Г.Баярсайхан: Дэмжиж ажиллахдаа бодит арга хэмжээг авах шаардлагатай
УИХ-ын гишүүн, Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Г.Баярсайхан
2014.07.09

Г.Баярсайхан: Дэмжиж ажиллахдаа бодит арга хэмжээг авах шаардлагатай

УИХ-ын гишүүн, Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Г.Баярсайхантай ярилцлаа.

-Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны даргын хувьд хүнс хөдөө аж ахуйн салбарыг хэрхэн дэмждэг вэ?

Газар тариалан, мал аж ахуйн салбарыг эрчимжүүлэх нь илүү үр өгөөжтэй учраас байнгын хороо, Засгийн газар, УИХ-аар дэмжиж байгаа. Жи­­шээлбэл Төв, Сэлэнгэ зэ­рэг аймгийг зөвхөн газар тариалангийн бүс гэх үү, эсвэл мал, аж ахуй, газар та­риа­лан хо­солсон болгох уу.

Эрчимж­сэн мал аж ахуйг мах болон сүүний чиглэлийн гэх мэтээр хөгжүүлэх үү гэдгийг бодлогоороо тодор­хойлчихвол эдийн засгийн илүү ашиг тустай шүү дээ. Тэгэхээр дэмжлэг сайтай байгаа.

-Ургамлын тосны үйлдвэрлэл монголд явагдаад эхэлснийг мэдэж байгаа байх. Энэ мэт импортыг орлох бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг хэрхэн дэмжих нь зүйтэй гэж үздэг вэ?

Ургамлын тос гэдэг монголчуудын хүнсний хэрэглээний бүтцэд хувьсгал авчирсан бүтээгдэхүүн. 1980-аад оны дунд үеэс эхэлж хэрэглэж ирсэн.

Түүнээс өмнө дандаа амьтны гаралтай, боловсруулахад хүнд тосыг хэрэглэдэг байсан.

Ургамлын тос бол биед түргэн шингэдэг шингэц сайтай тос. Үүнийг хэрэглэснээр монголчуудын эрүүл мэндэд сайнаар нөлөөлсөн.

Импортыг орлох бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж эхэлсэнд үнэхээр баяртай байгаа. Монгол хүний хувьд үүнийг дэмжих ёстой. Энэ ч үүднээс дотоодын үйлдвэрлэлийг дэмжих, монголын газрын хөрсөнд ургуулсан ургамлаас тос гаргахыг дэмжиж, эко органик хүнсийг ард иргэддээ хүргэхийг бодлогын хувьд байнгын хороо, яам дэмжиж ажиллах нь зайлшгүй хэрэг.  

Дэмжиж ажиллахдаа бодит арга хэмжээг авах шаардлагатай. Хөдөө аж ахуйн салбарын хувьд фермерүүд, хүлэмжийн төсөл, сүүний

үйлдвэрлэлийн чиглэлээр төрөөс бодитой дэмжлэгүүд явж байгаа гэж боддог.

Дотоодын компаниуд ургамлын тос шахаж, эцсийн бүтээгдэхүүн гаргах нь том зорилго байгаа. Засгийн газрын зүгээс яг энэ чиглэлээр ажиллах шаардлагатай. Байнгын хороо бас энэ асуудлыг анхааралдаа аваад ажиллаж байгаа. Байнгын хорооноос ургамлын тосны үйлдвэрлэлийг дэмжих чиглэлээр бусад хөтөлбөрүүдийн хамт дэмжээд явах ёстой гэсэн саналыг товчхон хэлмээр байна.

-Эдийн засгийн идэвхжилийг нэмэгдүүлэх зарим арга хэмжээний тухай тогтоолын төслийн хүрээнд чухал хуулийн төслүүдийг хэлэлцэхээр төлөвлөсөн ч амжаагүй. Тэгэхээр амлалт авсан 100 хоногийн үр дүн хэр байх бол?

Яг 101 хоног дээрээ эдийн засаг сайжирна гэвэл тийм зүйл байхгүй. Ер нь дэлхийн зах зээл дээр Монголын экпортолж байгаа уул уурхайн бүтээгдэхүүний үнэ 30-50 хүртэл уначихсан. Тэгэхээр эдийн засгийн хүндрэлтэй нөхцөл байдал цаашид тодорхой хугацаанд үргэлжлэх болов уу гэж. би хувьдаа харж байгаа.

Энэ нөхцөл байдлаас гарахын тулд төмөр замын асуудлаа яаралтай шийдвэрлээд Ашигт малтмалын тухай хуулийн батлах шаардлагатай. Мөн Ерөнхийлөгчийн зүгээс санаачилж байгаа Шилэн дансны тухай хуулийн төсөл, Хариуцлагын тухай хуулийн төслүүдийг батлах нь чухал. Эдгээр хуулийн төслүүд хариуцлагатай тогтолцоог бий болгоход өндөр ач холбогдолтой учраас дэмжээд явах хэрэгтэй.

Ярилцсанд баярлалаа.