Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Монгол-Сингапурын бизнес форумд оролцлоо.
2013.11.26

Монгол Улсын Ерөнхийлөгч Монгол-Сингапурын бизнес форумд оролцов

Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж энэ сарын 25-нд зохиогдсон Монгол-Сингапурын бизнес форумд оролцлоо. Монгол Улсаас БНСУ-д суугаа Элчин сайдын яамны зохион байгуулсан форумд 300 орчим зочин хүрэлцэн ирсэн байв. Тэдний дийлэнх нь гадаад, дотоодын бизнесийн төлөөлөл байлаа.

Монгол Улсаас БНСУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Б.Дэлгэрмаа форумын эхэнд үг хэлсний дараа Монгол Улсын Ерөнхийлөгч үг хэллээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч хэлсэн үгэндээ:

“Хатагтай ноёд оо,

Монгол-Сингапурын бизнес форумд өөрийн биеэр ирж оролцож буйдаа сэтгэл хангалуун байна. Бидэнд бусдад зааж сургаад байх зүйл үгүй билээ. Харин өөрсдийн хуримтлуулсан мэдлэг туршлагаасаа бид бусадтай чөлөөтэй хуваалцдаг.

Санаа зорилго нэгт нөхдийн хамтаар ардчилсан хувьсгалыг эхлүүлж, улс орноо чөлөөт нийгэмд шилжүүлэхийн төлөө зүтгэж явсан цаг саяхан санагдана. Тухайн үед бид ардчилсан шилжилтийг нэг ч хүний хамраас цус гаргалгүй хийсэндээ бахархаж явдаг.

Тэр үеэс олон жил өнгөрөөгүй ч бид чамгүй амжилтад хүрчээ. Монголын эдийн засгийн өсөлт 2011 онд 17 хувьд хүрч дэлхийд тэргүүлсэн. Хэдийгээр гадаадын болон дотоодын хүчин зүйлээс болж манай эдийн засаг 2013 онд саарсан ч 12 хувийн өсөлттэй гарсан. Дэлхийн банк тэргүүтэй олон улсын байгууллагуудын урьдчилан тооцоолсноор Монгол Улсын эдийн засгийн өсөлт хоёр оронтой тооноос ойрын 30 жилдээ буурахгүй гэж үзсэн.

Энэ бүхэн нь Монголыг бизнес хийхэд тохиромжтой газар болохыг нотлон харуулж байна. Монголд хөрөнгө оруулах нь ашигтай гэдгийг дээрх тооцоо, тоо баримтууд харуулж байна. Хамтдаа хөгжиж, хамтдаа өсөн дэвжицгээе.Та бүхний зарим нь Монголд хэдийнэ хөрөнгө оруулсан байж магадгүй.

Тэгээд 2012, 2013 онуудад төдийлөн ашигтай ажиллаагүй байж болох. Монгол Улсын эдийн засгийн хувьд ч таагүй жил байсан. Гадны болоод дотоодын олон хүчин зүйл нөлөөлсөн байх. Түүний дотроос Монгол болон Хятадад болж өнгөрсөн сонгууль, төр засгийн удирдлага солигдсон явдлыг дурдаж болно.

Монголын хувьд удирдлагын өөрчлөлт гэхээсээ нөхцөл байдал улам найдвартай болсон гэж хэлье. Ардчилсан нам парламентын сонгуульд олонхийн санал авч, Засгийн газраа байгуулсан. Тэгэхээр улс төрийн хувьд чухал, сайн шийдвэр гаргах чадамжтай болж, улс төрийн орчин сайжирсан гэж хэлж болно.

Өнөөдөр Хятадын төр засгийн удирдлагууд урт хугацааны хамтын ажиллагаа, бизнесийн түншлэлд гол анхаарлаа хандуулдаг болсон байна. Би Хятадын Ерөнхийлөгч Си Жиньпинтэй уулзаж, халуун дотно яриа өрнүүлэн хоёр орны хоорондын хамтын ажиллагааны талаар ярилцсан. Бидэнд уул уурхай, төмөр зам, эрчим хүчний салбарт хамтран ажиллах өргөн боломж бий.

Ц.Элбэгдорж: Монгол хоёр жилийн дараа хүний бус хуулийн засаглалд шилжсэн байх болно.

Мөн ОХУ-тай ч адил хамтран ажиллах боломж хангалттай их байдаг. Иймээс та бүхэн бидэнд итгэж болно. Монголын талаар та бүхэн янз бүрийн бодолтой байгаа байх. Монгол бол хариуцлагатай, нээлттэй улс. Хариуцлага, нээлттэй байдлыг бид өөрсдийн соёл болгон хэвшүүлсэн. Коммунизмын сүүдэрт 75 жил болсны дараа энэ соёлыг хэвшүүлнэ гэдэг хүнд бэрх даваа байсан ч бид чадсан.

Зөвхөн хууль дүрэмд бус бид өөрсдийн сэтгэхүйдээ хэвшүүлсэн. Энэ бол та бүхний бидэнд итгэх нэгэн том шалтгаан. Манай парламент хөрөнгө оруулалт, аюулгүй байдал, хөрөнгө оруулалтын сангийн тухай хуулиудыг шинэчлэн баталсанд баяртай байгаа. Би Ерөнхийлөгчөөр анх сонгогдоод шүүхийн шинэчлэлийн санаачилгыг дэвшүүлсэн.

