Т.Баярсайхан: Арьс ширний үйлдвэрлэлийн салбар хөгжлийн гараан дээр зогсож байна
Арьс ширний үйлдвэрлэл
2013.10.21

Т.Баярсайхан: Арьс ширний үйлдвэрлэлийн салбар хөгжлийн гараан дээр зогсож байна

Уул уурхай шиг хорогдож барагддаггүй, ундарч төлждөг эдийн засгийн салбар бол хөдөө аж ахуй. Хөдөө аж ахуйн түүхий эдээр эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг үйлдвэрүүдийн хөгжил социалист нийгмийн үеийнхээсээ уруудсан, унасан удаатай.

Харин одоо юу үйлдвэрлэж чаддаг болсноо харуулахыг зорьсон “Арьс шир, ноос нууран бүтээгдэхүүн-2013” үзэсгэлэн худалдааг Монголын арьс ширний үйлдвэрлэлийн холбоо “Мишээл Экспо” төвд зохион байгуулж, өнөөдөр хөшгөө хаалаа. Үзэсгэлэнг сонирхож яваа хүмүүс “Монголчууд хэзээ ийм гоё гутал хийж чаддаг болсон юм бэ. Тэр ширэн цүнхний хийц, загвар ямар ч брэндээс дутахааргүй юм билээ” гэж ярих нь таатай сонстов.

Арьс шир, ноос ноолуурын салбарынхан юу хийж чаддагаа харуулах зорилгоо биелүүлж буй бололтой. Үзэсгэлэнгийн өдрүүдэд нэлээд бараа, бүтээгдэхүүн худалдаж, хэрэглэгчдээс урмын үг сонссоноо тэд ярьж байв. Манай үйлдвэрүүд савхиар болхидуу загвартай хүрэм, бээлий хоёроос өөр хувцас оёж чаддаггүй гэсэн төсөөлөлтэй хүн байж магадгүй. Тэгвэл өмнөх юм ул болжээ гэж хэлье.

Савхиар сайхан, бүр онцгой загвартай гэмээр хүрэм хийдэг болж. Мөн арьсан гутлыг бусдынхаас дутахааргүй олон янзын загвараар урладаг болсныг үзэсгэлэнгээс үзлээ. Ноос, ноолуурын ч өнгө үзэмж, загвар сайтай бүтээгдэхүүнээ дэлгэжээ. Санал бодол солилцсон арьс, шир, ноос, ноолууран бүтээгдэхүүн үйлдвэрлэгч бүр төр хөнгөлөлттэй зээл хэлбэрээр эргэлтийн хөрөнгөөр дэмжих хэрэгтэй байгааг хэлэв.

Засгийн газраас арьс ширний үйлдвэрлэл эрхлэгчид 140 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтийг шийдвэрлэж өгөх УИХ-ын тогтоол 2012 оны сүүлчээр гарч, үйлдвэрлэгчид энэ дэмжлэгийг тэсэж ядан хүлээж буй нь илт мэдрэгдэв. “Дархан минж” компанийн ерөнхий захирал Б.Анхболд “Арилжааны банкны 18 хувийн хүүтэй зээлээр үйлдвэрлэл эрхлээд ашиг олон, үйл ажиллагаагаа өргөжүүлж чадахгүй.

Арьс ширэн бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийг хөгжүүлэхийн тулд хөнгөлөлттэй зээлийн дэмжлэг зайлшгүй чухал байна” гэв. Энэ салбарыг сэргээхэд хөнгөлөлттэй зээлээс гадна зах зээлийг нь хамгаалах бодлого хэрэгжүүлэх шаардлагатай гэж зарим судлаач үздэг. “Арьс шир, ноос ноолууран бүтээгдэхүүн-2013” үзэсгэлэн худалдааны үеэр Монголын арьс ширний үйлдвэрлэлийн холбооны гүйцэтгэх захирал Т.Баярсайхантай энэ салбарын талаар ярилцлаа.

-“Арьс   шир, ноос ноолууран бүтээгдэхүүн-2013” үзэсгэлэн болж байна. Арьс ширэн бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүний ур хийц, загвар сайжирсан харагдлаа. Арьс ширний үйлдвэрлэл зах зээлийн нийгэмд шилжсэнээс хойш уруудсан. Одоо энэ салбарын бодит байдал ямар байна вэ?

