Чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэхийн тулд малаа эрүүлжүүлэх хэрэгтэй байна
Монголын арьс ширний үйлдвэрлэлийн холбооны гүйцэтгэх захирал Т.Баярсайхантай арьс, ширний салбарын өнөөгийн байдал, цаашдын чиг хандлага, хөгжлийн гарц, шийдлийн талаар ярилцлаа.
Арьс ширний салбар өнгөрсөн хугацаанд багагүй дэмжлэг авсан. Өнөөгийн арьс ширний салбарын өсөлт хэр байна? Боловсруулалт, экспорт, импорт, борлуулалтын хувьд ямар түвшинд байна вэ?
Арьс ширний салбарыг 2013 онд бид гараанаасаа гарах гэж буй гүйлтийн тамирчнаар төсөөлж байсан. Арьс ширний салбарыг тодорхой хэмжээнд хөгжүүлж байна. 2014 оны есөн сараас манай салбарынхан бондын хөнгөлөлттэй зээл авч эхэлсэн. Энэ нь тус салбарыг гэгээлэг болгож чадсан шийдвэр байсан. Өнөөдрийн байдлаар арьс ширний салбарынхан бондын хөнгөлөлтэй санхүүжилтээс 80 гаруй тэрбум төгрөг аваад байна. Дархан-Нэхий, Монгол Шевро, Мон Ирээдүй, Белон, Дархан Минж гэх мэт олон компаниуд тоног төхөөрөмжөө шинэчилсэн. Дархан нэхий компани гутал үйлдвэрлэх шугамаа өргөжүүлснээр хямд үнээр гутал нийлүүлэх боломж бүрдсэн. Монгол Шевро компаний хувьд шинэ тоног төхөөрөмжөө суурилуулан турк технологчийн удирдлагаар ажиллуулж байна. Боловсруулсан арьсаар нь би өөртөө хүрэм хийлгэж үзсэн, маш сайхан боловсруулсан байна лээ.
... 2010-2013 онд үндэсний үйлдвэрүүд нийт түүхий эдийн 10-20 орчим хувийг авдаг байсан. Харин 2014, 2015 онуудад тус тоо огцом өсч нийт түүхий эдийн 40-өөд хувийг манай дотоодын үйлдвэрүүд авдаг болсон ...
Мөн энэ салбарын үндэсний үйлдвэрлэгчдэд түүхий эд нийлүүлж байгаа малчин айл өрхийг урамшуулдаг болсон. Энэ бол малыг эрүүлжүүлэх бодлогын хүрээнд хэрэгжүүлсэн арга хэмжээ. Энэ мэтээр ахиц дэвшил их бий.
Харамсалтай нь бид бага зэрэг хугацаа алдсан. 2012 оны 12 сард УИХ-ын 74 дүгээр тогтоол гарсан ч, 2013 оны хавартаа бондын хөнгөлөлттэй зээлийг авсан бол үнэхээр гүйлтийн тамирчин шиг л гүйх байсан.
Гэхдээ бид зогсолтгүй явж байна. Аж үйлдвэрийн яам, аж үйлдвэрийн бодлоготой болсон нь маш сайн хэрэг. Харин одоо худалдааны хуультай болох шаардлагатай байна. Дотоодынхоо зах зээлийг хамгаалаад эхэлчихлээ. Импортоор орж ирж байгаа зөгийн бал, үхрийн мах, цемент гэх мэтийн бараа, бүтээгдэхүүний гаалийн татварыг нэмсэн нь үйлдвэрлэлийг хөгжүүлсэн. Одоо дахиад 100 бүтээгдэхүүний татварыг нэмж байна. Тус 100 бүтээгдэхүүнд импортоор орж ирж буй ажлын гутал багтсан.
Бидэнд гадаадад бүтээгдэхүүнээ гаргах бодит боломж байна уу?
