Гадаад орнуудад монголын 127 иргэн хулгайн хэргээр хоригдож байна
Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо, Хууль зүйн байнгын хороо хамтран хуралдаж БНХАУ-ын засаг захиргааны онцгой бүс Хонконгтой Монгол улсын Засгийн Газар эрүүгийн хэргийн эрх зүйн туслалцаа үзүүлэх хэлэлцээрийг ёсчлон байгуулах талаар хэлэлцлээ.
Хонконг, Макаод монгол иргэд хулгайн хэргээр ихээр хоригдож байгаа нь хамтран ажиллах шаардлагыг зүй ёсоор бий болгож байна. Макаод болсон олон улсын бриллантын үзэсгэлэн худалдаанаас зургаан монгол эмэгтэй хамгийн үнэт эдлэлүүдийг хулгайлан Хонконгод дэлгүүр хэсч яваад баригдсанаас болж “Монголын иргэнийг оруулах хориотой” гэсэн бичиг Хятадын засаг захиргааны онцгой нэгж болох Хонконг, Макаод бий болжээ. Дэлхийн алдартай брендүүдийн эд зүйлсийг хулгайлан Монголд нийлүүлдэг бүлэглэлүүд ч тус газруудад байгаа учраас урт гартнуудаа бүртгэх шаардлага хууль зүйн яаманд гарчээ. Одоогоор Хонконгод 21 монгол иргэн хулгайн хэргээр ял эдэлж байна.
УИХ-ын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга Б.Гарамгайбаатар:
Монголчууд олноороо амьдардаг өөр орнуудаас иймэрхүү мэдээлэл ирдэг эсэхийг асуумаар байна. 127 гэдэг бага тоо. Энэ орнуудад ийм хүмүүс бүр их байдаг юм биш биз. Монголчууд амьдардаг бусад орнуудтай манайх ийм хэлэлцээр байгуулсан юм уу?
Хууль зүйн яамны төрийн нарийн бичгийн дарга Ж.Баярцэцэг:
ОХУ, БНХАУ, Чех, Солонгос, Польш , Канад улсуудтай ийм хэлэлцээ байгуулсан юм. Гадаадад ял эдэлж байгаа нийт иргэдийн дийлэнх нь буюу 56 иргэн Хятадад байдаг.
УИХ-ын гишүүн Ц.Оюунбаатар:
Мөрдөх албаны хуулинд атташегийн үүргийг оруулъя гэдэг яриа ийм байдлаас болж гарсан юм. Хулгайн хэргээс гадна хүн амины хэргийн асуудал Малайзад хэд хэдэн удаа гарлаа. Монголын Элчин Сайдын Яам байдаг ч юу ч хийдэггүй.
УИХ-ын гишүүн, гадаад харилцааны сайд Л.Болд:
Монгол иргэд хулгайн хэрэг хийдэг хэд хэдэн газар байдаг. Энэ нь улс орны болоод ард түмний нэр хүндэд их муугаар нөлөөлдөг.
УИХ-ын гишүүн, Б.Болор:
Гадаадад байх өргөмжит консулуудыг томилохдоо өндөр шалгуур тавих хэрэгтэй. Монгол улсын нэрийг зүүчихээд гадаад дахь монголчуудынхаа асуудалд хойрго ханддаг, оффисоо түгжээд хэдэн сараар алга болдог тохиолдол ч байна.
УИХ-ын гишүүн Ж.Батзандан:
Сайд гадаадад очихдоо дарга нартай биш иргэдтэйгээ, гадаадад өргөгдсөн монгол хүүхдүүдтэй, гадаад хүнтэй гэрлэсэн хүмүүстэй уулздаг баймаар.