-Арьс      ширэн бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдааг долоо дахь жилдээ зохион байгуулж байна. Үзэсгэлэнд оролцогчдын бүтээгдэхүүний чанар чансаа жил ирэх тутам сайжирч байгаа. Би арьс ширний үйлдвэрлэлийг хөгжлийн гараан дээрээ зогсож байна гэж хардаг. Төрийн дэмжлэг энэ салбарын хөгжлийн түлхүүр болох юм. Арьс ширний үйлдвэрлэлийн нийт түүхий эдийн 70 хувийг хятадууд худалдаад авчихдаг байсан.

170 мянган малчин өрхийн орлого манай салбартай шууд холбоотой.

Харин төр биднийг дэмжвэл түүхий эдээ хятадуудад алдахгүй, өөрсдөө худалдаж авчих боломж бүрдэх юм. Манай салбарынхан түүхий эдийнхээ ихэнх хэсгийг хагас боловсруулаад экспортлох биш, эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэн нэмүү өртгийг Монголдоо үлдээхээр ажиллаж байна. 170 мянган малчин өрхийн орлого манай салбартай шууд холбоотой.

Ер нь энэ салбарт эх орон шингэдэг, Арьс ширний үйлдвэрлэлийн эхнээс эцсийн шат хүртэл зөвхөн монгол хүний хөдөлмөр, ухаан шингэдэг учраас эх орон шингэдэг гэж хэллээ. Жил бүр арьс, ширэн бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа зохион байгуулж буй нь тухайн онд үйлдвэрлэсэн шинэ, шилдэг бүтээгдэхүүнүүдээ танилцуулах, салбарын хөгжлийн түвшинг хэрэглэгчдэд харуулах зорилготой.

-Арьс ширний үйлдвэрлэл хөгжлийн гараанд байна гэлээ. Танай салбарынхан хөгжих сууриа хэр бат бөх тавьсан бэ. Хөгжихөд хүний нөөц, технологи гээд олон зүйл сайн байх шаардлагатай.

-Мэдээж зовлон их бий. Сүүлийн 20 жил арьс ширний үйлдвэрлэлийн салбар хүний нөөцөө бэлтгээгүй. Гэхдээ социализмын үед гадаадад сургасан мэргэжилтнүүд энэ салбарт ажилласаар байна. Эрдэм шинжилгээний байгууллагууд хэвийн ажиллаж байгаа. Арьс ширийг хагас  боловсруулах технологи дэлхийн жишигт хүрсэн.

Анхан шатны боловсруулалт хийдэг тоног төхөөрөмжийн хүчин чадал сайн, харин гүн боловсруулалтын цөөн тооны тоног төхөөрөмж худалдан авж, эцсийн боловсруулалтын технологийг сайжруулснаар дэлхийн түвшинд хүрсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх бүрэн боломж бидэнд бий. Саяхан Туркуудтай  хамтраад арьс ширийг бүтэн  боловсруулж туршлаа.

Сайхан савхи болсон. Дашрамд хэлэхэд, Туркийн хоёр компани манай үзэсгэлэнд оролцсон. Ирэх жилээс тэдний эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг компаниуд үзэсгэлэнд оролцох хүсэлтээ илэрхийллээ. Туркийн элчин сайд үзэсгэлэнг үзээд монголчууд чанартай, загвар хийц сайтай бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг юм байна гэж үнэлсэн.

-Арьс ширний үйлдвэрлэлийг хөрөнгө санхүүгээр дэмжихээр болсон. үүнээс гадна бодлогын дэмжлэг хэрэгтэй юу?

-Арьс ширэн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн салбарыг сэргээн хөгжүүлэхээр УИХ-ын 2012 оны 74-р тогтоол, 2013 оны 2-р сарын Засгийн газрын 48-р тогтоолоор 140 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтийн эх үүсвэрийг шийдвэрлэн, арилжааны банкаар олгохоор болсон. Төр энэ дэмжлэгээ тун удахгүй үзүүлнэ гэж найдаж байгаа. Энэ салбарыг хөл дээрээ бат зогсоход нь бодлогын дэмжлэг хэрэгтэй. Монгол Улс жилд дөрвөн орчим сая хос гутал гадаадаас худалдаж авдаг.

Бид юун түрүүнд дотоодынхоо зах зээлийг хамгаалах шаардлагатай.

