Г.Ганболд: 888 төслөө урагшлуулбал ургамлын тосны салбар 100 хувь хөл дээрээ босч ирнэ
Монгол алтан тос ХХК-ийн гүйцэтгэх захирал Г.Ганболд
2014.07.09

Г.Ганболд: 888 төслөө урагшлуулбал ургамлын тосны салбар 100 хувь хөл дээрээ босч ирнэ

Монгол алтан тос ХХК-ийн гүйцэтгэх захирал Г.Ганболдтой дотоодын ургамлын тосны үйлдвэрлэл болон эдийн засгийн өнөөгийн байдлыг компаниуд хэрхэн давах ёстой талаар ярилцлаа.

-Импортыг орлох бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж байгаа танай үйлдвэрийн хувьд эдийн засгийн хүндрэлтэй үеийг хэрхэн даван туулах ёстой гэж боддог вэ?

Дотоодын компаниуд бие биенээ дэмжих хэрэгтэй гэж боддог. Өнөөгийн нөхцөл хямрал руу орж байгаа нь үйлдвэрлэгчдэд мэдрэгдэж байна. Бүх салбарт борлуулалт багасч иргэдийн худалдан авах чадвар буурсан. Хүмүүс гэртээ талх, боов авдаг байсан бол талхаа л авч байна. Монголын үйлдвэрлэгч нар энэ хүнд цагт бие биенээ дэмжиж ажиллах хэрэгтэй.

Хэрвээ дотоодын үйлдвэрээс авах боломжтой түүхий эд, бараа материал, бүтээгдэхүүн байвал дотоосоо л авья гэсэн уриаг дэвшүүлмээр байна. Мөн ард иргэд дотоодын үйлдвэрийн бүтээгдэхүүнээ худалдан авч тэдэндээ нэн их дэмжлэг үзүүлэх хэрэгтэй.

-Тухайлбал танай үйлдвэр дотоодоосоо ямар бүтээгдэхүүн авах боломжтой вэ?

Манайх түүхий эдээ гаднаас авахаас өөр аргагүй. Ургамлын тосны гол түүхий эд болсон рапсын үр боловсруулах үйлдвэр, хадгалах элеватор байхгүй учраас гаднаас л авдаг. Харин  сав баглаа боодлыг дотоодоос авдаг. Тухайлбал шошго, бөглөө, хайрцаг гэх мэт. Савны бэлдэцийг дотоодын Монпактрейд ХХК-аас авч байгаа. Их хариуцлагатай компани.

Харин үйлдвэрийн лабораторийн шинжилгээний хэрэгслүүд болон технологийн бодисуудыг монголынхоо Реактив, Цэцүүх зэрэг компаниас авдаг. Ер нь түүхий тосноос бусад үйлдвэрт хэрэгтэй зүйлийг дотоодын компаниудаас авдаг. Эдгээр материалыг гадаадаас авбал хамаагүй хямд ч гэлээ монголынхоо компаниудыг дэмжсэнээр илүү хөгжилд хүрнэ гэж боддог. Энэ мэтчилэн жишээ нь ургамлын тосны хэрэгцээтэй болон борлуулалтын үйлчилгээ явуулдаг аж ахуй нэгжүүд бие биенээ дэмжиж  хамтарч ажиллах бүрэн боломжтой.

-Гэхдээ зарим талаар үйлдвэрлэгчид дотоодын компаниас авсанаас урдаас хямдхан авсан нь дээр гэх ойлголттой байдаг. Танай бүтээгдэхүүний үнэ импортын бүтээгдэхүүнтэй өрсөлдөх хэмжээнд  байгаа юу?

Гэхдээ хэдий болтол хямд төсрийг харах вэ. Импортыг орлох бүтээгдэхүүнийг Монголдоо л үйлдвэрлэмээр байна шүү дээ. Хүнсний ургамлын  тосоо зуун хувь импортоор авдаг хараат байсан. Харин энэ тоо сүүлийн үед буурч байгаа нь гол амжилт.

