Х.Золжаргал: Харгиа цэвэрлэх байгууламжийн үйл ажиллагааг системтэй болгох ёстой
ҮХААЯ-ны төрийн нарийн бичгийн дарга Х.Золжаргал
2013.10.11

Х.Золжаргал: Харгиа цэвэрлэх байгууламжийн үйл ажиллагааг системтэй болгох ёстой

Харгиа цэвэрлэх байгууламж 1972 онд арьс ширний таван том компанийн хаягдал усыг цэвэрлэх зориулалттай байжээ.

Түүнээс хойш шинэчлэл засвар хийлгүй 30-аад жил болсон байна. Гэвч харгиа хаягдал цэвэрлэхээс илүү дамжин өнгөрөх байгууламж хэвээр байна гэсэн хэл ам тасрахгүй байгаа энэ талаар ҮХААЯ-ны төрийн нарийн бичгийн дарга Х.Золжаргалаас тодрууллаа.

- Харгиа цэвэрлэх байгууламжийг ус сувгийн удирдах газарт шилжүүлсэн нь хэр зөв алхам болсон бэ?

Харгиа цэвэрлэх байгууламж хувийн өмч байсан өмнөх засгийн газрын хувийн өмчид төр хөрөнгө оруулалт хийдэггүй учир доголдолтой байна гэж үзээд төрийн өмчид шилжүүлэхээр хувь нийлүүлэгчидтэй тохиролцон нийслэлд шилжсэн.

Миний хувьд харгиаг ус сувгийн удирдах газарт шилжүүлсэн нь зөв алхам гэж бодож байна. Хариуцлагын тогтолцоог иж бүрнээр өгч байгаа.  Өмнө  энэ хоёр байгууллага байнгын маргаантай  байсан. Одоо нэг статустай болохоор байгаль орчныг бохирдуулахгүй байх үүргээ л биелүүлнэ.

- Харгиа цэвэрлэх байгууламж түр зогсоод байгаа хэзээ ашиглалтад орох бол?

Арьс ширний үйлдвэрийн химийн бодисоор бохирдсон усыг бүрэн цэвэрлээд буцааж үйлдвэрт нь ашигладаг зарчмаар ажиллахыг зорьж байна.Төлөвлөж байгаа ч тийм амархан бүтэхгүй хэдэн жилийн хугацаа шаардана. Энэ болтол арьс ширний салбарыг унагачихгүйн тулд Харгиа үйлдвэр ажиллах шаардлагатай байгаа. Харгиа цэвэрлэх байгууламжийн үйл ажиллагааг системтэй болгох ёстой. Ганцхан арьс ширний үйлдвэрийн бохир ордог биш.

Харгиа цэвэрлэх байгууламж 1972 онд арьс ширний таван том компанийн хаягдал усыг цэвэрлэх зориулалттай байжээ

Ноос ноолуурын үйлдвэр болон тэр орчмын зарим орон сууцны ахуйн бохирдлын ус хүртэл ордог. Тэгэхээр маш олон төрлийн бохирдолтой ус нийлдэг учир цэвэрлэх бодисын зардал өндөр гарч байгаа юм. Тэгэхээр ангилан ялгадаг байх хэрэгтэй. Хром, сульфатаар бохирдсон, ахуйн бохирын гэх мэтчилэн. Тус тусдаа эмх замбараатай байх юм бол холилдсоноос хамаагүй хямд, зардал багатай тусна.

Бохирын сувгаа олон урсгал болгох, үйлдвэр болгон хатуу хялгас зэргийг цэвэрлэж байх зохион байгуулалтад орох юм бол цэвэрлэгээний зардлыг бууруулах боломжтой. Харьцангуй өндөр үнэ яригдаж байгаа ч хамтран, зохион байгуулалттай ажиллаж цэвэрлэгээний үнийг бууруулж арьс ширний үйлдвэрүүд ашигтай ажиллах боломж бүрдэнэ.