Бид юун түрүүнд дотоодынхоо зах зээлийг хамгаалах шаардлагатай. Импортоор орж байгаа бараа, бүтээгдэхүүнд гарал үүслийн тодорхойлолт өгдөг' болох хэрэгтэй. Гаднаас оруулж ирсэн гутлыг цэвэр арьсан байна уу, хиймэл арьсаар хийсэн байна уу, цаас байна уу гэдгийг нь тодорхойлсны дараа худалдахыг зөвшөөрөх хэрэгтэй. Ингэж шалгавал дотоодын зах зээлээ хамгаалж чадна.

Төрөөс санхүүгийн дэмжлэгээс гадна инженер техникийн ажилчид бэлтгэх үйл ажиллагааг үйлдвэрлэлийн салбартай холбох, эрдэм шинжилгээний байгууллагуудын чиглэл, үйл ажиллагааны давхцалыг арилгаж, нэгдсэн нэг бодлогын хүрээнд ажиллах боломжийг бүрдүүлэх. Хамгийн гол нь Арьс ширний салбарт төрөөс баримтлах бодлого, хөтөлбөр одоог хүртэл гараагүй байгаа нь бага зэргийн хүндрэл үүсгэдэг. Манай төр гаргасан шийдвэрээ гэнэт гэнэт өөрчилж ойлгомжгүй байдал бий болгодог.

-Малчдыг түүхий эдээ үндэсний компаниудад худалдвал урамшуулал олгохоор болсон. Энэ дэмжлэгийн нэг хэлбэр биз дээ?

Тиймээ. Малаа эрүүлжүүлж, нэгдсэн бүртгэлийн санд бүртгүүлсэн малчдад мөнгөн урамшуулал олгох болсон нь малчдыг тодорхой хэмжээнд хариуцлагатай болгосон. Түүхий эдийг малчдаас худалдан авахдаа анхан шатны баримт бичиж олгосноор үйлдвэрлэгчдийн санхүү үйл ажиллагааг нь ил тод, нийтэд нээлттэй болгосон сайн бодлого, дэмжлэг болсон.

Урамшууллын мөнгийг ирэх оны төсөвт суулгаж байна гэж ойлгосон. Арьс ширний урамшууллыг нэгдүгээр сараас долоо, долоодугаар сараас хойш гэж жилд хоёр хувааж олгох юм. Бид долдугаар сараас хойш урамшууллын падаанаа тараагаад арьс шир авч байгаа. Мал хамгаалах сан малчдад өгсөн падааныг бүртгээд ирэх жилээс урамшууллыг нь олгож эхэлнэ.

-Та салбарынхаа ирээдүй хэрхэн төсөөлж байна вэ?

-Бид дотоодынхоо хэрэгцээг хангах бүтээгдэхүүн үйлдвэрлэж чаддаг болсныг энэ үзэсгэлэнгээс харж болно. Түүх сөхвөл, бид жилд гурван сая гутал хийж байсан. Франц, Швейцари руу тус бүр 100 мянган савхин хувцас экспортолдог байлаа. Одоо дэлхий нийт оргинал түүхий эд, бүтээгдэхүүнээр цангаж байна. Бид бүтээгдэхүүнээ хийж чадвал дотоодод төдийгүй гадаадынхан их хэмжээгээр авахыг хүсдэг.

Бас гадаадынхан арьс, ширний салбарт хамтран ажиллахыг хүсэж байгаа. Тухайлбал, туркууд хүчин чадалтай технологи авчраад хамтрах, голландчууд химийн материал оруулж ирэх санал тавьсан. Манайх арьс, ширний үйлдвэрлэлийн түүхий эдийн орон. Түүхий эдтэй болохоор өндөр технологитой улсууд хамтран ажиллахаар ирж байна. Манайхан ч өөрсдөө хөл дээрээ босохын тулд эрвийх дэрвийхээрээ ажилладаг.

Төрөөс хөнгөлөлттэй зээлээр дэмжвэл арьс шир боловсруулах үйлдвэрүүд оёдлын үйлдвэрүүдийнхээ хэрэгцээтэй савхийг хийж өгөх боломжтой болсон. Манай оёдолчид Солонгос, Хятад, Түркээс зарим төрлийн савхийг импортолдог. Боловсруулах үйлдвэрүүд эдгээрийг ч орлох савхи хийх чадвартай болсон