Монгол Улсын Их Хурлын Гишүүн С.Ганбаатар
2013.08.15

С.Ганбаатар: Монголчууд бид бие биенийхээ төлөө сэтгэл гаргаж, зүтгэх нь улсаа аврах үндэс болох учиртай

УИХ-ын гишүүн С.Ганбаатарыг иргэдийнхээ төлөө тэмцэж, тэмцэл нь тууштай бас үнэн байдаг гэж ард иргэд үздэг. Энэ ч утгаараа бид УИХ-ын гишүүн С.Ганбаатарын өнгөрсөн болон одоо, ирээдүйд хийх зүйлсийн талаар ярилцлаа.

- Танд энэ өдрийн мэнд хүргэе. Та УИХ-д Дарханчуудыг төлөөлөн сууж байна. Чухам яагаад Дархан хотыг сонгосон бэ? Уг нь та чинь Баянхонгор аймгийнх гэсэн байх аа?

- Социализмын үед Дархан хотод îросууд их байдаг байсныг та санаж байгаа байх. Тэд Дарханд үйлдвэрлэл барина гэж тооцоолоод маш их судалгаа хийсэн байдаг. Аливаа улс орон хөгжихийн тулд нэг цэгээсээ хөгждөг. Хятад гэж унтаж байгаа лууг сэрээхэд  Шанхай сэрээгээгүй, Шанхайн хажууд байдаг жижигхэн тосгоныг хөгжүүлээд тэрийгээ загвар болгож, бусад тосгонд дууриалгаж хөгжүүлж ирсэн байдаг.

Мөн Солонгосын хөгжил Гүнни гэдэг жижиг тосгоноос эхэлсэн. Эдгээр улс орон жижиг тосгоноо хөгжүүлээд тэрийгээ загвар болгож бусад нь хөгжсөн байдаг. Дархан бол Монгол Улсын асаагуур гэдэгт би итгэдэг. Үйлдвэр хөгжихийн тулд дэд бүтэц сайн хөгжсөн байх, хамгийн гол нь устай байх ёстой. Монголын бүх ус Дархан, Сэлэнгийн нутгаар хойшоо гардаг. Иймд Дархан хотоо хөгжүүлж, жишиг хот болгохыг зорьсон юм.

УИХ-ын гишүүн болоод багагүй хугацаа өнгөрлөө. Энэ хугацаанд юу хийж амжуулав?

- Хамгийн бодитой ажил хийхийг  хичээж байна. Хөгжлийн дунд хугацааны стратеги төлөвлөгөөний 7-гийн нэгийн гурав ч гэх юм уу ийм компьютер шиг юм яриад байж болохгүй шүү дээ. Миний ярих гээд байгаа зүйл гэвэл Дарханчууд эхний ээлжинд ажилтай болно. Төмөрлөгийн шинэ үйлдвэр, Орон сууц болон Боловсролын томоохон цогцолбор барихаар болсон. Санхүүжилтийг Орон сууцны корпораци юм уу Төрийн банкнаас авахаар хөөцөлдөж байгаа.

Хамгийн түрүүнд газартай болох, дараа нь зураг төсөлтэй болчихвол санхүүжилт хайна гэдэг том асуудал биш, боломжтой ажил. Үүнээс гадна бидний гарын доор хийх ажил бол Дархан, Сэлэнгэчүүд жилийн жилд асар их ногоо тарьдаг ч хадгалах зоорь байдаггүйгээс ченжүүдийн гарт өгдөг. Тарьсан нь мөнгө олдоггүй, дамжуулж зарсан нь мөнгө олдог. Тэгэхээр үүнийг зогсоохын тулд энэ жилдээ “Зоорь” хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр зүтгээд явж байна.

Улсын төсөвт 7 цэцэрлэг оруулаад, ямар ч гэсэн 5 цэцэрлэг баригдахаар шийдэгдсэн. Дээр нь жижиг, дунд үйлдвэрлэл, хуримтлалын бүлгүүдээ яаж дэмжих талаар асуудал гарч байна. Миний хийж байгаа ажил, олон хүүхдүүдийг яаж цэцэрлэгтэй болгох вэ, эмнэлэгт үзүүлэх гэж байгаа хүн яаж хүнд сурталгүй, эмнэлгийн үйлчилгээг сэтгэлдээ хүртэл авдаг болгох вэ, Оюутолгойгоос яаж ахиухан шиг цэцэрлэг, сургууль Монголдоо бариулаад авах вэ гээд, Дархан хотдоо Төмөрлөгийн үйлдвэр шинээр барьчихвал олон хүнийг ажил хөдөлмөртэй, орлоготой болгоно гэхчилэн олон хүнд тус болъё л гэж бодож зүтгэж байна даа.

