Мэндчилгээ
УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Уул уурхайн сайд Д.Ганхуяг
2013.12.27

Мэндчилгээ

Улс орныхоо нийгэм, эдийн засгийг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж, хөдөлмөр зүтгэлээ зориулж яваа геологи, уул уурхайн салбарын үе үеийн ажиллагчид, нийт хамт олон та бүхэнд Монгол Улсад уул уурхайн салбар үүсч, хөгжсөний 91 жилийн ойн баярын мэндийг дэвшүүлье.

Шинэчлэлийн Засгийн газар байгуулагдсан нэг жилийн хугацаанд салбарын хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгох зорилтын хүрээнд Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн эргэлтэд хяналт тавих тухай хуулийн шинэчилсэн найруулга, Газрын тосны бүтээгдэхүүний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Газрын тос боловсруулах,

Нүүрс болон занараас шингэн түлш гаргах зэрэг үйлдвэрүүдийн технологийн тоног төхөөрөмж, тусгай зориулалтын барилгын материалыг гааль, нэмүү өртгийн албан татвараас чөлөөлөх тухай зэрэг хуулиуд батлагдаж, Төрөөс эрдэс баялгийн талаар баримтлах бодлогын баримт бичиг, Газрын тосны тухай хуулийн шинэчилсэн найруулга,

Алтны худалдаанд ил тод байдлыг бүрдүүлэх тухай буюу Ашигт малтмалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн төслүүд УИХ-ын бүтцээр хэлэлцэгдэж байна. Эдгээр хуулиуд батлагдсанаар уул уурхайн салбарын эрх зүйн орчны өрсөлдөх чадвар дээшилж, урт хугацаанд тогтвортой байх нөхцөл бүрдэж, ойлгомжтой болох юм.

Энэ онд дэлхийд томоохонд тооцогдох Оюутолгойн зэс, алтны уурхайн эхний ээлж ашиглалтад орж, баяжмалыг экспортолж эхэллээ. Түүнчлэн Таван толгойн нүүрсний ордын Цанхийн баруун уурхайг ашиглаж эхэлсэн ба үүнээс гадна 36 орд газарт баяжуулах үйлдвэр баригдсан байна.

Бензин,шатахууны нэг нийлүүлэгчээс хараат байдлыг өөрчилж, газрын тосны бүтээгдэхүүний хилийн үнийг холбогдох биржийн түүхий тосны үнэд үндэслэн тооцдог ил тод тогтолцоонд шилжиж, нийлүүлэлтийн хэд хэдэн эх үүсвэртэй болсноор нийлүүлэгчдийн дунд өрсөлдөөн үүсэх нөхцөл бүрдэхийн зэрэгцээ экспортолсон газрын тосоо боловсруулж, “Монгол-93” шатахууныг нийлүүлэн хэрэглэгчдийнхээ хэрэгцээг хангаж байна.

Монгол Улсын Засгийн газраас уул уурхайн бүтээгдэхүүний чанар, стандартыг олон улсын түвшинд хүргэх, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг дэмжих, зохистой дэд бүтцийг бий болгож тээвэр, ложистикийн зардлыг бууруулах зэргээр салбарын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, улс орны эдийн засаг, нийгмийн хөгжлийн тогтвортой өсөлтийг хангах зорилтыг дэвшүүлэн ажиллаж байна.

Түүнчлэн Улсын Их хурлаар урт хугацаанд “Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлогын ” төслийг хэлэлцэн батлах гэж байна. Энэ бодлогыг хэрэгжүүлэх буюу 2025 он хүртэлх зорилтоо тодорхойлох зорилгоор “Эрдэс баялгийн салбар-2025 "хэлэлцүүлгийг орон даяар зохион байгуулж эхэлсэн бөгөөд, энэ хэлэлцүүлэг ирэх оны нэгдүгээр сарын 15-ны өдөр дүнгээ гаргах болно. Энэ хэлэлцүүлэг нь Уул уурхайн салбарын талаар олон нийтэд бодит ойлголт өгөх, салбарын хөгжлийн хэтийн төлөв, бүтээмж ба өрсөлдөх чадварыг дээшлүүлэх үндсэн зорилготойгоос гадна,

“Урт хугацааны бодлогыг хэрхэн хэрэгжүүлэх Хөгжлийн стратегийг тодорхойлох”, “Салбарын тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх гарцыг хайх ”, “Урт хугацаанд Уул уурхайн салбарын эрх зүйн орчны тогтвортой байдлыг хангах” гэсэн гурван хэсгээс бүрдэх юм. Мөн Монгол алт, Монгол зэс, Монгол төмөр, Монгол жонш зэрэг хөтөлбөрийг боловсруулж байна.Эдгээр арга хэмжээнд идэвх санаачилгатай оролцохыг энэ дашрамд Геологи, уул уурхайн салбарын хамт олонд уриалах байна.

Дээрх зорилтыг хэрэгжүүлэхийн төлөө шаргуу хөдөлмөрлөж байгаа салбарын нийт хамт олон, үе үеийн уурхайчид та бүхэнд болон та бүхний гэр бүлд 91 жилийн ойн баярын энэ өдрийг тохиолдуулан эрүүл энх аз жаргал, ажлын өндөр амжилт, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

Ололт амжилтаа бататгаж, улс орныхоо нийгэм, эдийн засгийн хөгжлийн төлөө улам өндөр амжилт гаргахыг хүсье.

УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Уул уурхайн сайд Д.Ганхуяг