Сайд Л.Болд Туркийн элчин сайдыг хүлээн авч уулзлаа
Гадаад харилцааны сайд Л.Болд БНТУ-аас МУ-д суугаа Элчин сайд М.Карагөзийг хүлээн авч уулзлаа.
2013.11.27

Сайд Л.Болд Туркийн элчин сайдыг хүлээн авч уулзлаа

Гадаад харилцааны сайд Л.Болд Бүгд Найрамдах Турк Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд М.Карагөзийг итгэмжлэх жуух бичгээ барьсантай нь холбогдуулан  хүлээн авч уулзав.

Уулзалтын үеэр сайд Л.Болд түүх, соёлын уламжлалт харилцаатай Бүгд Найрамдах Турк Улстай харилцаа, хамтын ажиллагаа улс төр, батлан хамгаалах, худалдаа, эдийн засаг, соёл, боловсрол, шинжлэх ухааны салбарт идэвхтэй хөгжиж байгаа бөгөөд олон улсын тавцанд НҮБ,

НАТО, Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллага болон олон улсын бусад байгууллагын хүрээнд талууд идэвхтэй хамтран ажиллаж байгаад сэтгэл хангалуун байгаагаа  дурдав.  

Элчин сайд М.Карагөз хоёр орон соёл, түүхийн хосгүй харилцаатай бөгөөд одоо Туркт монголын 1000 гаруй оюутан сурч байна хэмээн  дурдаад эдийн засаг, худалдаа, соёл, аялал жуулчлалын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн хөгжүүлэхэд өөрийн зүгээс идэвх зүтгэл гарган ажиллахаа мэдэгдлээ.