“Барилгын зөвшөөрөл 2014 онд” хэлэлцүүлэг
2013.12.03

Барилгын зөвшөөрөл авах шалгуур үзүүлэлтээр манай улс 25 байраар урагшилжээ

Нийслэлийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт туссаны дагуу барилгын зөвшөөрөл олгох ажлыг хөнгөвчлөх, нэг цэгийн үйлчилгээнд шилжүүлэх ажлыг нийслэлээс өнгөрсөн оны 12 сараас хэрэгжүүлж эхэлсэн юм.

Энэхүү ажлыг дүгнэж, ирэх онд  хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөгөө батлах зорилгоор “Барилгын зөвшөөрөл 2014 онд” хэлэлцүүлгийг нийслэлийн Засаг даргын тамгын газар, АНУ-ын Олон Улсын хөгжлийн Агентлагын “Бизнесийг дэмжих санаачилга төсөл”-тэй хамтран зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт нийслэлийн удирдлагууд, олон улсын болон холбогдох мэргэжлийн байгууллагууд, хувийн хэвшлийн төлөөлөл оролцсон юм. 

Урьд нь барилгын зөвшөөрлийг олгохдоо 180 гарын үсэг цуглуулан 2-3 сарын хугацаанд шийдвэрлэдэг байсан бол нийслэлийн Иргэд хүлээн авах төвөөр дамжуулан барилга хүссэн өргөдөл, хүсэлтийг хүлээн авдаг болсноор барилга угсралтын ажил эхлүүлэх зөвшөөрлийг 18 гарын үсэг цуглуулан 21-30 хоногт багтаан шийдвэрлэдэг болсон байна.

энэ оны 11 сарын байдлаар энэ төрлийн зөвшөөрлийг 736 олгосон байна.

Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга Ё.Гэрэлчулуун, “2012 онд барилга угсралын ажил эхлүүлэх  430 зөвшөөрөл олгож байсан бол энэ оны 11 сарын байдлаар энэ төрлийн зөвшөөрлийг 736 олгосон байна. Барилгын зөвшөөрөлтэй холбоотой үйлчилгээг нэг цэгт төвлөрүүлсэн нь иргэдийн явдал чиргэдлийг багасгаж, төрийн хүнд суртлыг халсан шинэ алхам болсон” гэж онцолсон юм.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-үүл “Бид барилгын зөвшөөрөлтэй холбоотой асуудлаа нэг цонхны үйлчилгээгээр шийдвэрлэдэг, мэдээллээ ил тод болгосноор авлига хүнд суртлыг багасгаж, төрийн үйлчилгээнд тодорхой хэмжээнд ахиц гарсан. Гэхдээ барилгын компаниуд ямар ч албан ёсны зөвшөөрөлгүйгээр барилгын ажил эхлүүлэх, нийтийн эзэмшлийн зам талбайд, орон сууцны суурийг хөндөж барилга барих ноцтой зөрчлүүд гаргасаар байна.

Зөвшөөрөл авах ажлыг хөнгөвчилөн түргэн шуурхай болгосоор байхад энэ мэт ёс зүйгүй байдал гаргаж байгаа этгээдүүдтэй хатуу ярихаас өөр аргагүй. Бид иргэдээ хүндэтгэдэг, иргэдийн эд хөрөнгийг үнэ цэнэтэй байлгахын тулд барилга барих зөвшөөрлийг олгохдоо тухайн хэсэгт оршин суух иргэдээс заавал зөвшөөрөл авдаг байхаар шинэ журам боловсруулж байна.

Энэ нь иргэдийн үндсэн хуулиар баталгаажсан эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг баталгаажуулж, өмчийг нь хамгаалах нэгэн томоохон шийдвэр болох юм. Өнөөдөр та бидний уулзаж байгаа нь барилыг зөвшөөрөлтэй холбоотой эрх зүйн орчин, шинээр боловсруулах дүрэм журамд та бүхний санал бодлыг нэтгэх зорилготой юм.

манай улс дэлхийн 189 орноос 107 дугаар байр буюу өнгөрсөн оныхоос 25 байраар урагшилжээ.

Цаашид бид онлайнаар барилга, газартай холбоотой асуудлыг шийдвэрлэдэг тогтолцоо нэвтрүүлэхээр төлөвлөгөө боловсруулан ажиллаж байна” гэлээ.  Дэлхийн Банкнаас гаргадаг “Бизнес эрхлэхүй 2014” судалгааны “Барилгын зөвшөөрөл авах” шалгуур үзүүлэлтээр манай улс дэлхийн 189 орноос 107 дугаар байр буюу өнгөрсөн оныхоос 25 байраар урагшилжээ.

Өнөөдөр дэлхийн 189 орноос дөнгөж 36 гаруй улс барилгын зөвшөөрлийн нэг цэгийн үйлчилгээг ямар нэг хэлбэрээр ажиллуулдаг юм байна. Хэлэлцүүлэгт оролцогчид хэдийгээр нэг цэгийн үйлчилгээг эхлүүлэн төрийн үйлчилгээнд ахиц гарч байгаа ч хүсэлт гаргагчид 20 орчим байгууллагуудад биеэр очих шаардлага байсаар байна. Тиймээс цаашид барилгын техникийн нөхцөлийн зөвшөөрөл олгодог байгууллага хоорондын хамтын ажиллагааг сайжруулах зайлшгүй шаардлага байгааг хэлж байсан юм.