“Ажилтай орлоготой Монгол залуу” хөтөлбөрийг зуны хоёр сарын турш амжилттай хэрэгжүүлсэн
2013.10.28

"Ажилтай, орлоготой Монгол залуус" чууллаа

Хөдөлмөрийн яам, Монголын Залуучуудын Холбоо, Залуучуудын хөдөлмөрийн төв бирж хамтран  “Ажилтай орлоготой Монгол залуу” хөтөлбөрийг зуны хоёр сарын турш амжилттай хэрэгжүүлсэн билээ. Энэхүү хөтөлбөрийн чуулга уулзалт 10 сарын 26-нд 10 цагаас Төрийн ордны их танхимд амжилттай болж өнгөрлөө. Чуулга уулзалтад МУ-ын Ерөнхий сайд Н.Алтанхуяг, МУ-ын Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга П.Цагаан, Хөдөлмөрийн сайд Я.Санжмятав, УИХ-ын гишүүн, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга З.Баянсэлэнгэ, Монголын Залуучуудын Холбооны Ерөнхийлөгч А.Мөнхбат нар оролцсон юм.

“Ажилтай орлоготой Монгол залуу”  хөтөлбөрийн хүрээнд “Сумын залуус” , “Ажлын гараа”, “Цагийн ажил” төслийг амжилттай хэрэгжүүлсэн бөгөөд нийтдээ 3000 гаруй залуусыг хамарч, ажлын байраар ханган ажилтай, орлоготой болгосон байна. Уг чуулга уулзалтын үеэр  “Сумын залуус” “Ажлын гараа” төсөлд хамрагдсан 800 гаруй залуус оролцож зуныхаа амралтыг үр бүтээлтэй өнгөрөөж, хөдөлмөрийн амт шимтийг хэрхэн мэдэрсэн талаарх арга, туршлагаа солилцож, санал бодлоо хуваалцлаа. 

 Залуус “энэ хөтөлбөр бидэнд хамгийн хэрэгтэй ажил болж чадлаа. Бид сурч буй мэргэжлээрээ төрөлх сум орон нутагтаа очиж, ажиллан тэнд амьдарч байгаа нутгийн хүмүүсийг сэрээж, манлайлан, идэвхжүүллээ. Уг төсөл дараа жил дахин хэрэгжинэ гэдэгт итгэж байна хэмээн” онцолж байсан юм. Өөрсдийн мэргэжлийн /англи хэл, бизнесийн удирдлага, үйлдвэрлэлийн менежмент, компьютер/ дагуу сургалт явуулахын зэрэгцээ “Хариу нэхээгүй тус аян”-ыг  өрнүүлсэн  бөгөөд залуус шинийг санаачлан эрэл хайгуул хийж, олон олон шинэ санааг гаргаж ирсэн байлаа. 

Энэ үеэр МУ-ын Ерөнхий сайд Н.Алтанхуяг төсөлд хамрагдан ажилласан нийт залуусдаа баярын хүргэхийн зэрэгцээ залуу хүн залхууралгүй хийе гэсэн ажлынхаа эцэс хүртэл нь хөдөлмөрлөдөг байхыг  уриаллаа.  Төсөлд хамрагдсан залуусынхаа ажилтай танилцахын зэрэгцээ ажил хөдөлмөрөөрөө бусдыгаа манлайлсан  шилдэг залуусыг шагнаж урамшууласан юм.  

“Сумын залуус” төслийн шилдэг багаар Завхан аймгийн Тосонцэнгэл сумын  “4 бэрх” баг шалгарч  гишүүн бүрийг  зөөврийн компьютерээр, хоёрдугаар байранд Хөвсгөл аймгийн Тариалан сумын “4 бэрх” баг шалгарч сургалтын төлбөрийн тэтгэлэг буюу 500,000 мянган төгрөгөөр тус тус шагнагдлаа. Харин гуравдугаар байрт Хэнтий аймгийн Норовлин сумын” 4 бэрх” баг гадаад хэлний сургалтын төвд үнэ төлбөргүй суралцах бүтэн жилийн эрхийн бичгээр, тусгай байрт шалгарсан Өмнөговь аймгийн Даланзадгад сумын” 4 бэрх” баг зургийн аппаратаар, Увс аймгийн Завхан сумын “4 бэрх  баг  боть номоор  тус тус шагнуулсан юм.

Харин “Ажлын гараа” төсөлд хамрагдсан нийт “Гавшгай 15” залуусын шилдгээр  “Эрдэнэт уулын баяжуулах үйлдвэрт ажилласан залуус тодорсон юм.

Энэ үеэр Хөдөлмөрийн сайд Я.Санжмятав “ Энэ жил “Ажилтай, орлоготой Монгол залуу” хөтөлбөрийн хүрээнд 3000 гаруй залуусыг ажлын байраар хангасан бол ирэх жил энэ тоог 3 дахин буюу 10 000 болгон нэмэгдүүлэх зорилттой байна” хэмээн онцоллоо.  Харин МЗХ-ны ерөнхийлөгч А.Мөнхбат “ Монголын залуучуудын Холбооны нэн тэргүүний зорилт бол залуучуудыг мэргэжил боловсролтой болгохоос гадна ажилгүй залуучуудыг ажлын байраар хангана. Түүнээс гадна орон нутгийн залуучуудыг бригад болгон МСҮТ-ийн төвд ирэх оны нэг сараас эхлэн сургалт зохион байгуулж, компаниудад жуучилж өгөхөөр ажиллаж байна” гэлээ.

 Ерөнхий сайд Н.Алтанхуяг чуулга уулзалтад оролцож буй оюутан, залуучуудад баяр хүргээд ном эрдэм сурахынхаа зэрэгцээ хөдөлмөрийн амтыг мэдрэх нь чухал. Орон нутагт, сумдад баг болж ажилласан залуус шинэчлэл хийж чаджээ. Энэ хөтөлбөрийг Засгийн газар дэмжиж үргэжлүүлнэ гэлээ. Мөн Хөдөлмөрийн яам, Монголын залуучуудын холбоо хамтран оюутнуудыг цагийн ажил хийхэд туслаж, дэмжлэг үзүүлэхийг зөвлөлөө.

Үндэсний хэмжээний томоохон төслийг санаачлан хэрэгжүүлж, ажлынхаа үр дүнг залуус болоод зохион байгуулагчид ийнхүү дүгнэсэн юм.  Ирэх жил 10,000 гаруй оюутан залуус ажлын байртай, орлоготой, үр бүтээлтэй ажиллахаар боллоо. Монголын залуус хэрхэн яаж, эвлэлдэн нэгдэж чаддаг болохыг төслөөс анзаарагдаж байсан юм.