- Энэ бүхнийг хийхэд мэдээж бэрхшээл тулгарах л байх даа?

Дарханчууд маань нэг зүгт харж, нэгдэж өгөх нь надад чухал

- Бэрхшээл бий. Би бас бүхнийг чадахгүй. Хамгийн гол нь Дарханчууд маань нэг зүгт харж, нэгдэж өгөх нь надад чухал юм. Би нэг компани, бизнесийн дэмжээд явж чадахгүй шүү дээ. Жижиг дунд бизнес эрхлэгчид, бизнесменүүд өөрсдөө нэгдээд хоршоо болоод нэгдчих хэрэгтэй. Тэгвэл асуудлыг шийдэхэд бас дөхөмтэй юм. Түүнээс биш би нэг айл, нэг компанийг зоорьтой болгоно гэх ч юм уу, эрхэлж байгаа бизнесийг нь дэмжээд явах боломжгүй.

- Нэгдэж ажиллана гэснээс Дарханчууд энэ тал дээр хэр байх юм бэ?

- Дарханчууд их өөдрөг, хүлээцтэй хөдөлмөрч улсууд. Газар газраас ирсэн шилдэг хүмүүс л Дарханд байдаг. Бид хамтарч хийнэ, бүтээнэ. Маш их эрмүүн хүсэл тэмүүлэл, зүтгэлтэй байгаа. Улсын төсөвт орсон мөнгөө дарга нарт идүүлчихгүй шиг Дархан руугаа л оруулж, Дарханчуудтайгаа хамтарч ажиллана. Энэ нь төсвийн ил тод байдлын томоохон үйл ажиллагаа явж байгаа гэсэн үг. Төсвийн ил тод байдлын хэлэлцүүлэг хийж, гадна самбарт тайлангаа бичиж тавьдаг болсон.

Таныг улс төрд хэзээ ч орохгүй хүн гэж боддог байлаа. Гэтэл УИХ-ын гишүүн болчихлоо. Яагаад тэр вэ?

- Би Лондонд гадаадад сурч байхдаа эдийн засаг, бизнесийн ухаанаар сурч төгссөн. Хүн оюутан болохдоо төгсөөд гайгүй цалинтай ажилд орчих юмсан, эх орныхоо өмнө сайн мэргэжилтэн болж, амьдралаа сайхан аваад явъя л гэж боддог. Энэ хүний амьдрал. Тэгээд ажил төрөлтэй, амьдрал маань баталгаатай болоод ирэхээр хүмүүсийн төлөө зүтгэнэ гэж шийдсэн. Энэ чинь сэтгэлийн хөөрлөөр шийддэг асуудал биш. Бүр бодлогоор эдийн засаг, улс төр, шинжлэх ухааныг судлаад ирдэг юм байна. Тэгээд 26 наснаас хойш өөрийгөө хүмүүсийн төлөө зүтгэнэ гэж бэлдсэн.

Энэ сайхан хөвсгөр уулс минь намуудын санхүүжилтэнд бүдэрч байна даа

- Таныг эх орон, ард иргэд газар шорооныхоо төлөө тэмцэгч нэгэн гэдгийг мэднэ. Хэдхэн эрх мэдэлтнүүдийн балгаар Монгол Улсад бүтэн уул толгод гэж үлдэхгүй байгаад байх шиг?
300 жил бид Манжийн дарлалд тэссэн юмсан. Харин одоо мөнгөний дарлалд тэсэх нь үү, яах нь вэ.