Бид анх 2011 оны 12 сард маш өндөр чанартай бүтээгдэхүүн зах зээл дээр нийлүүлж эхэлсэн хэдий ч олонд танигдаагүй учир үнээ хямд тогтоож алдагдалтай ажилласан. Тухайн үед 2012-2013 онд төрөл бүрийн бүтээгдэхүүний үнэ өсч байхад ургамлын тосны үнэ өсөөгүй нь манай компани хамгийн доод үнийг барьсантай холбоотой.

Гэхдээ одоо бүтээгдэхүүнд ордог сав, баглаа боодол, материалуудын үнэ 20-30 хувь нэмэгдсэн. Тосны ургамал боловсруулах үйлдвэр байхгүй, тосны ургамал болох рапс 100 хувь БНХАУ руу гарч, импортын  түүхий тосны үнэ валютын ханшны өсөлтөөс шалтгаалж их хэмжээгээр нэмэгдсэн зэргээс үүдэн бүтээгдэхүүний үүнийг нэмэхээс өөр аргагүй болж байна. 

-Танайх ургамлын тосыг  яаж үйлдвэрлэдэг вэ. Дотооддоо боловсруулах ямар боломж байна вэ?

Хэдийгээр манай монголд тосны ургамал рапс ургадаг ч гэлээ боловсруулах үйлдвэр байхгүй учир гадагшаа л түүхийгээрээ гарч байна. Харин манай үйлдвэр гаднаас  түүхий тос аваад үйлдвэрлэлийн

дөрвөн шат дамжлага болох: 1. Рафинаци буюу савангаас нь салгах, 2. Тугалагжуулалт буюу өнгийг цайруулах, 3. Хөргөлт буюу лааны бодисоос салгах, 3. Дезодораци буюу үнэр амтнаас салгах гэсэн дамжлагуудаар оруулан нэмүү өртөг шингээж эцсийн бүтээгдэхүүн болох хүнсний ургамлын тосыг дотооддоо үйлдвэрлэн зах зээлд нийлүүлж байна.

Манай компани тосны ургамлын үр хадгалах элеватор, тосны ургамал боловсруулах үйлдвэрийг барихаар төслөө Эдийн засгийг эрчимжүүлэх аяны хүрээнд зохион байгуулагдаж байгаа 888 төсөлд өгчихсөн яваа. Хэрвээ боловсруулах үйлдвэрийг өөрсдөө бий болговол ургамлын тосоо дотооддоо хямд чанартай үйлдвэрлээд гадагшаа экспортлох боломжтой болно.

-Импортыг орлох, экспортыг дэмжих хүрээнд ямартай ч танай төсөл тэргүүн ээлжинд сонгогдсон юм байна. Хэрвээ боловсруулах үйлдвэр байгуулагдвал хичнээн ажлын байр бий болох вэ. Хичнээн тонн ургамлын тосыг үйлдвэрлэнэ гэсэн үг үү?

Одоогоор 888 төслийн хүрээнд зээл олгож эхлээгүй байгаа ч Засгийн газар ажлаа хийж байгаа гэдэгт итгэж, хүлээж байна. Хэрвээ бид 888-аас санхүүжигдэн өөрийн төслөө эхэлвэл нэг жилийн дотор боловсруулах үйлдвэрээ барьж, ашиглалтад оруулна.

Нийт 150 гаруй хүний ажлын байр бий болж, дотоод болон гадаад зах зээлд жинхэнэ монгол хөрсөнд ургасан тосны ургамлаар экологийн цэвэр өндөр чанарын ургамлын тос, малын тэжээл, эдийн саван, майонез, кетчуп,  маргарин, био дизель үйлдвэрлэн нийлүүлж эхлэх юм.

