүний түр үнэмлэхийг Сонгуулийн ерөнхий хороо хүчингүй болгоно гэж бий. Бидний хувьд үүнийг л баримталж байна. Тэгэхээр УИХ-ын гишүүн болсноос нь хойш тогтоогдсон бол Сонгуулийн ерөнхий хороо хариуцаж, хэлэлцэнэ гэсэн үг юм. Сонгуулийн тухай хууль зөрчсөн нь гурван шатны шүүхээр тогтоогдож, эцсийн шийдвэр өнгөрсөн сарын сүүлчээр цаасаар бидэнд ирсэн. Цаасан дээрх тогтоолоор бол Эрүүгийн хуулиар буруутай гэсэн шийдвэр нь гарчихсан учраас эрх бүхий байгууллага нь хуульд заасан эрх хэмжээнийхээ дагуу шийдвэрээ гаргах бүрэн боломжтой. Ингэхэд нь Захиргааны хэргийн шийдвэр саад болохгүй гээд заачихсан.

-Энэ нь чухам ямар учиртай юм бэ?

Засгийн газар

-Улсын дээд шүүхийн хяналтын шатны Захиргааны хэргийн шүүх шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хянуулах, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтийг хангахаас татгалзах. Үүнийг энгийн үгээр хэлбэл Захиргааны хэргийн шүүх энэ асуудлыг авч үзэх шаардлагагүй гэж үзэж буй юм.

Миний хэлж байгаагаар эрх бүхий этгээд гэдэг нь СЕХ. Эрх зүйн системд Эрүүгийн хэргийн шүүх дээр шийдвэр гаргахад Захиргааны хэргийн шүүх оролцохгүй. Гол учир нь ийм байгаа юм. Мөн иргэдийн зүгээс “100 мянган төгрөг өгчихлөө, энэ асуудлыг шийдээч” гэж манай намд тавьж байсан. Үүний дагуу манай нам СЕХ-нд гомдол гаргасан.

Гомдлын хариуг 2012 оны долоодугаар сард СЕХ-ны дарга Н.Лувсанжав байхдаа хууль зөрчсөн асуудлыг холбогдох байгууллага үндэслэлтэй болохыг тогтоосон, гэм буруутай нь шүүхээр тогтоогдвол хуулийн 35 дугаар зүйлийн 35.34-д заасны дагуу УИХ-ын гишүүнээр сонгогдсонд тооцсон этгээдийн УИХ-ын гишүүний түр үнэмлэхийг хүчингүй болгох учиртай гэсэн хариуг өгсөн юм. Энэ хариуны дагуу бид уг асуудал шүүхээр нотлогдохыг хүлээгээд яваад байсан. Нөгөөтэйгүүр долоон хүн эрүүгийн ял авч, мянга гаруй хүн мөнгөө авах эрх нь нээгдчихсэн байдалтай байгаа. Ийм нөхцөл байдалд СЕХ шийдвэрээ гаргах юм. 

-СЕХ хэзээ шийдвэрээ гаргах товтой байгаа вэ. Энэ талаар танд мэдээлэл байна уу?

-СЕХ өргөдөл, гомдлыг авч, шийдвэрлэх хугацаатай. Аливаа асуудлыг сарын дотор, шалгах шаардлагатай бол 60 хоногийн дотор шийднэ гэсэн ерөнхий зарчимтай. Энэ зарчмынхаа хүрээнд л шийдвэрлэх болов уу. Хэрэв эцсийн хугацаа болох 60 хоногоос хэтэрвэл бид дахин гомдол гаргаж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газарт хандана. 

-СЕХ-ны удирдлага Ардчилсан намын талынх. Тэгэхээр энэ шийдвэр улс төрийн нөлөөгөөр гарна гэж Ардын намын зарим гишүүн хэлээд байгаа шүү дээ?

-Ингэж ярьж буй учраас би СЕХ-ны даргаар ажиллаж байсан Н.Лувсанжавын бичгийг уншаад байгаа юм. Энэ асуудалд намчирхах ямар ч үндэслэлгүй. Угшилаар нь Ч.Содномцэрэнг Ардчилсан намынх гэж байгаа бол Н.Лувсанжав Ардын намын гишүүн шүү дээ. Гэхдээ аль аль нь намаасаа татгалзаад төрийн албан хаагч юм.

