“Олон улсын байгууллагуудын нэгдсэн уулзалт” боллоо
“SME Donor Coordination Meeting” /2013 оны 11-р сарын 28-ны өдөр/
2013.11.29

“Олон улсын байгууллагуудын нэгдсэн уулзалт” боллоо

Хөдөлмөрийн яам, Нэгдсэн Үндэсний Байгууллагын суурин төлөөлөгчийн газартай хамтран “SME Donor Coordination Meeting”  Олон улсын байгууллагуудын нэгдсэн уулзалтыг өнөөдөр буюу 2013  оны 11-р сарын 28-ны өдөр зохион байгууллаа.

Нэгдсэн Үндэсний Байгууллага, Европын Сэргээн босголт хөгжлийн банкны Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх төсөл, Жайка байгууллага, Зээлийн батлан даалтын сан, Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан зэрэг Монголд үйл ажиллагаа явуулж байгаа Олон улсын 29, Монголын 21 байгууллагын төлөөлөл оролцож, амжилттай зохион байгуулагдсан хэлэлцүүлгээр Монгол улсад хэрэгжиж байгаа жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх чиглэлээрх төрийн болон төсөл, хөтөлбөрүүдийн хамтын ажиллагаа, уялдаа, цаашид хөрөнгө оруулалт, санхүүжилтийг үр ашигтай зарцуулах, шинээр хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөр, үйл ажиллагааны төлөвлөгөө болон гарч байгаа хүндрэлтэй асуудлуудын талаар нээлттэй ярилцсан юм.

Уулзалтын гол зорилго Монгол Улсын Засгийн газраас жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх талаар хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагааг танилцуулж, энэ салбарт хэрэгжиж байгаа Олон улсын төсөл, хөтөлбөрийн үр өгөөж, цаашид өргөжүүлэх боломжийн талаар ярилцаж, санал солилцох байлаа.

Нэгдсэн уулзалтанд Хөдөлмөрийн сайд Ж.Батхуяг, ЖДҮХГ-ын дарга Б.Бат-Амгалан болон ОУ-ын байгууллага, төрийн байгууллагын төлөөлөл оролцсон юм. Хөдөлмөрийн сайд Ж.Батхуяг уулзалтыг нээж хэлсэн үгэндээ “Монгол улсын хэмжээнд бизнес регистрийн санд 90540 аж ахуйн нэгж бүртгэлтэйгээс 60418 аж ахуйн нэгж нь жижиг, дунд үйлдвэр эрхлэгч бүртгэлтэй байна. Жижиг, дунд үйлдвэрийн салбарт нийт 738800 хүн ажиллаж байгаа нь нийт хөдөлмөрийн зах зээлд ажиллагсдын 69,9 хувьтай тэнцэж дотоодын нийт бүтээгдэхүүний 20 гаруй хувийг эзэлж байна. Үүнээс үзэхэд жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх талаар оновчтой бодлого, зохицуулалтыг хийснээр Монгол орны хөгжил, дэвшилд дорвитой хувь нэмэр оруулах нь гарцаагүй юм.

Улс орны хөгжлийн гол тулгуур, хөдөлгөгч хүч нь жижиг, дунд үйлдвэрийн хөгжил гэдгийг олон улсын практикаар нотлогдсон зүйл бөгөөд жижиг, дунд үйлдвэрийг эрчимтэй хөгжүүлж, өрсөлдөх чадварыг дээшлүүлэх, албан бус бизнес эрхлэгчдэд албан ёсны жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэх тааламжтай нөхцөлийг бүрдүүлэх, ажлын байрыг нэмэгдүүлэх, шинээр бий болгох, тогтвортой үйл ажиллагаагаа явуулахад нь эрх зүйн таатай орчин бүрдүүлэх, зохион байгуулалтын үр ашигтай арга хэлбэрүүдийг авч хэрэгжүүлэх нь төр засгийн гол зорилт болоод байна.

“SME Donor Coordination Meeting” /2013 оны 11-р сарын 28-ны өдөр/

Жижиг, дунд үйлдвэрийн бодлогын хүрээнд “Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх хөтөлбөр”-ийг Хөдөлмөрийн яамнаас боловсруулан холбогдох мэргэжлийн байгууллага, Төрийн бус байгууллагуудын саналыг авч нэгтгэн, мөн “Хөдөлмөрийн чуулган”-ы салбар хуралдаанаар хэлэлцүүлэн төслийг бэлэн болгосноо та бүхэнд танилцуулж байна.

Жижиг, дунд үйлдвэрийн хөгжилд тодорхой хувь нэмрийг оруулдаг Олон улсын хандивлагч байгууллагууд та бүхэн “Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх хөтөлбөр”-тэй танилцан санал бодлоо бидэнтэй солилцон энэхүү хөтөлбөрт оролцох оролцоогоо тодорхойлно гэдэгт итгэлтэй байна” гэсэн юм.

Олон улсын донор байгууллагуудын хувьд жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих сангаар олгож байгаа зээлүүдийн чиглэлийг тодорхойлж, үр ашигтай зарцуулах, цаашид олгосон зээлүүдээ хяналт тавих, тодорхой нэг салбаруудад түлхүү олгох нь зүйтэй гэсэн байр суурийг илэрхийлж байлаа. Тухайлбал, байгаль орчинд ээлтэй технологи, эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлт, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлт зэрэг зорилтот салбаруудад хөнгөлөлттэй зээл илүү үр өгөөжтэй гэдгийг хэлж байна.

Мөн жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих хөтөлбөрийг олон улсын байгууллагуудаар хэлэлцүүлж байгаа талархаж байгаагаа илэрхийлээд цаашид хөтөлбөр батлагдсаны дараагаар хамтын ажиллагаагаа улам шинэ шатанд гаргаж, жижиг дунд үйлдвэрлэлийг монгол улсад хөгжүүлэхэд гар бие оролцоход бэлэн байгаа гэдгээ энэ дашрамд илэрхийлж байлаа