Үйлдвэржсэн Монгол болоход ойртов
Манай улс хүнд аж үйлдвэртэй болчихвол өнөөгийн жижиг, дунд бизнес болон өрхийн үйлдвэрлэл дагаад өндийхөд нэн таатай орчин бүрдэнэ.
2014.12.09

Үйлдвэржсэн Монгол болоход ойртов

Намын дарга нь Ерөн­хийлөгчөөр сонгогдож халаагаа Н.Алтанхуягт үлдээснээс хойш өнөөгийн эрх баригч Ардчилсан намын дотоод ард­чилал үгүй болсон гэж үзэх хүн цөөнгүй бий. Тиймээс намынхаа дотоод ардчиллыг сэрээж, 2012 онд байгуулсан Шинэчлэлийн Засгийн газраа, намын тэргүүнтэйгээ хамт унагаасан Үндэсний зөвлөлдөх хурлаа саяхан зохион байгуулсан.

Ингээд намын шинэ дарга, Шийдлийн гэх тодотголтой шинэ Засгийн газартайгаар Ардчилсан хувьсгалын 25 жилийн ойгоо угтлаа. Тэд намынхаа төрсөн өдрөөр ардчилсан хувьсгалын ойн баярын нээлтийг зарласан нь өнгөрсөн бямба гараг юм. Төрийн тэргүүн мэндчилгээ илгээж, намын дарга, Ерөнхий сайд нар илтгэл тавьж хувьсгал хийгээд өнгөрсөн хугацааг эргэцүүлэн, ирээдүйн талаар саналаа хуваалцсан. Мөн ардчилсан хувьсгалыг анхлан зохион байгуулалцаж, хувь нэмрээ оруулж, үүргээ гүйцэтгэсэн дөрвөн байгууллагын төлөөлөл ч мэндчилгээ дэвшүүлсэн билээ.

Ардчилсан намын дарга З.Энхболд болон шинэ Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн үгэн дундаас ирээдүйн тухай хэсэгт нь үйлдвэржилт гэдэг томъёоллыг олж үзэж болно. Мөн Монголын ардчилсан холбооны дарга Х.Баттулга ч үүнийг илтгэл дундаа илэрхий хэлж, шүүмжлэх зүйлсийг ч орхигдуулаагүй юм. Тэдний үгнээс үзэхэд Ардчилсан нам одоо л үйлдвэрлэл, бүтээн байгуулалтын ажилдаа ханцуй шамлан орохоор завдаж буй бололтой. Тэдний илтгэлээс үйлдвэржилттэй холбоотой агуулгыг хэсэглэн авч үзье. “Үйлдвэржилт бол Монгол Улсын эдийн засгийн хувьсгалын үргэлжлэл.

Бид төмрийн хүдэр, зэсийн баяжмал, жонш гээд маш их баялгийг боловсруулахгүйгээр гадаад орон руу экспортолдог. Энэ болгоныг үйлдвэр болгож чадвал Монголд хүнд үйлдвэрээс салбарласан олон үйлдвэр байгуулж, олон ч хүн ажилтай болно. Цаашид цахилгаан, шатахуун, гангийн үйлдвэрүүдээ хөгжүүлбэл зөв­хөн дотоодын хэрэгцээг хангаад зогсохгүй экспортлох боломж ч бий.

Тиймээс үйлдвэржилтийн бодлого Монгол Улсын эдийн засгийн нэн тэргүүний зорилт болж байна. “Чингис”, “Самурай” бондын хөрөнгөөр эрчим хүч болон үйлдвэрлэлийн салбараа хөгжүүлэх, шинэчлэх төслүүд амжилттай хэрэгжиж байна” гэж намын дарга, УИХ-ын дарга З.Энхболд хэлжээ. Харин Ерөнхий сайд Ч.Сайханбилэг “Би Монголд төрсөн юм гэдэг хүний эрх, эрх чөлөө хангагдсан улс төрийн энэ ололтоо “Бид Монголд үйлдвэрлэсэн юм” гэх эдийн засгийн эрх чөлөө, хөгжил дэвшлээр баяжуулах цаг хүлээж байна” хэмээх бадрангуй үгийг хэлсэн байна.

МоАХ-ны дарга, УИХ-ын гишүүн Х.Баттулгын хувьд “Үйлдвэржилтийн зориг­той төслүүд дэвшүүлсээр байхад Ардчилсан төр үүнийг үл хэрэгссээр ирлээ. Ардчилсан хувьсгалын гол удирдагчдын нэг Цахиагийн Элбэгдорж 2008 оны сонгуульд орох­доо манай намын гол уриаг үйлдвэржилт болгон тунхаг­ласан нь тод, том дэвшил байсан хэдий ч дараагийн удирдлагууд үүнд анхаарч, бодлогоо чиглүүлсэнгүй.

Том үйлдвэргүйгээр жижиг, дунд үйлдвэр хөгжихгүй гэдгийг дуулсаар, мэдсээр хэрнээ өрхийн үйлдвэрлэл маягийн зүйлд хөрөнгөө тарамдаж, экс­портын орлого олох том бүтээн байгуулалтаа царцааж байгаа нь ардчилсан нийгмийн том ухралт боллоо” гээд шүүмж­­лэнгүй хандаж байсан билээ.

Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайдаар “давхар дээлтэй” ажиллаж байхдаа УИХ-ын гишүүн Х.Баттулга хүнд аж үйлдвэрийг хөгжүүлэх их ажил эхлүүлж, түүнтэйгээ зэрэгцүүлэн төмөр замын төсөл ч боловсруулахад нэлээд анхаарсан. Гэвч Ардчилсан намын мөрийн хөтөлбөрт жинтэй орон зай эзэлсэн дээрх үйлдвэржилтийн төсөл нь үгүйсгэгдэж, төмөр замын бодлого нь ч өөрөөр батлагдсан тул тэрээр эрс шүүмжлэлийн байр сууринд шилжсэн гэхэд болно.

Уг нь, дээрх гурван эрхмийг нэгтгэж буй Ардчилсан намын мөрийн хөтөлбөрийн гол цөм нь “Үйлдвэржилт” аж. 2012 оны сонгуульд оролцохдоо бүгдээрээ хүлээн зөвшөөрч, баталсан УИХ-ын сонгуулийн мөрийн хөтөлбөр дундаас “үйлдвэр” гэдэг түлхүүр үгээр хайж үзвэл 48 илэрц торойгоод гарч ирэх аж. Энэ дотроо спиртийн үйлдвэрлэлийг л төр монопольдоно гэсэн байхаас бусдаараа дэмжинэ, хамжина, тэтгэнэ, тусална, боломж олгоно, үүдийг нь нээнэ гэхчлэн бизнес эрхлэгчдийн чихэнд зуун хувь эерэг утгатай амлалтууд аж.

Тэр байтугай эмийн үйлдвэрлэлийг хүртэл эрчимтэй нэмэгдүүлэх агуулга ч олдлоо. Мөрийн хөтөлбөрийнх нь “Үйлдвэржүүлэх бодлого хэрэгжүүлэх чиглэлд” гэсэн бүлэгт “Уул уурхайн бүтээгдэхүүн боловсруулах зорилгоор аж үйлдвэрийн анхны паркийг Дорноговь аймгийн Сайншанд хотод байгуулна” гээд үүнд:

-Жилд нэг сая тонн кокс боловсруулах үйлдвэр,

-Жилд 850 мянган тонн бензин, 85 мянган тонн шингэн байгалийн хий үйлдвэрлэх хүчин чадалтай нүүрс шингэрүүлэх үйлдвэр,

-Жилд 660 мянган тонн зэсийн баяжмал үйлдвэрлэх хүчин чадалтай зэс боловсруулах үйлдвэр,

-Жилд 500 мянган тонн эцсийн бүтээгдэхүүн гаргах хүчин чадалтай төмөрлөгийн үйлдвэрийг тус тус байгуулна.

-Сайншандын бүтээн байгуулалтад шаардагдах дэд бүтэц, 600-800 МВт-ын хүчин чадал бүхий цахилгаан станц, төмөр замын өртөө, автозамыг байгуулна.

-Сайншандад төмөр зам, авто зам, нисэх онгоцны буудал бүхий тээврийн зангилаа байгуулна гээд тодорхой заачихжээ. Хэрэв хэдхэн сарын өмнөх мэдээлэл, нийтлэлийг сөхөн үзвэл Х.Баттулга гишүүний боловсруулж, өргөн барьж, хэлэлцүүлсэн САҮЦ буюу Сайншандын аж үйлдвэрийн цогцолбор хэмээх нүсэр төсөл нь дээрх заалттай бүрэн давхцаж буйг харах юм.

Өөрөөр хэлбэл, Ардчилсан намынхан ард түмэнд амлан байж УИХ-ын танхимд эрх баригч болчихоод эцэст нь түүнийгээ үгүйсгэж, дэгээдсэн болж таарав. Гэвч урьдын юмс ул болж, шинэ бүхэн зул болдогийн адилаар өм­нөх будилаан, маргаан, мэтгэл­цээнийг өнгөрсөнд нь үлдээе.

Бидний өмнө юу байгааг сайн харвал үйлдвэржилтийн замд хөл тавих эхлэлийн цэгт ирж буй бололтой. Өнгөрсөн хугацаанд мартаж, үгүйсгэж ирсэн үйлдвэржилтийн бодлогыг өнөөгийн намын удирдлага, Засгийн газар хэрэгжүүлэх нь гэх найдлага төрөөд байгаа юм. Ард түмэн Ардчилсан намыг төрийн эрхэнд сонгосон хоёр дахь боломжийг ингэж л ашигтайгаар эргүүлэхгүй бол сөрөг хүчиндээ үгээр идүүлж, сандал суудлын хэрүүлээс бусдыг хийдэггүй гэх хуучин нэрээ бараг баталгаажуулчихаад байна.

Гэвч үйлдвэр, бүтээн байгуулалтын их аян эхлэхийн тулд тулд Ч.Сайханбилэгийн Засгийн газар бүрдэлдэж, салбарын сайд нь томилогдох ёстой. Одоогоор Аж үйлдвэрийн яам байгуулах нь тодорхой болж, сайдаар нь УИХ-ын гишүүн, АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбатыг нэр дэвшүүлсэн.

Хэн хийх нь чухал биш монголчууд хүнд аж үйлдвэрийн төслөө эхлүүлэх нь л чухал болчихоод байгаа энэ цаг үед мөн ч их яармаар санагдана. Манай улс хүнд аж үйлдвэртэй болчихвол өнөөгийн жижиг, дунд бизнес болон өрхийн үйлдвэрлэл дагаад өндийхөд нэн таатай орчин бүрдэнэ. Нөгөөтэйгүүр, хөгшин, залуу, өндөр нам, бүдүүн нарийнаар ялгаварлан гадуурхдаггүй масс ажлын байр зах зээлд бий болох нь дамжиггүй билээ. Нохойн дуу ч ойртов шүү.