- Эрдэнэтийн нэгхэн уулаар бид 30 гаруй жил сайхан амьдарч байна. Зах зээлийн шилжилтийн цаг үеийг бид нэг уулаар л давж гарлаа шүү дээ. Гэтэл одоо бид уул болгоноо сэндийлж байна, уул болгоноо зарж байна. Энэний хөрөнгө нь намуудын санхүүжилт рүү л урсан орж байна. Энэ сайхан хөвсгөр уулс маань намуудын санхүүжилтэнд л бүдэрч байна даа. 300 жил бид Манжийн дарлалд тэссэн юмсан. Харин одоо мөнгөний дарлалд тэсэх нь үү, яах нь вэ.

Өвөг дээдэс маань тэнгэрээс харж байгаа гэдэгт итгэлтэй байдаг учраас би тэмцдэг. Өнөөдөр монголчууд өөрсдөө хувь хувийнхаа ажил үйлсийн төлөө л өдөр шөнөгүй зүтгэж байна. Гэтэл Монгол улс гэдэг эх орны минь ажил унаж байхад чиний ажил бүтээд ч яах вэ дээ гэж би боддог. Дэлхийн I дайнд Герман орон ялагдаж байхад Эйнштейн хэлж байсан.  “Муу улс төрч байгаа учраас манай улс ийм муухай байгаа юм биш эх орныхоо төлөө юу ч дугарахгүй байгаа жирийн иргэд байгаа учраас ийм орон болчихоод байгаа юм” гэж. Бидэнд их тохирсон үг шиг санагдаад байгаа юм.

- Та Оюутолгойн гэрээний тухайд сэтгэл дундуур явдаг хүн. Монгол улс хэдий хэмжээний ашгаа алдаж, хохирсон талаар эдийн засагч хүний хувьд тооцоолсон биз?

- Оюутолгойн уурхай гэдэг гадаадын сонин хэвлэлд гарснаар тооцоо хийхэд 40-50 жил ажиллана, жилдээ 8 тэрбум долларын эргэлттэй гэж байгаа. 320 тэрбум долларын борлуулалт хийх хүчин чадалтай ийм л том байгууллага. Үүний 40 хувь нь зардал гэж тооцоход 160-170 тэрбум долларын ашигтай ажиллана гэж гарч ирж байгаа.

Манай хууль 30 жилээр байгуулах ёстой байтал 70 жилээр байгуулчихсан нь нэг алдаа, хоёрдугаарт энэ уурхай нэг ч кг зэс гаргаагүй байхад 2,1 тэрбум долларын өрөнд орчихсон байдаг. 34 хувийг нь бид зүгээр үнэгүй авах ёстой, гэтэл худалдаж авахаар болгосон.

Энгийн үгээр тайлбарлахад, би Оюутолгой гэдэг том үнээтэй, Фриéдланд гэж нэг нөхөр саадаг хүнтэйгээ ирсэн, түмпэн саваа авчирсан. Саагаад 100 литр сүү гарлаа, тэрний 34 литр сүүгий нь би  худалдаж аваад байдаг. Ингэснээрээ бид 1,2 тэрбум төгрөгийн өрөнд орсон гэсэн үг.  Энд хамтын үйл ажиллагаа явагдаж байгаа, гэтэл ямар ч хяналт байдаггүй.

- Говийн усны тухайд юу хэлэх вэ?

Монголын бүх Сэлэнгэ мөрөн, Орхон мөрөнг бүгдийг нь  та нар ашиглаж болно гэсэн үг юм.

- 40 мянган жил бүрэлдсэн говийн усыг 3 жилийн дотор ховх сорж ашиглана гэдэг ийм л тооцоо гарсан. Энэ бол харамсалтай. Би говь нутгийнхаа байгалийн сайхныг үнэхээр биширч, хүндэлж явдаг. Энэ бол дэлхий даяар хүндлэх ёстой зүйл. Говийн ургамал амьд хөрсөн доороо халуун нарнаас нуугдаад байж байдаг. Бороо оронгуут сэргээд ирнэ. Үүнийг бороо гэхээсээ илүү гүний ус тэжээдэг.