  Манай үйлдвэрийн одоогийн хүчин чадал бол хоногт 100 тонн ургамлын тос, сард 3000 мянган тонн, жилдээ 33000 тонн ургамлын тос

Шар буурцагны үнэргүй цэвэр тос

үйлдвэрлэх хүчин чадалтай. Гэхдээ одоогоор бүх хүчин чадлынхаа 20 хувийг л ашиглаж байгаа. Гэвч монголын хүнсний ургамлын тосны нийт зах зээлийн 30 хувийг эзлээд байгаа нь чамлахааргүй амжилт гэж үзэж байна.

-Манай улсын ургамлын тосны хэрэгцээ жилд хичнээн байдаг вэ. Импортоор хэдэн улсаас орж ирдэг бол?

Манай улсын ургамлын тосны бүтээгдэхүүний хэрэгцээ жилд ойролцоогоор 26 мянган тонн байдаг. Ургамлын тосны бүтээгдэхүүнүүд гэдэгт хүнсний ургамлын тос \9-ийн тос\, масло, маргарин, дал модны тос, техникийн ургамлын тос  гэх мэт орно.

Харин хүнсний зориулалтын есийн тосны хэрэгцээ нь 16 мянган тонн байдаг. Бид үйлдвэрээ анх байгуулахдаа монголынхоо хэрэгцээг хангаад зогсохгүй, экспортод гаргах том зорилт тавьсан учир үйлдвэрээ хамгийн сүүлийн үеийн Австри, Бельги, Германы тоног төхөөрөмжөөр тоноглон үйл ажиллагаагаа эрхэлж байна.

Боловсруулах үйлдвэрээ баривал яг монголын хөрсөнд ургасан тосны ургамлаа боловсруулаад түүхий тосоо гаргаж аваад, эцсийн бүтээгдэхүүнээ үйлдвэрлэж, экспортод гаргана. Одоогоор манай улс 17 орноос импортоор ургамлын  тос авч байгаа. Чанар нь харилцан адилгүй байдаг.

-Танай бүтээгдэхүүн чанартай гэдгийг юугаар нотлох вэ?

Бид өөрийн бүтээгдэхүүнээ Германы лаборатори, БНХАУ-ын Бээжин дэх амьтан ургамлын тосны улсын төв лаборатори, Санкт-Петрбургийн амьтан ургамлын тосны лаборатори, Монголын Мэргэжлийн хяналтын төв гээд зургаан лабораторт  шинжилгээ хийлгүүлсэн. Дээрхи лабораториудын шинжилгээгээр манай бүтээгдэхүүнийг чанарын өндөр зэрэглэлийн ба бүх стандарт норм горимыг мөрдсөн бүтээгдэхүүн байна гэж дүгнэсэн. Мөн манайх үйлдвэр дотроо улсын магадлан итгэмжлэгдсэн өөрийн лабораторитой.

-Ер нь дотоодын үйлдвэрлэл, ялангуяа импортыг орлох бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг хэрхэн дэмжих ёстой гэж боддог вэ?

Төр засаг үүнийг бодлогоор зохицуулах ёстой. Бүтээгдэхүүнийг нь үйлдвэрлэх үйлдвэр байсаар атал гаднаас импортлохыг багасгах хэрэгтэй.

Манай монгол гурван бүтээгдэхүүнээ хийж чаддаггүй байсан. Элсэн чихэр, цагаан будаа, ургамлын тос. Ургамлын тосоо хийгээд эхэлсэн учраас Засаг төрөөс зах зээл хамгаалах бодлого заавал явуулах ёстой. Энэ зөвхөн ургамлын тосны салбарт ч биш бусад салбарт мөн адил. Бас нэг зүйл гэвэл хүнсний аюулгүй байдал.

Ургамлын тос бол хэрэглээний сагсны гол нэрийн үндсэн бүтээгдэхүүн учир стратегийн гэж хэлж болно. Иймд стратегийн бүтээгдэхүүнээ дотооддоо үйлдвэрлэх, зах зээлийг нь хамгаалах, ижил төрлийн импортын бүтээгдэхүүн бага орж ирэх тал дээр, тосны ургамлын үр болох рапсын гадагшлах урсгалыг байхгүй болгох тал дээр Засгийн газар анхаарал хандуулж арга хэмжээ авах шаардлагатай гэж үзэж байна.

