Шадар сайд Д.Тэрбишдагва
2013.12.05

Д.Тэрбишдагва: Хөрштэйгөө тохиролцож чадвал таван шугамын асуудлыг дэмжинэ

Bloomberg телевизийн “Ярилцах цаг” нэвтрүүлгийн энэ удаагийн дугаарт Шадар сайд Д.Тэрбишдагва оролцов.

- Ямар асуудлаар хамгийн их ахиц гаргаж чадав?

Монгол нь эдийн засгийн хувьд хурдацтай хөгжиж байгаа хоёр том гүрний хооронд оршдогийн хувьд зуучлагч буюу дамжин өнгөрүүлэгч улс болох боломжтой. Хамгийн их ахиц гарсан асуудал гэвэл бид хоёр хөрштэйгөө “Таван шугамын” асуудлыг хэлэлцэж эхэлсэн. Би Монгол, Хятадын засгийн газар хоорондын комиссын монголын хэсгийг даргалдаг учраас өнгөрсөн сард Хятадын талтай уулзаж ярилцсан юм.

Хэрэв хойд хөрштэйгөө тохиролцож чадвал таван шугамын асуудлыг дэмжинэ гэдгээ Хятадууд хэлж байсан. Саяхан болсон Ерөнхий сайдын айлчлалаар албан ёсоор баталгаажуулсан юм. Мөн комиссын хуралдаанаар протоколд тусгаж гарын үсэг зурлаа. Таван шугам гэдгийн эхнийх нь төмөр зам. ОХУ, БНХАУ – г холбосон транзит төмөр замтай байх боломжтой. Оросоос Хятад руу, Хятадаас Орос руу, цаашлаад бүр Европ хүрэх ачаа барааг монгол улс өөрийн нутаг дэвсгэрээр дамжуулан өнгөрүүлснээр асар их мөнгө олох боломж нээгдэнэ.

Хоёр дахь нь хоёр хөршийг холбосон авто замын асуудал. Авто замаар БНХАУ аас монголоор дамжин Москва хүрэх бололцоотой боллоо. Гуравдугаарт монголоор дамжуулж Оросын нефтийг Хятадад нийлүүлэх нефтийн хоолой тавих тухай яригдаж байгаа юм. Дараагийнх нь хийн хоолой тавих асуудал. Хамгийн сүүлийн шугам бол монголоор дамжиж болох эрчим хүчний шугам юм. Ийнхүү хоёр тал руу нь урсгалтай болгоод өгчихвөл хамгийн дөт зам бий болж, аль аль улсад ашигтай байх болно.

Ялангуяа Монгол улс үүнээс их хожно. Энэ асуудал эртнээс яригдаж эхэлсэн ч ямар нэгэн ажил хийхгүй нэлээд удлаа. Харин одоо протоколд талууд гарын үсэг зурж, албан ёсны болоод ирсэн үед ОХУ, Монгол, БНХАУ д “Таван шугам” гэсэн ойлголт бий болоод ирж байгаа юм. Үүнээс аль нэгнийг нь шууд эхлэх хэрэгтэй.

- УБТЗ хувь нийлүүлсэн нийгэмлэгийн 1949 онд байгуулсан гэрээг шинэчлэх шаардлагатай гэдэг дээр хоёр улс санал нэгдсэн. Энэ ажлыг чухам юу хойш нь татаж байна вэ? Оросуудыг бид хэтэрхий хойрго хандаад байна уу?

Шинэчлэлийн хоёр дахь үе шат бол параллель төмөр зам барих асуудал.

1949 оны гэрээг бид жил болгон засгийн газар хоорондын комиссын хуралдаанаар хэлэлцдэг ч ахиц гардаггүй. Зүгээр нэг протоколд тусгаад өнгөрдөг учраас энэ жилийн хуралдаанаар хоёр тал аль болох ирээдүйг харж асуудалд хандахаар санал нэгдлээ.

Манай төмөр зам муруй мушгиа ихтэй учраас Монголын болон Оросын төмөр замаас 250 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийж, шинэчлэлийн ажлаа эхлэе гэж албан ёсоор тохирлоо. Өөрөөр хэлбэл, энэ 250 сая доллараар 2015 он хүртэл төмөр замыг шинэчлэх ажлын эхний үе шат явагдах юм. Ингэснээр ачаа эргэлт 34 сая тн болж өснө. Одоогийн байдлаар ачаа эргэлт 20 орчим сая тн байгаа. Энэ жил оргил ачааллын үед их шахсаны үр дүнд 21 саяд хүрлээ.

Шинэчлэлийн хоёр дахь үе шат бол параллель төмөр зам барих асуудал. Бид олон жил хүсэлт гаргасны эцэст гурван улс хамтраад параллель зам барих асуудлыг хэлэлцэхээр боллоо. 12 сарын 18 нь буюу хэдхэн хоногийн дараа манай улсад Орос, Монгол, Хятад улсын төмөр замын удирдлага, салбарын сайдууд хуралдаж төмөр замын хөгжлийн бодлогыг тодорхойлохоор боллоо. 2020 оныг хүртэл монголын муруй төмөр замыг засч, параллель зам барихаар төлөвлөж байгаа.