2013.10.01

Ерөнхийлөгч Чикагогийн Монголчуудтай уулзлаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж Чикаго хотод ажиллаж амьдарч, сурч буй монгол иргэдийн төлөөлөлтэй уулзлаа. Уулзалтыг нээж Монгол Улсаас АНУ-д суугаа Онц Бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Б.Алтангэрэл хэлэхдээ “Монгол Улсын Ерөнхийлөгч хоёр улсын харилцааг улам хөгжүүлэх талаар эрчимтэй ажиллаж байгаа. Эдийн засаг, улс төрийн төдийгүй соёл, боловсрол, шинжлэх ухааны харилцаанд түлхүү анхаарал тавьж байгаад талархаж байна” хэмээв.

Ерөнхийлөгч “Монголынхоо тухай мэдээллийг та бүхэн хангалттай авч байгаа байх аа. Тиймээс та бүхний саналыг сонсч, хийж байгаа, хийж болох ажлуудын тань талаар харилцан ярилцъя” гэснээр уулзалт эхэллээ.

АНУ-ын 200 гаруй хотод 20 гаруй мянган монгол иргэн амьдарч байгаагаас Чикагод 5000 орчим бий. Монгол иргэдийн дунд Монголын соёлын төв, Америкийн монголчуудын худалдааны танхим, Чикагогийн Монголчуудын холбоо зэрэг хорь гаруй нийгэмлэг холбоод тогтмол үйл ажиллагаа явуулдаг.

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Монголчуудыг гадагш нь гаргадаг байгууллага нэг хэсэг олширч байсан бол өнөөдөр монголчуудаа гадаадаас ирүүлдэг байгууллага хуулийн дагуу бий болдог боллоо. Бид дэд бүтцээ сайжруулж, эрүүл мэнд, боловсролын салбараа дэлхийн түвшинд хүргэх шаардлагатай байгаа. Иргэдийнхээ ойрын болон хэтийн хэрэгцээг хангахын тулд маш их зүйл хийж бүтээх хэрэгтэй байна.

Ц.Элбэгдорж: Бид хүүхдүүдийнхээ гэрэлт ирээдүйд хөрөнгө оруулалт хийх ёстой.

Бидний амжилтын түлхүүр нь манай ард иргэд юм. Энэ их хийхээр төлөвлөж буй бүтээн байгуулалтад та бүхэн гар биеэрээ оролцоосой гэж хүсэж байна.  Бид иргэдийнхээ ирээдүйд хөрөнгө оруулах хэрэгтэй байна. Бид нийгмийн болон эдийн засгийн дэд бүтэцдээ хөрөнгө оруулалт хийх шаардлагатай байна.

Бид хүүхдүүдийнхээ гэрэлт ирээдүйд хөрөнгө оруулалт хийх ёстой. Өнөөдөр Засгийн газартай хамтран нэн тэргүүнд шийдэх ёстой төмөр зам, цахилгааны эх үүсвэр, шатахууныхаа 100  хувь хараат байдлаас гарах гэсэн гурван асуудал байна. УИХ-ын ээлжит намрын чуулган хуралдах гэж байна. Гадаадын хөрөнгө оруулалтын сайн хуулиуд гарна гэж итгэж байна. 

Газрын реформ, хууль шүүхийн шинэчлэл гээд бидэнд хийж хэрэгжүүлж байгаа, бас цаашид хийх ажил ч их байна. Төрийн зүгээс хүүхдүүд, ээжүүд, оюутнууддаа хандсан бодлого маш сайн явуулах хэрэгтэй гэж би хувьдаа үздэг. Жишээ нь, дэлхийн эхний хорин их сургуульд өөрийн хүчээр орсон оюутнууддаа төрөөс тэтгэлэг өгөх ёстой” хэмээв.

АНУ-ын 200 гаруй хотод 20 гаруй мянган монгол иргэн амьдарч байгаагаас Чикагод 5000 орчим бий.

Чикагогийн монголчуудаас Монголд өгч байгаа нийгмийн халамжуудад биднийг хамруулах боломжийг судалж өгөөч гэж хүсэх нэгэн байхад нөгөө хэсэг нь Монголын байгаль экологи, эдийн засаг, хариуцлага, шударга ёсны тогтолцоонд зовниж явдгаа ч хэлж байлаа.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж уулзалтад оролцогчдын асуултад хариулж, Монгол орны өнөөгийн улс төр, эдийн засаг, ялангуяа уул уурхай, түүх, соёлын талаар асууж дэлгэрэнгүй хариулт авав.

Дараа нь Монгол Улсын Ерөнхийлөгч Чикаго хотын Монголчуудын холбооны удирдлагатай уулзаж, эх орныхоо түүх, өв соёлыг сурталчилан таниулах, түгээн дэлгэрүүлэх, хоёр улсын хоорондын олон нийтийн хамтын ажиллагааг хөгжүүлэхэд оруулсан хувь нэмрийг нь өндрөөр үнэлж

“Алтан гадас” одонгоор АНУ-ын Чикаго хот дахь Монголчуудын холбооны тэргүүн Л.Гэрэлмаа, “Онч-АНУ” ХХК-ийн захирал Д.Жаргал нарыг шагналаа. Хөдөлмөрийн хүндэт медалиар АНУ-ын Чикаго хот дахь Монголчуудын холбооны удирдах зөвлөлийн гишүүн Д.Бишүүгарам, Д.Энхтунгалаг, Р.Пүрэвсүрэн, Л.Жаргалсайхан нарыг тус тус шагнав.