-Цаашдын боломж  ирээдүйг хэрхэн төсөөлж байна вэ?

Зөв дэмжээд өгвөл ургамлын тосны салбар 100 хувь хөл дээрээ босч ирнэ. Олон сайхан давуу тал бий болно. Жишээлбэл майонез, улаан лоолийн сүмс, кетчуп, саван, цэвэрлэгээний бодис, биотүлш, биодизель үйлдвэрлэж эхэлнэ.

Ургамлын тосны түүхий эд боловсруулах үйлдвэр маш хэрэгтэй. 1 тонн рапсаас 350 кг тос гаргаж авдаг. Харин үлдсэн хэсгээр нь өндөр чанарын малын тэжээл хийх боломжтой. Үүнийг дагаад эрчимжсэн мал аж ахуй хүчтэй хөгжинө. Хонины аж ахуй, үхрийн аж ахуй,  гахайн шувууны фабрик хөгжинө.

Эрчимжсэн мал аж ахуй хөгжихөд хамгийн гол зүйл бол стандарт нормын дагуу үйлдвэрлэсэн их хэмжээний малын тэжээл байдаг.  Манай улсын Мал аж ахуйн салбар шинэ хөгжлийн шатанд очно.  Одоогоор Экспортыг нэмэгдүүлэх, Импортыг орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн 888 төслийн санхүүжилтийн үйл ажиллагаа Төр засгийн зүгээс зогсонги байдалд байна. Үйлдвэрлэгчид бид хагас жил гаруй хугацаанд энэхүү  Засгийн Газраас зарлан санхүүжүүлэх 888 төслийн үйл ажиллагааг бүлтийтэл харан, хүлээж, хөөцөлдөн  арилжааны банкуудад хандан доривтой хариу аваагүй л явж байна.

-Танай үйлдвэрт хичнээн хүн ажилладаг вэ?

Гадны зургаан мэргэжилтэнтэй нийлээд 108 хүн ажилладаг. Ургамлын тосны үйлдвэрлэл манай улсад урьд өмнө байгаагүй тул мэргэжилтэн боловсон хүчин байхгүй муу талтай.

Тийм ч учраас бид гадаадын мэргэжилтэн хөлсөөр ажиллуулж тэднийг монгол ажилчдад зааж сургах үүрэг хүлээлгэсэн. Үүний тусаар бид нилээд боловсон хүчин бэлдэн авч үйл ажиллагаагаа явуулж байна.

-Та түрүүн 17 улсаас импортын тос орж ирдэг гэж хэлсэн. Сайн чанартай тосыг хэрхэн ялгах вэ?

Манай улсад Орос, Украин, Солонгос улсаас ургмлын тосны бүтээгдэхүүнүүд их хэмжээгээр орж ирдэг. Орос бол өөрийгөө 90 хувь хангачихсан, маш том ургамлын тос  үйлдвэрлэгч орон.  Хятад, Малайз, Сингапураас дал модны тос орж ирдэг.

Дал модны тосны хайлах градус нь 37 хэм учир хүний биед ходоодонд ороод хайлахгүй уддаг, шингэц муу талтай. Тийм тосоор хийсэн хоол хүнс, нарийн боов тагнайд наалдаад царцаад байдаг л даа. Манай улсад хэтэрхий бага үнэтэй ба чанар нь эргэлзээтэй тоснууд, хадгалалтын хугацаа нь дуусч байгаа, дахин савласан, төрөл бүрийн ургамлын тос хольсон гэх мэт бүтээгдэхүүнүүд орж ирдэг.

Эдгээр тосны чанар стандарт нь манай холбогдох байгууллагууд хяналтаа  тавьж ажиллах байгаа байх. Хяналтаа улам сайн болгоно гэдэгт итгэж байна.

 Ярилцсанд баярлалаа.