Гүний усыг 350 сая метр куб ус байдаг гэж ярьдаг, зарим эрдэмтэд  500 сая ч гэсэн тооцоо гаргасан байдаг. Монголын урдаа барьдаг “биеэ үнэлэгч усны эрдэмтэд” “говийн усыг ашиглаж болно” гэж тодорхойлолт гаргасан. Би маш олон шударга усны эрдэмтэдтэй ажилладаг хүн. Үнэхээр харамсаж байна. Гэрээнд юу гэж заасан бэ гэвэл “устай холбоотой ямар ч асуудлыг Засгийн газар удаахгүйгээр шийдэж өгнө” гэж заасан байдаг. Энэ нь юу гэсэн үг вэ гэвэл, Монголын бүх Сэлэнгэ мөрөн, Орхон мөрөнг бүгдийг нь  та нар ашиглаж болно гэсэн үг юм.

- Монголын улс төрчид ялангуяа тухайн үеийн Засгийн газар танхимаараа Оюутолгойг гадныханд найр тавиад өгчихсөн гэдэгтэй та санал нийлэх үү?

- Тухайн үеийн Засгийн газар Оюутолгойг дэндүү хямдхан Монголын маань эрх ашгийг худалдчихав уу даа гэж би харамсдаг. Энийгээ сайжруулахын төлөө бид тэмцдэг. Тавиад дуусчихаж дээ, за за одоо бид дууссан гэж хараад сууж болохгүй. Би бол гутранги үзэлтэй хүн биш. Энэ дээр би заавал үр дүн гаргаж, ард түмэндээ ашигтай шийдвэр гаргуулахын төлөө эцсээ хүртэл тэмцэнэ л гэж боддог.

Гомдолтой ч юм шиг юм юу вэ гэвэл 2004-2005 оноос хойш олон удаа өлсгөлөн зарлаж, маш их жагсаал цуглаан хийж, олон сар жилээр тэмцсээр байхад 2009 онд мэдсээр байж ийм хариуцлагагүй гэрээ хийнэ гэдэг харамсалтай юм.  Энийг хэлээгүй, тэмцээгүй байж байгаад гэрээ хийснийх нь дараа би яриагүй.

Одоо гэрээ хийснээс хойш 4 жилийн дараа бүгдээрээ ухаан орсон юм шиг бүгд л буруу гэрээ хийчихэв үү дээ гэдэг болсон. Өмнө нь хэлээгүй биш хэлсэн шүү дээ. Тэд 2009 онд гадаадаас ирсэн улс биш шүү дээ. 2009 онд Монголд байсан хүмүүс. Харамсдаг ч гэсэн тэмцэнэ ээ, үр дүн гартал нь зүтгэнэ.

- Таны энэ олон жилийн тэмцлийн үр дүн багахан ч атугай нөлөөлөх болов уу?

- Оюутолгойн гэрээг  жаахан тааруу гэрээ болсон гэдэгт бүгд нэгдсэн ойлголтонд хүрсэн явдал энэ том үр дүн. Хоёрдугаарт, Засгийн газраас дөрвөн яам нь оролцоод өөрчлөлт оруулах боломжийн талаар Рио Тинтогийн талтай хэлэлцээрт орж, уулзаж учирч байгаа явдал бол сайн үзүүлэлт. Гуравдугаарт, эндээс заавал үр дүн гарах ёстой.

Өглөө орноосоо босож ирэхдээ зөвхөн өөрөө өөрийнхөө төлөө бодож босно гэдэг гутамшиг

- Ярилцлагынхаа сэдвийг жаахан өөрчилье. Аав, ээж тань юу хийдэг хүмүүс байсан бэ. Таныг болон дүү нарыг тань зарчимч, шударга болгож хүмүүжүүлсэн болов уу?

УИХ-ын гишүүн С.Ганбаатарын гэр бүл

- Миний аав үйлдвэрлэлийн инженер, ШБОС Сайнхүү гэж хүн байлаа.  Ээж маань сайхан сэтгэлтэй, тогооч хүн. Би айлын том ч гэсэн ээж, аавдаа их эрхэлж өссөн. Ээж минь насан туршдаа хүмүүст хоол өгч байсан учраас тэр буяныг нь би эдэлж түмэн олны хайр хүндэтгэлээр тэдний төлөө зүтгэх боломжийг олж явж байгаа гэж боддог. 

