Д.Галсандорж: “Монголросцветмет” дампуурвал жоншны салбар элгээрээ хэвтэнэ
Чингис хаан дээд сургуулийн Уул уурхайн сургуулийн захирал, профессор Д.Галсандорж
2013.12.06

Д.Галсандорж: “Монголросцветмет” дампуурвал жоншны салбар элгээрээ хэвтэнэ

Монгол Улсын эрдэс бүтээгдэхүүний салбар, тэр дундаа жоншны экспорт эрс буурсан. Энэ талаар Чингис хаан дээд сургуулийн Уул уурхайн сургуулийн захирал, профессор Д.Галсандоржтой ярилцлаа.

-Та Экспортлогчдын холбооны ерөнхийлөгч, тэр дундаа жоншны салбарт олон жил ажилласан хүний хувьд жоншны баяжмалын экспортын хэмжээ эрс буурч буй шалтгааныг юу гэж харж байна вэ?

-Ер нь зөвхөн жонш гэлт­гүй уул уурхайн сал­барын гол нэрийн бүтээг­дэхүүний үнэ 2012 оны сүүл­чээс уна­сан. Харин жоншны үнэ бага зэргээр унаж, эрэлт хэ­рэгцээ буурсан талаар хэд хэдэн шалтгааныг хэлж болно.

Монгол Улс жонш үйлд­вэр­лэлийн хэмжээгээр Хятад, Мексик, Өмнөд Аф­рикийн дараа дэлхийд дөрөв­дүгээрт ордог. Нэг талаас жоншны үйлдвэрлэлээр тэр­гүүлэгч орнуудын үйлд­вэрлэл эрчимжиж, зах зээл дээрх нийлүүлэлт нэ­мэг­дэж байгаа бол нөгөө талдаа жоншны томоохон хэрэглэгч орнуудын хэрэглээ багассан нь жоншны үнийг бууруулахад нөлөөлсөн гол шалтгаан юм. Тухайлбал БНХАУ л гэхэд дэлхийн нийт үйлдвэрлэл, экспортын 60 орчим хувийг хангаж байна шүү дээ.

Өөр нэг шалтгаан нь то­моохон хэрэглэгч ОХУ-ын Русал компанийн үйлд­вэрлэлийн хэмжээ багасч зарим үйлдвэр хаагдсан. Ийм учраас ма­най жоншны үйлдвэрлэл, экспорт буурч байна.

-Жоншны экспорт өн­гөрсөн онд ямархуу байсан бэ?

2012 онд манай улс нийт 428 мянган тонн жоншны баяжмал гаргасан.

-2012 онд манай улс нийт 428 мянган тонн жоншны баяжмал гаргасан. Харин энэ оны эхний есөн сарын байдлаар 254 мянган тонныг л гаргасан. Энэ нь өнгөрсөн оны экспортын хэмжээний тэн хагасыг эзэлж байна. Энэ оны экспортын дүнгээс манай жоншны экспортыг харахад 46 хувийг нь БНХАУ руу гаргасан. Өөрөөр хэлбэл Хятадын жоншны олборлолт нэмэгдсэн ч эц­сийн бүтээгдэхүүний хэ­рэглээ эрс нэмэгдэж байгаа нь харагдаж байна.

Жоншны үйлдвэрлэлээс хөргөгчний шингэн, хөлөг онгоцны шатахуун гээд олон чухал бүтээгдэхүүн гаргаж авдаг. Тэгэхээр хэрэгцээ байн­га өсөх стратегийн түү­хий эдийн нэг. Харин манай улсад жоншны салбарт 40-өөд аж ахуйн нэгж үйл ажил­лагаа явуулж байна. Тэд­гээрээс экспортын 20 ху­вийг “Монголросцветмет” нэгдэл, 6.5 хувийг нь “Монгол­чехметалл” ХХК эзэлж байгаа юм. Үлдсэн хувийг нь бусад жижиг аж ахуйн нэгж эзэлж байгаа. Жоншийг манайх зөвхөн хүдэр, баяжмал хэлбэрээр л гаргаж байна.

-Энэхүү чухал түүхий эдээ ямар үнээр экспортолж байгаа вэ?

-Өнгөрсөн онд 95 хувийн агуулгатай нэг тонн жонш 350 ам.доллар байсан. Ха­рин одоо 300 ам.доллар болж үнэ унаад байна.