Монгол Улс эдийн засгийн хувьд ямар орон бэ гэвэл 2000-аад оны эхэнд АНУ бидэнд нээлттэй байж, оёмол бүтээгдэхүүний квот олгосон. Тухайн үед асар олон оёдлын цехүүд байгуулагдсан. Харин өнөөдөр бид 7200 бүтээгдэхүүнийг Европын холбооны улсад гаргадаг эрхтэй байна. Монголоос хагас боловсруулсан арьс ширийг Европын орнуудаас тодорхой хэмжээнд авч байна. Үхрийн болон сарлагийн арьсыг авах сонирхол их бий. Ямааны арьсыг цөөн тоогоор авч байна. Хонины арьсыг авахгүй байна. Адууны арьсыг авна гэж яригдаж байна, авна гэж гэрээ хэлэлцээр хийсэн зүйл бий. Япон улс руу бүтээгдэхүүн гаргахдаа тарифын хөнгөлөлт эдлэхээр боллоо. БНХАУ руу хагас боловсруулсан арьс ширний дийлэнх хувийг экспортолж байна.
Хоёр хөршийн худалдааны зах зээл бэлэн бүтээгдэхүүний хувьд хаалттай. ОХУ-руу бараа бүтээгдэхүүн гаргахад малын гаралтай түүхий эдээр хийсэн гэдэг утгаараа гаалийн татвар 5-20 хувь, НӨАТ 18 хувь авдаг учраас ОХУ-ын зах зээл бидэнд хаалттай. Хятад ч бас хэд хэдэн татвар нь нэмэгдээд 30 гаран хувь болдог учир бас л хаалттай. Гэтэл манай оронд ОХУ, Хятадаас ганзагын наймаагаар маш их бараа, бүтээгдэхүүүн татваргүйгээр орж ирдэг. 5 хувийн татвар авдаг хуультай ч харамсалтай нь татвар авдаг тогтолцоо байхгүй.
Тэгэхээр арьс ширний салбар ямар байдалтай байна гэвэл дараах байдлаар ангилж болно. Үүнд:
- Түүхий эдийн чанар муудсан
- Тодорхой хэмжээний эргэлтийн хөрөнгөтэй болчихсон,
- Япон, Европын орнууд руу татваргүй экспорт хийх боломжтой,
- Дотоодын үйлдвэрүүдийн тоног төхөөрмж шинэчилэгдсэн (супер болж чадаагүй ч шинэчлэл хийсэн),
- Европын орнуудад органик бүтээгдэхүүн хэрэглэх сонирхол өсч монголчуудын хувьд том зах зээл бий боллоо,
- Эмээлтэд үйлдвэр технологийн парк байгуулах тухай 2012 оны 12 сарын УИХ-ын тогтоол гарчихсан (гэхдээ энэ тогтоол том хүлээлт үүсгэсэн ч төрийн байгууллагуудын харилцан уялдаа алга байна).
- Дотоодын хэрэглэгчид үндэсний үйлдвэрийн бүтээгдэхүүн худалдан авах сонирхолтой болсон.
- Хагас боловсруулалтын түвшин Европын хэмжээнд хүрсэн.
Бодлогын асуудлууд цэгцэрч байна. Гэхдээ бүр сайн бодлого хэрэгтэй. Дотоодын зах зээлийг хамгаалах хууль хэрэгтэй. Манай бизнесийнхэн хоорондоо хамтрах хэрэгтэй.
... Түүнээс гадна хүний өмнөөс амьдраад байгаа юм шиг бүтээгдэхүүн борлогдохгүй, худалдаа муу, хямралтай байгаа талаар гомдоллож ярьдагаа бид болих хэрэгтэй ...
Ерөнхийдөө арьс ширний салбар ийм байдалтай байна.
Нөгөө талдаа дэлхийн эдийн засаг хямарчихсан. Нүүрсний үнэ унахтай адилаар түүхий эдийн үнэ яг адил унасан. Хятадад нэг ширхэг хонины нэхий 300 төгрөг хүрэхгүй байна. Монголд яг тийм байна. Бид хонины нэхийнд өртөг шингээгээд борлуулах гэхээр боломжгүй болчихсон. Яагаад гэхээр нэг талаас дэлхийн зах зээл хямарч үнэ унасан, нөгөө талаас Монголд боловсруулах үйлдвэрлэлийн суурь зардал өндөр байна.