Хуучин коммунист дэглэмийн үед шүүх засаглал гээд ер нь бүх зүйл иргэний эрх чөлөөг өмгөөлж хамгаалах бус, эрх мэдэлтнүүдийн эрх ашгийн төлөө зориулагдсан байжээ. Энэ бүх зүйлийг үндсээр нь өөрчилнө гэдэг том ажил байсан. Энэ шинэчлэлийг эхэлснээс хойш бид 30-аад шинэ хуулийн төслийг батлуулжээ. Ингэснээр Монгол хоёр жилийн дараа хүний бус хуулийн засаглалд шилжсэн байх болно.

Нэгэн сайхан зүйл хэлэхэд Монгол Улс 2012 онд зөвхөн нэг жилийн дотор дэлхийн авлигын үзүүлэлтээр 26 байр урагшилсан. Ингэснээр бид авлигыг хамгийн богино хугацаанд хамгийн үр дүнтэй бууруулж чадсан улс орноор шалгарсан юм. Бид энэ амжилтыг цааш нь ахиулахын төлөө зүтгэх болно. Бид Монгол Улсдаа бизнес хийхэд хамгийн таатай орчныг бүрдүүлж, цаашид зөвхөн урагшаа зүтгэх ёстой.

Би хэдхэн хоногийн өмнө “Том төрөөс ухаалаг төр лүү” хэмээх үндэсний хэмжээний хэлэлцүүлэг санаачилсан. Манай улсын төсвийн зардал харьцангуй их байгаа учраас бид ухаалаг төр лүү шилжих нь нэн тэргүүний ажил болоод байгаа. Ухаалаг төр нь судалгаа шинжилгээнд суурилсан, мэдлэг боловсролтой, чадвартай боловсон хүчин бүхий цомхон төрийг хэлнэ. Мөн өндөр технологийг нэвтрүүлсэн байх ёстой.

Бид үүнийг хийж чадна гэдэгт итгэлтэй байна. Та бүхэн Монголд очин бизнесээ хөгжүүлэх хэрэгтэй. Өнөө өглөө би Сингапурын Ерөнхийлөгч болон Ерөнхий сайдтай уулзаж, гурван зүйлийг хэлсэн. Бид яг Сингапурынх шиг шинжлэх ухааны болон бусад хүрээлэн, институтиудтэй болмоор байна гэдгээ илэрхийлсэн.

Бид Монгол Улсдаа бизнес хийхэд хамгийн таатай орчныг бүрдүүлж, цаашид зөвхөн урагшаа зүтгэх ёстой.

Бид  тусгай бие даасан сан байгуулж, уул уурхайн баялгаас олсон орлогоо Сингапур шиг хуримтлуулмаар байна гэж хэлсэн. Бид Сингапурынх шиг даатгал, санхүү, хөрөнгө оруулалтын тогтолцоотой болмоор байна гэсэн. Бид олон улсын тавцанд нэр хүнд, эрх мэдлээ өргөжүүлмээр байна.

Монголчууд тэртээ XIII зууны үеийн дэлхийд хамгийн нэр хүндтэй, хүчирхэг гүрэн байгуулах үеэс эхлээд торгоны зам зэрэг чөлөөт худалдааг дэмжиж, хүмүүсийн шашны эрх чөлөөг хязгаарладаггүй байсан. Ингэснээр ард түмэндээ амар жимэр сайхан амьдралыг авчирч, Их Засаг хэмээх хуулийнхаа дагуу шударга ёсыг тогтоож байсан билээ.

“Морио унаад дэлхийн талыг эзлэх амархан. Харин мориноосоо буугаад төрөө төвхнүүлэх хэцүү” хэмээн Чингис хаан хэлсэн байдаг. Бид энэ тал дээр найз нөхөд, хамтрагчидтайгаа ажиллаж, тусламж дэмжлэг авахыг илүүд үздэг. Бид Сингапурыг үлгэр дууриал, сайн жишээ гэж хардаг. Та бүхэн хоёр асуудлыг сонирхож байгаа байх.

Нэг нь Оюу Толгой, нөгөө нь Тавантолгой. Оюу Толгойн асуудлаар ЗГХЭГ-ын дарга Ч.Сайханбилэг дэлгэрэнгүй мэдээлэл өгнө. Оюутолгойн хувьд гэвэл энэ оны сүүлчээр Рио Тинто хөрөнгө оруулалтынхаа хоёрдугаар хэсэг болох дөрвөн тэрбум долларын асуудлыг шийдэхээр ирэх байх.

Тавантолгойн хувьд гэвэл асар их нөөцтэй нүүрсний орд газар гэдгийг бүгд мэднэ. Энэ уурхайн төмөр зам болон дэд бүтцийн тал дээр хөрш орнуудтайгаа урт хугацааны турш ажиллахаар ярилцаж байгаа. Та бүхэн ч манай уул уурхайн салбарт ажиллахад нээлттэй. Зөвхөн уул уурхай гэлтгүй бүх салбарт хамтран ажиллахад нээлттэй байх болно.

Та бүхнийг Монголд очихыг урьж байна” гэв.