-Манай улсын жоншны үйлдвэрлэл, экспорт буу­рахад гадаад хүчин зүйл хэр­хэн нөлөөлж байгааг ярилаа. Харин дотоод нөх­цөл байдал ямар байна вэ?

-Жонш­­­ны салбарт Орос-Мон­голын хамтарсан “Монгол­росцветмет” төрийн өмчит компанид анхаарал тавих шаардлагатай болж байна. Энэ компани 2013 оны эхний дөрвөн сард ажиллаагүй. Учир нь ОХУ-ын худалдан авагчидтайгаа гэрээгээ хийж чадаагүй. Тэгээд худалдан авагчдын санал болгож байгаа үнээр жоншоо зарвал алдагдалд орох учраас сул зогссон хэрэг. Ний нуугүй хэлэхэд одоо зарж буй үнэ нь ч гэсэн үйлдвэрлэлийнхээ зардлыг чадан ядан нөхөж байна.

-Яагаад энэ оныхоо худалдааны гэрээг хийж чадаагүй юм бол?

Өнгөрсөн онд 95 хувийн агуулгатай нэг тонн жонш 350 ам.доллар байсан

-Төр солигдохоор бүх дарга нар солигддогийн хар гай. Өөрөөр хэлбэл өнгөрсөн онд “Монголросцветмет”-ийн удирдлагууд солигдсон. Уул уурхайн чиглэлийн бус хүмүүс удирдлагаар ажил­лаж байна. Тэдний туршлага, харилцагч бай­гууллагуудтайгаа хэл амаа ололцох тал дээр дутсанаас л гэрээгээ хийж чадаагүй болов уу. Энэ байд­лаар цаашид ажиллавал жонш­ны сал­барын тэр­гүүлэх компани болох “Монгол­росцветмет” дам­пуурах ихээ­хэн эрсдэлтэй юм.

Хэрвээ “Монгол­росцвет­мет” дампуурвал манай жонш­­ны салбар элгээрээ хэв­тэнэ гэсэн үг. Тиймээс энэ үйлдвэрээ тогтвортой ажил­луу­лахад төрийн байгуул­лагуудын зүгээс анхаарал хандуулах хэрэгтэй гэж бодож байна.

-“Монголросцветмет”-ийн 49 хувийг ОХУ эзэмш­дэг. Тийм болохоор ком­пани хүнд байдалд орсон энэ үед Оросын талаас санхүүгийн болон техник, тех­­­нологийн тусламж үзүү­лэх боломж хэр бол?

-ОХУ-ын хувьцаа эзэм­шигчид сүүлийн 10-аад жил үйлдвэрт ямар ч дэмжлэг үзүүлээгүй. Гэхдээ асуудал бүр хүндэрвэл яаж шийдэх вэ гэдгээ талууд ярилцах л байх.

-Манайхан улсын үйлд­вэрүүдээ ашиггүй ажил­лаад, дампуурах дөхмөгц нь хувьчлах арга хэмжээ авдаг. Энэ байдлаар асуудлыг ший­дэж болох юм биш үү?

-Жонш бол стратегийн чухал түүхий эд. Дээрээс нь ОХУ-ын химийн үйлдвэрүүд сэргээд, БНХАУ-ын үйлд­­­вэрүүдийн эцсийн бү­тээг­­­дэхүүний эрэлт хэ­рэг­цээ нэмэгдэх төлөв бай­­на. “Монголросцвет­мет” компанийн хувьд алт, мөнгө, төмөр болон жонш­­­­ны 20 гаруй лиценз эзэмш­дэг том компани. Тэгэ­хээр менежментийн оновч­­той, эрс шийдэмгий арга хэрэглэж чадвал санхүү, үйлдвэрлэлийн хүндрэлээс гарах бүрэн боломжтой.

-Жоншны нөөц нь хэд гэж батлагдсан бэ?

-Монгол Улсын хэм­жээнд жоншны хүдрийн гео­логийн нөөц нь 80 ор­чим сая тонн гэж үздэг. Үүний 20 сая тонныг нь “Монгол­росцветмет” төрийн өмчит ком­панийн нөөц эзэлж байгаа. Өнгөрсөн оны есөн сарын байдлаар жоншны экспор­тын орлого 74 сая ам.доллар бай­сан бол энэ оны эхний есөн сарын байдлаар 63 сая ам.доллар улсын тө­сөвт төвлөрүүлсэн байгаа.