Аав, ээж хоёр маань хоёулаа бурхан болсон. Ээж минь төрөхийн хүндрэлээс болж, намайг ҮЭ-ийн ерөнхийлөгч болох жил бурхан болсон. Аав, ээж маань хүүхдүүддээ шударга, сайхан сэтгэлтэй байхыг захиж байсан. Аав маань хүмүүсийн төлөө дугарч, заргаа авах гээд хоёр гурван жил гэртээ суудаг байсан.

Тэр үед шүүх шударга байсан шүү. Тэгж явж байхад нь би аавыгаа дагаад л явж байдаг байлаа. Аав маань Лоохууз гуайн тухай их ярьдаг байсан. Социализмын хүнд хэцүү үед өөрийнхөө амьдралыг золиосолж, хүмүүсийн өмнөөс дугарч чадсан.

- Тэгэхээр аавынхаа хийж байсан шударга, сайн сайхан үйлсийг үргэлжлүүлж яваа хүн юм байна даа та?

- Тэгж ойлгож болно. Аав маань тэгж хүмүүсийн төлөө дугарч явахдаа “Амьдрах арга, хоол,  хоёр гарт минь  байна. Би инженер хүн учраас хаана ч ажиллаж, амьдарна. Би хүний өмнө бөхөлзөж амьдрахгүй, хэлэх ёстой юмаа хэлнэ. Харин даргад долгинож хоолоо олж идэж байгаа, даргын туслалцаагүй хоолоо олж идэж чадахаа больчихсон хүмүүсийг би өрөвдөж байна” гэдэг байж билээ. Нээрэн ч одоо бодоод байхад аав минь их үнэн үг хэлж байжээ. Манайд даргад долгинож хоолоо олж иддэг хүмүүс олон болсон байна шүү.

Өглөө орноосоо босож ирэхдээ зөвхөн өөрөө өөрийнхөө төлөө бодож босно гэдэг гутамшиг юм. Хүмүүст хэрэгтэй байна гэдэг чухал. Миний тэмцлийн үр шимээр олон хүний амьдрал сайжирч байгаа. Олон олон хүний тэтгэвэр, цалингийн хэмжээ нэмэгдээсэй, өөрийнхөө төлөө дугарах тэнхээгүй байгаа хүмүүс өөрийгөө зоригжуулж, өөрийнхөө төлөө дуóгарч чаддаг болоосой, олон олон хүүхэд цэцэрлэг, сургуультай болоосой, хүн эмнэлгийн гадаа хүнээс юм гуйж байгаа юм шиг хүлээх биш, үйлчилгээгээ өөрийн хүссэн хэмжээнд авч байгаасай.

Энэ бол бидний амьдралын туйлын зорилго, амьдрал сайхан болно. Олон олон ахмадууд, иргэд маань миний эрүүл мэндийн даатгалын энэ хуулийн үр шимийг хүртээсэй л гэж бодож дотроо залбирч явна.

- Хүн байхын утга учрыг та юу гэж тайлбарлах вэ?

- Хүн байхын утга учир бол Лоохууз гуай. 30 жил орон шоронд орж, үнэний төлөө тэмцэж явсныхаа шанг хүртэж явсан. Тэгэхээр Монголчууд бид энэ хүнийг хайрлаж, хүндлэх  ёстой. Өнөөдөр тэр хүний талаар ярьдаг хүн бага байна, монголчууд маань ямар муухай аминчхан болчихсон юм бэ гэж бодож харамсдаг. Манайх 13 дугаар хороололд байдаг, би дандаа л алхаж ирдэг. Маш олон хүмүүс мэндэлдэг, харцаараа надад баярладаг. Энэ миний амьдралын утга учир юм. Улам олон хүмүүсийг хайрлахын төлөө зүтгэнэ.

Хувиасаа мөнгө төлдөг хэрнээ таньдаг хүнээ хайдаг, набор өгдөг энэ тэнэг байдлыг зогсоох гэсэн юм

- Таны санаачилж байгаа Иргэний эрүүл мэндийн даатгалын тухай хуулинд иргэд рүү чиглэгдсэн ямар асуудлууд тусгагдсан бэ?