Энэ байдлаас гарах гарц байгаа юу?
Хөгжилтэй орнуудад боловсруулах үйлдвэрийн суурь зардлуудыг багасгадаг. Турк, Герман, Монголын үйлдвэрүүдийг харьцуулъя л даа. Германы үйлдвэр ус, цахилгаанд бага мөнгө төлдөг, Туркийн үйлдвэр цэвэр усны мөнгө огт төлдөггүй учраас нэгж бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд зардал бага гарна. Манай уул уурхайд куб метр усыг 250 төгрөгөөр авдаг байхад арьс шир боловсруулах үйлдвэрүүд куб метр усыг 6,000 гаруй төгрөгөөр авч багаа нь бүтээгдэхүүний өртөгт нөлөөлж өрсөлдөх чадамжийг бууруулж байгаа юм.
... Аж үйлдвэрийн салбар улсад татварын орлого бүрдүүлдэг салбар биш гэдгийг бид ойлгох хэрэгтэй. Монголчууд тийм их мөнгөтэй байх хэрэгтэй юм уу, эсвэл бүгд ажилтай байх хэрэгтэй юм уу гэдэгт гол асуудал байна ...
Тэгэхээр аж үйлдвэрийн салбар нь ажлын байрыг асар олноор бий болгодог салбар юм. Арьс шир, ноос ноолуур, мах сүү гэх мэт малын гаралтай түүхий эдийг эцсийн бүтээгдэхүүн болгодог салбар чинь импортыг орлодог салбар байхгүй юу.
Тухайлбал жилдээ монголчууд гурван сая гутал авдаг гээд хийсвэр тоогоор жишээ авъя. Одоогоор бид 500 орчим мянган гутлыг дотооддоо хийж байна. Нэг монгол хүн жилд нэг гутал худалдаж авдаг гэж бодъё. Хамгийн багаар нэг гутлыг 30 доллараар авдаг гэж үзвэл жилд бид 900 сая доллар буюу 180 тэрбум төгрөгөөр Хятадаас гутал худалдан авч байна. Өөрөөр хэлбэл өдөр болгон бид 300 гаруй сая төгрөгийг гутал авахын тулд валют болгоод гаргаад явуулж байна. Тэгэхдээ тэр гутал нь харамсалтай нь арьсан гутал биш, Арьсыг орлуулсан бүтээгдэхүүнүүд юм. Хулдаас, лидрен, эсвэл арьсан дээр пленк наасан бүтээгдэхүүнээр бидэнд гутал хийгээд өгчихөж байгаа юм шүү дээ.
... Бээжинд очоод арьсан гутал худалдаж авья гэвэл 500 юань буюу 150,000 төгрөгөөс доошгүй үнэтэй. Тэгэхээр манай зах дээр яагаад 60-70 мянган төгрөгийн арьсан гутлууд зарагддаг вэ? Энэ асуудал бол арьс шир үйлдвэрлэгчдийн шүдний өвчин юм ....
Үүнээс гадна бид хүн амын орлогын албан татвар, аж ахуй нэгжийн орлогын албан татвар, нийгмийн даатгал төлнө. Улсын Их Дэлгүүрт аваачаад гутлаа борлуулъя гэхэд худалдааны татвар, лангууны түрээс төлнө. Нэг гуталны хувьд зөвхөн татвар, түрээсэнд 50 мянган төгрөг зарцуулдаг. Гэтэл би ашиг олох хэрэгтэй болно. Цавуу, ул, арьс, ажилчдын цалин, хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангасан зардал гээд бүгдийг гаргах хэрэгтэй болно. Ингэхээр нэг гутлыг дор хаяж 100 мянган төгрөгөөр үйлдвэрлэх хэрэгтэй болдог. Хэрвээ ашиг олъё гээд Нарантуул зах дээр 130 мянгаар заръя гэхэд 60-70 мянган төгрөгийн хуурамч арьсан гутал зарагдаж байхад яаж өрсөлдөх билээ? Худалдан авагчдын хувьд арьс мөн эсэхийг ялгадаггүй.
