УИХ-ын гишүүн С.Ганбаатар
2014.02.14

Ургамлын тосны хэрэгцээгээ хангаж, гадаад руу экспортлох боломжтой

Манай улс нийт хэрэглээнийхээ 88 хувийг гадаадаас импортлосон бараа, бүтээгдэхүүнээр хангаж, энэ хэрээр гадагш гарах мөнгөний урсгал нэмэгдсээр байна.

Иймээс дотоодын үйлдвэрлэлийг дэмжих ажлыг нэлээд эртнээс хэрэгжүүлж эхэлсэн ч жижиг, дунд бизнес эрхлэгчдээс бусад эдийн засгийн үр өгөөж бүхий томоохон үйлдвэрүүд рүү чиглэсэн бодлого тааруу байсан юм. Тэгвэл энэ жил Засгийн газраас импортыг орлох, экспортыг нэмэгдүүлэх чиглэлийн төсөл, хөтөлбөрүүдийг дэмжихээ мэдэгдээд байгаа билээ. Энэ чиглэлийн төсөл, хөтөлбөрүүдийг сонгон шалгаруулахаар бүртгэж аваад байгаа бөгөөд эхний ээлжинд 1151 төсөл, хөтөлбөр бүртгэгдээд байгаа аж.

Ийм бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг зарим үйлдвэртэй УИХ-ын гишүүд газар дээр нь очин танилцаж эхэлжээ. Дархан-Уул аймаг дахь “Монгол Алтан тос” ХХК-ийн үйл ажиллагаатай хэвлэлийнхэн болоод УИХ-ын гишүүн С.Ганбаатар нарын бүрэлдэхүүнтэй баг газар дээр нь очиж танилцсан юм.

Тус компани өдөрт 100 тонн, жилдээ 33000 тонн тос үйлдвэрлэх хүчин чадалтай бөгөөд гурав дахь жилдээ үйл ажиллагаагаа явуулж байгаа гэнэ.

Хүн хоногт 30 гр ургамлын тос хэрэглэх ёстой гэнэ. Ингэж чадвал өөрт хэрэгтэй аминдэмийг аваад зогсохгүй зүрх, судасны өвчин, даралт ихсэх эмгэгээс сэргийлж чадна гэж үздэг байна.  Манай улсын ургамлын тосны жилийн  нийт хэрэглээ 23000 тонн байдаг аж. Үүний 30 хувийг тус компани дангаараа хангадаг юм. Гадаадын олон улс, орноос ургамлын тосыг импортоор оруулж ирдэг, энэ утгаараа өрсөлдөгч ихтэй зах зээл гэж байна. Тус компани өдөрт 100 тонн, жилдээ 33000 тонн тос үйлдвэрлэх хүчин чадалтай бөгөөд гурав дахь жилдээ үйл ажиллагаагаа явуулж байгаа гэнэ.

УИХ-ын гишүүн С.Ганбаатар “Хэдэн жилийн өмнө боломжгүй гэгдэж байсан ургамлын тосоор монгол орныг хангаад одоо экспортод гарах бүрэн боломжтой болж байна. үүнд засгийн газраас янз бүрийн хөтөлбөрөөс хүчтэй дэмжлэг үзүүлж, үйл ажиллагаагаа өргөтгөх шаардлагатай байна. үүнийг засгийн газар, УИХ-ын бодлогын түвшинд ярих шаардлагатай” хэмээн хэллээ.

Бүтээн байгуулалтын салбарын хүрээнд хүнсний үйлдвэрийг дэмжиж ажилласнаар дотоодын үйлдвэрлэлийг бий болгох эрүүл аюулгүй хүнсийг ард иргэддээ хүргэх боломж нээлттэй байна.