-  Би олон жил энэ хуулийн талаар ярьж байна. Боловсрол, эрүүл мэнд бол Монгол Улсын тусгаар тогтнол. Эрүүл мэндийн даатгалын систем дээр өвчтөн даатгуулагчдыг тойрсон асуудлыг эцэслэж, даатгуулагч, эмч нарын өмнө бөхөлздөг тогтолцоог үгүй болгомоор байна. Тэд хүнээс мөнгийг нь авчихаад  Засгийн газарт бөхөлзөж байна. Иймээс мөнгөний эрх мэдэл, хариуцлагын эрх мэдлийг жирийн иргэдэд өгнө.

- Бусад орны туршлага ямар байдаг юм бол?

- Барууны улс орнуудад эрүүл мэндийн байгууллага íü олон нийтийн байгууллага гэж явдаг. Манай улсад болохоор Төрийн байгууллага болчихдог. Даатгалын салбар зөвлөл гэж байгуулчихаад Сангийн, Хөдөлмөрийн, Эрүүл мэндийн сайд нэгнийхээ дор аваачаад тавьчихдаг. Тэгээд 107 тэрбум төгрөгөөрөө тендýр зарладаг. Эмч өвчтөн хоёрыг муудалцуулдаг. Улс төрчид мөнгө иддэг.

Би Эрүүл мэндийн яамыг Ламбаа сайдын үед “Тендерийн яам” гэж нэрлэдэг байсныг сэтгүүлчид андахгүй. Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Түмэндэмбэрэл одоо Авилгатай тэмцэх газар шалгагдаж байна. Найман тэрбум төгрөгийн хэрэгт шалгагдаад явж байна. Би энэ хүнийг ийм хүнд байдалд оруулъя гэж бодоогүй. Би бага дээр нь засъя гэж бодоод энэ Эрүүл мэндийн даатгалын тогтолцоо буруу байна гэж  хэлээд байсан юм шүү дээ.

- Таныг олон нийт Ерөнхийлөгчид нэр дэвшүүлэхийг хүсэж байсан. Танд  нэр дэвших бодол байв уу?
Миний хувьд 2016 он хүртэл бие даагч гэсэн статусаар Монголын ард түмнээсээ хүсэж, гуйж сонгогдсон.

- Маш их баярлалаа. Тэгэхээр та нарынхаа урам дэм, итгэл найдварыг улам их биелүүлэхийН төлөө ажиллана. Хүмүүс итгэсэндээ, хайрласандаа л ингэж хэлдэг. Монголын ард түмэнд амласнаа биелүүлэх л миний ажил. Миний хувьд 2016 он хүртэл бие даагч гэсэн статусаар Монголын ард түмнээсээ хүсэж, гуйж сонгогдсон. Энэ ажлаа л амжилттай сайн хийхийн төлөө зүтгэж байгаа.

Ярилцсанд баярлалаа. Ард иргэдээ сайн сайхан зүйлд уриалан дуудсан таны үгээр ярилцлагаа өндөрлөе?

- Боловсрол хүнд диплом өгдөггүй. Боловсрол хүнд өөртөө итгэх итгэлийг л өгдөг. Хүний төлөө зүтгэж, хүмүүсийг хамгаална гэдэг хамгийн өөртөө итгэлтэй хүний ажил юм. Энэ нэг олдсон амьдралыг утга учиртай, эргээд харахад бахархмаар сайхан амьдаръя гэвэл олон олон хүмүүсийг хайрлах нь өнөөдрийн бидний амьдралын туйлын зорилго. Энэ хорвоогоос бид бүгдээрээ л явна.

Явах үедээ хэдэн төгрөг хураасан, хөрөнгө мөнгөтэй гайгүй шиг амьдарлаа даа гэхээсээ илүүтэй би маш олон хүнийг  хайрласан юм байна даа гэж бодох нь хамгийн чухал. Монголчууд бид бие биенийхээ төлөө сэтгэл гаргаж, хамтаараа нийтийнхээ төлөө зүтгэх нь Монгол улсаа аврахын үндсийн үндэс гэж боддог.

Би энэнд чин сэтгэлээсээ итгэж зүтгэдэг. Хүн намайг юу гэж хэлэх бол оо гэж битгий бодоорой, чи өөрөө юу гэж бодож байна, тэр нь чухал шүү дээ. Өөрөө амьдралыг юу гэж бодно, түүнийхээ төлөө л чин сэтгэлээсээ зүтгээрэй л гэж монголчууддаа уриалмаар байна.