Тиймээс дотоодын зах зээлийг хамгаалдаг хууль хэрэгтэй гэж би яриад байгаа юм.
Импортын бараанаас бид татвар авч чадахгүй байна, авахад хүндрэлтэй байна. Гэхдээ энэ нь гаалийн буруу биш юм. Чемодан, цүнхээр зөөгөөд ороод байхаар чинь яаж шалгах юм бэ?
... Тиймээс ОХУ-д байдагтай адил тухайн импортын барааг лангуун дээр очсон хойно нь шалгадаг байх хэрэгтэй ....
Манайд Sunday, Сөөхий, Нарантуул дээр байцаагч очоод татвараа төлсөн болон бүтээгдэхүүн нь хуурамч эсэхийг шалгасан түүх байхгүй. Худалдаачин хилээр оруулахдаа нуугаад оруулж ирж болно. Лангуун дээр нууж чаддаггүй байхгүй юу? Тиймээс лангуу дээр нь очоод шалгалт хийх хэрэгтэй. Татвараа төлсөн арьсан бүтээгдэхүүн мөн эсэхийн гарал үүслээ тодорхойлоод зарж болно. Өөрөөр хэлбэл дотоодод үйлдвэрлэсэн арьсан гутлаас ялгаж өгөх хэрэгтэй. Ингэж л дотоодынхоо бүтээгдэхүүнээ хамгаалах нь зүйтэй.
Анхан шатны боловсруулалт хийгээд түүхий эдийг гадаадад гаргаж байна. Гүн боловсруулалт хийх боломжтой юу?
Их эргэлт ХХК-д хамгийн сүүлийн үеийн гүн боловсруулах тоног төхөөрөмж суурилуулан ажиллаж байна. Бид засгийн газрын тогтоолын дагуу “Гүн боловсруулалт хийсэн” үйлдвэрүүдийг зарлах ажлыг найман сард зохион байгуулдаг. “Гүн боловсруулалт хийсэн” үйлдвэрүүдэд түүхий эдээ зарсан малчид урамшуулал авдаг. Өнгөрсөн жил 22 ийм үйлдвэр байсан, энэ жил 26 болж нэмэгдсэн байна лээ. Одоо 4-5 үйлдвэр технологоо шинэчилчихвэл бүх үйлдвэрүүд “гүн боловсруулалт” хийх боломжтой болно. Цаашдаа Монгол Улсаас хагас боловсруулаад экспортолж буй арьс, ширнээс татвар авдаг болно.
Түүгээр ч барахгүй гүн боловсруулалт хийсэн арьс ширний үйлдвэр НӨАТ-ыг буцааж болно гэж бодож байна. Энэ асуудлыг УИХ-ын чуулганаар хэлэлцэнэ. Ингэвэл ажлын байр нэмэгдэж, гүн боловсруулалтын түвшин улам сайжрах юм. Энэ бол түүхий эдтэй улс орнуудад байдаг хандлага юм. ОХУ, Малайз, Индонез зэрэг улсууд хагас боловсруулсан бүтээгдэхүүн экспортод гаргахыг хориглосон.
Манай улсад 10 орчим сая ширхэг арьс ширэн түүхий эд бэлтгэгддэг. Арьс ширний салбарт одоо хамгийн үгүйлэгдэж байгаа зүйл бол халим, шар мах, шийр, толгой, жавжны арьс, өөх тос, зоргодос буюу хоёрдогч түүхий эд боловсруулах үйлдвэрүүд. Ноос ноолуурыг бид боловсруулан экспортолж байна. Дөчин сая шийр зүгээр л хаягдаж байна. Хуулдас боловсруулдаг маш том хэмжээний үйлдвэр барихаар болсон сайн мэдээ бий.
