11 тэрбум төгрөгт төслийн сонгон шалгаруулалт зарлалаа
Жижиг, дунд үйлдвэрлэл /ЖДҮ/-ийг дэмжих сан 2009 оноос энэ оны аравдугаар сар хүртэл нийт 5549 аж ахуй нэгж, байгууллага, иргэдийн төсөлд 489.5 тэрбум төгрөгийн зээл олгосон байна.
Уг зээл нь таван жилийн хугацаатай, жилийн долоон хувийн хүүтэй бөгөөд эхний жилдээ зээлийн үндсэн төлбөрөөс 100 хувь чөлөөлөгдөж зөвхөн хүүг төлж сарин хоёр дахь жилээс үндсэн зээлээ төлөх нөхцөлтэйгээр олгогдож байгаа аж.
Одоогийн байдлаар Хөгжлийн банкнаас олгосон 50 тэрбум төгрөгийн зээлийн үлдэгдэл болох 11 тэрбум төгрөгийн зээлийг олгохоор сонгон шалгаруулалт зарлаж байна. Төслийн материалыг энэ сарын 21-нээс ирэх сарын нэгний өдрийг хүртэл хүлээн авах бөгөөд шалгаруулалтын дүн 2013 оны арваннэгдүгээр сарын 11-ний өдөр дуусах юм.
Шалгаруулалтын комисст иргэн, аж ахуй нэгж, төслийн төлөөлөгч гэсэн нийт 14 хүний бүрэлдэхүүнтэй байх аж. Мөн Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих сангийн зээлтэй холбоотой талаар гомдол санал их ирдэг тул зээлийн талаарх мэдээллийг олон нийтэд ил тод байлгахаар болсон байна. Тодруулбал зээл авсан иргэдийн талаарх мэдээллийг Хөдөлмөрийн яамны цахим хуудсан байршуулж байхаар болжээ.
Энэхүү зээлийн сонгон шалгаруулалтын талаар Хөдөлмөрийн яамны Жижиг, дунд үйлдвэрийн хөгжлийн газрын дарга Б.Бат-Амгалангаас тодруулсан юм.
-Зээлийн төслийн сонгон шалгаруулалтад ямар шалгуур тавьж байгаа вэ?
-Ерөнхийдөө төслийн сонгон шалгаруулалтад импортын бүтээгдэхүүнийг орлох, эргэн төлөх нөхцөлөө сайтар тооцоолсон, шинэ ажлын байрыг бий болгосон байх гэсэн үндсэн шалгуур тавьж байгаа.
-Зээлийн хэмжээнд хязгаар тогтоосон гэж байсан аж ахуй нэгж, иргэн хэчнээн төгрөгийн зээл олгох боломжтой вэ?
-Өмнөх жилүүдэд зээлийн хэмжээнд хязгаар тогтоогоогүй байсан. Харин энэ жилээс нэг аж ахуй нэгж, иргэнд 1.5 тэрбум хүртэлх төгрөгийн зээл олгохоор төлөвлөсөн байгаа.
Энэ жилээс нэг аж ахуй нэгж, иргэнд 1.5 тэрбум хүртэлх төгрөгийн зээл олгохоор төлөвлөсөн.
-Зарим аж ахуй нэгж, иргэний барьцаа хөрөнгө нь хүрэхгүй тохиолдол гардаг. Энэ тохиолдолд төрөөс батлан даалт гаргах боломж байдаг уу?
- Энэ асуудал бол аж ахуй нэгж, хувь хүмүүст тулгардаг гол асуудал. Тиймээс төрөөс эдгээр хүмүүсийн асуудлыг шийдэхийн тулд батлан даалтын сан бий болгосон. Энэхүү сан нь зээлийн батлан даалт хүссэн хүмүүст 60 хүртэлх хувьд батлан даалт гаргаж өгдөг.
-Батлан даалтын эргэн төлөгдөх нөхцөл нь ямар байдаг юм бэ?
-Батлан даалтад нэг удаа 250 сая хүртэлх төгрөгийг олгох боломжтой бөгөөд таван жилийн хугацаатай нэгээс хоёр хувийн шимтгэлтэй байдаг.