Монгол Улсын Ерөнхийлөгч Сингапурын Ерөнхийлөгчтэй уулзав
Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржийг Бүгд Найрамдах Сингапур Улсын /БНСУ/ Ерөнхийлөгч Тони Тан Денг Яам энэ сарын 25-нд албан ёсоор угтан авлаа. Монгол Улсын Ерөнхийлөгчийг “Истана” төрийн ордны өмнө угтан авах үеэр хоёр улсын төрийн дуулал эгшиглэж, хүндэт харуул жагсав.
Дараа нь Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж, Сингапурын Ерөнхийлөгч Тони Тан Денг Яам нар уулзаж, хоёр орны хоорондын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх асуудлаар санал солилцов.
Монгол Улсын Ерөнхийлөгч “Биднийг халуун дотноор угтан авсан Сингапурын төр засгийн төлөөлөгчид болон нийт ард түмэнд талархаж байна. Манай хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа улам бүр өргөжиж байгаад баяртай байдаг. Бид цаашид хамтран ажиллах салбар, боломж бололцоог нэмэгдүүлэн ажиллах болно.
Монгол Улсын Ерөнхийлөгчийг “Истана” төрийн ордны өмнө угтан авах үеэр хоёр улсын төрийн дуулал эгшиглэж, хүндэт харуул жагсав.
Агаарын болоод усан замын тээвэр, аж үйлдвэр, техник технологийн асар том сүлжээ Сингапурт төвлөрч байгааг бид мэднэ. Энэ тал дээр бид нягт хамтран ажиллах хүсэлтэй байна. Мөн мэдлэгт суурилсан эдийн засгийг Монголд цогцлоон хөгжүүлэхийн тулд хоёр орны боловсролын салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх нь чухал байна” гэв.
Мөн талууд батлан хамгаалахын салбарт хамтын ажиллагаагаа бэхжүүлэх, Шангриллагийн яриа хэлэлцээний асуудлаар санал солилцлоо.
Ерөнхийлөгч Тони Тан Денг Яам Монгол Улсын Ерөнхийлөгчийн хэлсэн санал, санаачлагуудыг бүрэн дэмжиж буйгаа илэрхийлж, цаашид анхаарч ажиллахаа мэдэгдэв.