Түүхий эдээ тушаасан малчдад урамшуулал өгдөг болоод нэлээдгүй хугацаа өнгөрч байна. Ямар өөрчлөлт үр дүн өгсөн бэ?
Түүхий эд малчны гараас үйлдвэрт очих хүртэл 6-7 дамжлага дамждаг байсныг цөөлсөн. Сум, аймгийн хэмжээнд нэг дамжлагатай болсон. Орон нутагт мал эмнэлэг, үржлийн тасгийн мэргэжилтэн малын эрүүл мэндийн талаар мэдээллийг бүрдүүлдэг болсон. Хэрэв тухайн малчин малдаа ариутгал, туулгыг стандартын цаг хугацаанд нь хийлгээгүй бол урамшуулал олгохгүй гэж хэлэх эрх тэр мэргэжилтэнд байна. Энэ нь урамшууллын гол түлхүүр юм. Ингэснээр мал эрүүлжих ёстой. Харамсалтай нь энэ ажил төдийлөн сайн явахгүй байна. ХХААЯ-ны мал эмнэлэгийн алба муу ажиллаж байна.
Гэхдээ үндэсний үйлдвэрүүдэд түүхий эдийг гэмтлээр нь ангилж авдаг болсон нь сайн хэрэг. Түүхий эдэд амьдын гэмтэл буюу хачиг, хувалз, тээвэрлэлтийн үеийн гэмтэл, хадгалалт, өвчилтийн үеийн гэсэн гурван гэмтэл байдаг.
... Манайхан хээрийн бойгоор малаа нядалдаг байсан цагт хоёр зүйл хэзээ ч алга болохгүй. Энэ бол малын хулгай, арьс ширний хангалтгүй чанар ....
Тиймээс 330 сумын ядаж 100 суманд мал нядалгааны стандартын шаардлага хангасан цех байгуулах ёстой. Ингэснээр малчдын түүхий эдийн үнэ болон чанар өсч урамшуулалын өгөөж нэмэгдэнэ.
Европ руу татваргүй бараа бүтээгдэхүүн гаргаж болно гэж та хэллээ. Гадаадад экспортлоход юу саад болж байна вэ? Стандартад нийцэхгүй байна уу, эсвэл бусад хүчин зүйлээс болж байна уу?
Европ руу тодорхой хэмжээнд гаргаж байна. Дархан-Нэхий, “Монгол Шевро”, "Их эргэлт" "Яармаг", “Мон-Ирээдүй” зэрэг компаниуд Европт бүтээгдэхүүнээ гаргаж байна. Европынхан үхрийн арьс авахыг их хүсдэг юм. Өнөөдөр үхрийн арьсны үнэ хямдхан байна. Яагаад хямдарсан бэ гэхээр зах зээлд борлуулагдахгүйдээ биш, энэ жил маш их хэмжээгээр гууртсантай холбоотой. Энэ жилийн үхрийн арьс шүүрэн шанага болсон. Өнгөрсөн жил нийлүүлсэн тариа ус байсан, эсвэл малчид шимигчээс сэргийлэх тарилга хийлгээгүй байх. Иймээс үхрийн арьсны үнэ 15-40 мянган төгрөг болтлоо унасан. Гадаад зах зээл үүнд ямар ч хамаагүй.
Хонь ямааны арьсанд өлөнг нь хамт боогоод явуулчихдаг учраас маш хурдан бактер үрждэг, өтдөг. Арьсны уураглаг чанар алдагддаг гэсэн үг.
Тиймээс бид малаа эрүүлжүүлэх хэрэгтэй. Үе үеийн Засгийн газар гоц халдвар өвчин гарсны дараа их мөнгө цацаж ирсэн. Харин малынхаа шимигчийг устгах, урьдчилан сэргийлэх тал дээр бага ажилласан байна. Бусад засаж залруулах, сайжруулах хүчин зүйлүүд байгаа нь гадаадад экспортлох бүтээгдэхүүний чанарт маш муугаар нөлөөлж байна.