Налайх дүүргийн хэрэглээний хүйтэн усыг тасаллаа
Налайх дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж, оршин суудаг иргэд хохироход хүрчээ.
Ус сувгийн удирдах газраас тус дүүргийн хэрэглээний хүйтэн цэвэр усыг өнөөдрөөс хязгаарласан байна. Тодруулбал, Ус сувгийн удирдах газар “Чандмань налайх” НӨҮГ-т цэвэр усаар хангах, хэрэглээнээс гарсан бохир усыг татан зайлуулах гэрээтэйгээр хамтран ажилладаг ажээ. Гэтэл Ус сувгийн удирдах газарт тус НӨҮГ нь олон жилийн турш өртэй байсаар ирсэн бөгөөд энэ нь хуримтлагдсаар 980 орчим сая төгрөг болжээ.
Тиймээс Ус сувгийн удирдах газраас өрөө төлж барагдуулахыг хүсч, удаа дараа албан бичиг, хүсэлтийг Налайх дүүргийн тамгын газар болон “Чандмань налайх” НӨҮГ-т илгээн, арванхоёрдугаар сарын 19-нөөс өмнө барагдуулахгүй бол хэрэглээний хүйтэн усыг таслах сануулгыг өгч байжээ.
Шаардлагын дагуу өрөө төлж барагдуулаагүй тул ийнхүү тус дүүрэгт нийлүүлдэг хэрэглээний хүйтэн усыг ийнхүү өнөөдрөөс эхлэн тодорхойгүй хугацаагаар хязгаарласан байна.