СЕХ-ны дарга асан Н.Лувсанжавын гаргасан тогтоолын дагуу бид үндэслэл болгон тавьж байна. Ийм илэрхий хэрэг дээр улстөржүүлээд байх юм. Магадгүй Б.Чойжилсүрэн, Ч.Хүрэлбаатар нар энэ асуудлыг улстөржүүлэхээс өөр арга үлдээгүй болохоор ийм яриа гаргаад байгаа болов уу. Ардын намын гишүүнтэй уулзахад намын бүлэг дээрээ тэр хоёр гишүүн буруугүй гэдгээ ярьсан байна билээ. Зарим хүн ял авчихаад байхад яагаад буруугүй байгаа юм бол гэж гайхсанаа ч нуугаагүй. Үүнээс харахад Ардын намын бүлгийн гишүүддээ ч худал мэдээлэл өгдөг юм байна гэж бодсон.

-УИХ дахь Ардчилсан намын бүлэг ямар байр суурьтай байгаа вэ. Ардын намын бүлгийн дарга Н.Энхболд хоёр гишүүнийг татах нь ямар ч хууль зүйн үндэслэлгүй гэх тайлбарыг өгсөн л дөө?
Угшилаар нь Ч.Содномцэрэнг Ардчилсан намынх гэж байгаа бол Н.Лувсанжав Ардын намын гишүүн шүү дээ.

-Ардын намын бүлгийн гишүүд энэ асуудлаар маш бага ойлголттой юм байна гэж харсан. Энэ дутуу ойлголтод үндэслээд байх шиг. Н.Энхболд дарга албан ёсоор тайлбар хийхэд ямар ч хууль зүйн үндэслэл, тайлбар тавиагүй.

СЕХ-нд асуудлыг тавьж буй нь улстөржилт гэхээс өөрийг хэлээгүй шүү дээ. Манай намын бүлэг дээр Д.Нямхүү, Т.Мэндсайхан хоёр энэ асуудлыг тавиад, яриад байгаа нь өөрсдөө гишүүн болох гээд яараад байгаа юм шиг харагдаж байна. Үнэн хэрэгтээ Т.Мэндсайханы өмгөөлөгчийн фирм өмгөөлөл хийж оролцсон болохоос биш иргэдийн нэхэмжлэхтэй байсан юм. Захиргааны хэргийн шүүх бол Ардчилсан намын нэхэмжлэхтэй явсан. Иймээс намын зүгээс дуугарах ёстой гэдгийг хэлсэн.

-Энэ асуудалтай холбогдуулан Өвөрхангайн хоёр гишүүнээр “барьцаалах уу” гэсэн асуудлыг яриад байгаа. Өөрөөр хэлбэл тохиролцох хувилбарыг сонгох нь гэж буйд та ямар тайлбар хийх вэ?

-Засгийн газар хамтарч байгуулж байгаа тохиолдолд, аль яамаа хэн нь хариуцах уу гэдэг дээр тохиролцоо хийж болно. Энэ бол эрүүл үзэгдэл. Хууль эрх зүйн асуудалд тохиролцоо хийх нь байж болохгүй. Өвөрхангайн асуудал маш тодорхой.

Өвөрхангайн тойрогт Ардын намаас нэр дэвшсэн хоёр хүн насанд хүрээгүй хүүхдийг сонгуулийн сурталчилгаанд ашигласан, үүнийг нь тогтоогоод тойргийн хорооны гишүүн нь гарын үсэг зурчихсан. Тойргийн хорооны дарга нь Ардын намын гишүүн байсан. Тиймээс улстөржсөн гэж харах үндэслэлгүй. Одоогийн үүсээд байгаа асуудлаас огт өөр. 

-УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн Ардчилсан намаас нэр дэвшсэн Д.Нямхүү, Т.Мэндсайхан нарын мөнгө тараасан баримтыг дэлгэж болно гэж хэлсэн байна билээ?

-Нэгэнт хууль шүүхээр явсан хэргийн эцсийн үр дүнг хэрхэн шийдвэрлэх вэ гэдгийг ярьж байгаа. Түүнээс биш тэгж яривал ингэнэ гэдэг ойлголтыг огт яриагүй шүү дээ. Ирээдүйд юу болохыг ч яриагүй. Харин яг одоо болоод байгаа үйл явцыг л баримтаар гаргаж ирээд байна.