УИХ-ын гишүүд БНЧУ-д ажлын айлчлал хийлээ
УИХ-ын БОХХАА-н байнгын хорооны дарга Г.Баярсайхан тэргүүтэй төлөөлөгчид БНЧУ-д ажлын айлчлал хийлээ.
2013.11.27

УИХ-ын гишүүд БНЧУ-д ажлын айлчлал хийлээ

УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Г.Баярсайхан тэргүүтэй УИХ-ын гишүүн Д.Ганбат, Ц.Оюунбаатар, Монгол-Чехийн найрамдлын бүлгийн дарга, УИХ-ын гишүүн Ж.Батсуурь нарын Монголын парламентын төлөөлөгчид энэ сарын 21-24-нд БНЧУ-ын Парламентын дээд танхим болох Сенатын урилгаар тус улсад ажлын айлчлал хийв.

Айлчлалын хүрээнд төлөөлөгчдийг БНЧУ-ын Парламентын дээд танхим болох Сенатын дэд дарга хатагтай Алена Гаядушкова болон орон нутгийн хөгжил, төрийн захиргаа болон байгаль орчны байнгын хорооны дарга Иво Барек нар тус тус хүлээн авч уулзлаа.

Хоёр орны өндөр түвшний харилцан айлчлалын давтамжийг хадгалах нь чухал ач холбогдолтой.

Уулзалтуудын үеэр талууд хоёр улсын харилцаа, худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалт, эрчим хүч, уул уурхайн нөхөн сэргээлт, нийгмийн хамгаалал болон хөгжлийн хамтын ажиллагааны асуудлаар ярилцсанаас гадна бусад салбарын хамтын ажиллагааг идэвхжүүлэх,

Монгол, Чехийн харилцаа, хамтын ажиллагааны өнөөгийн байдалд үнэлэлт дүгнэлт өгч, хоёр улсын цаашдын хамтын ажиллагааг хөгжүүлэхэд хууль тогтоох байгууллагуудын хамтын ажиллагааг идэвхжүүлэх, хоёр орны өндөр түвшний харилцан айлчлалын давтамжийг хадгалах нь чухал ач холбогдолтой гэдгийг онцоллоо.

Түүнчлэн хоёр тал Монгол улсын хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн салбарт дэвшилтэт техник, технологийг Чехийн тусламжтайгаар нэвтрүүлэх ажлыг эрчимжүүлэх үүднээс үлгэр жишээ болохуйц хамтарсан зарим төсөл хэрэгжүүлэхээр тохиролцов.