Эдийн засгийн чиглэлээр хөтөлбөр хэрэгжүүлнэ
Монгол Улсын Гадаад харилцааны сайд Л.Болд Эдийн засгийн хөгжил, хамтын ажиллагааны байгууллагын /OECD/ Евро-Азийн өрсөлдөх чадварыг бэхжүүлэх хөтөлбөрийн дарга Антонио Сомматай энэ сарын 2-ны өдөр уулзаж, тус байгууллагын үйл ажиллагаатай танилцлаа.
Тус байгууллага нь эдийн засгийн хөгжлөөр тэргүүлэгч улс орнуудыг эгнээндээ нэгтгэдэг байгууллага бөгөөд сүүлийн жилүүдэд үйл ажиллагаагаа хөгжиж буй орнууд руу чиглүүлэн дэмжлэг үзүүлэх байдлаар хамтран ажиллахыг чухалчлах болсон юм байна. Монгол Улс тус байгууллагын гишүүн орон биш хэдий ч цаашид тус байгууллагатай хамтран ажиллах нь эдийн засгийн хөгжлөө дэмжихэд чухал нөлөөтэй юм.
Энэ удаад Гадаад харилцааны сайд Л.Болд Эдийн засгийн хөгжил, хамтын ажиллагааны байгууллагын зүгээс 2014 онд Монгол Улсад хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа төслүүд болон хэрхэн үр дүнд хүрэх талаар ноён А.Сомматай ярилцаж, санал солилцсон байна.
хоёр талын хамтын ажиллагааны эхлэлийг тавьж буй төсөл хөтөлбөрүүд амжилттай хэрэгжинэ гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийллээ.
Уулзалтын үеэр Л.Болд хоёр талын хамтын ажиллагааны эхлэлийг тавьж буй төсөл хөтөлбөрүүд амжилттай хэрэгжинэ гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийллээ. Мөн “ЕвроАзийн өрсөлдөх чадварыг бэхжүүлэх хөтөлбөр”-ийг дэмжин ажиллахаа мэдэгдээд Монгол Улс Европ болон Азийн эдийн засгийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцдогийг онцлон тэмдэглэлээ.
Мөн өдөр Гадаад харилцааны сайд Л.Болд Дэлхийн малын эрүүл мэндийн байгууллага/OIE/-ын Ерөнхий захирал Бернард Валлаттай уулзаж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Бэлчээрийн мал аж ахуйтай, нүүдлийн соёл иргэншилтэй орнуудын дэлхийн холбоо”-ны чуулга уулзалтыг 2014 онд Улаанбаатар хотноо зохион байгуулах боломжтой талаар санал солилцсоны зэрэгцээ Зүүн Хойд Азид малын эрүүл мэндийн салбарт хамтран ажиллах боломжийн талаар ярилцсан байна.