Л.Гантөмөр: Шинжлэх ухаанд саад болж байгаа төрийн зохицуулалтыг хална
Шинжлэх ухааны ажилтны баярын өдөрт зориулсан ёслолын арга хэмжээ өчигдөр болж, БШУ-ы сайд илтгэл тавив. Тэрбээр “Төрийн мөнгийг харж, хүлээж суудаг, юу хийх, яаж ажиллахаа төрөөр заалгадаг шинжлэх ухаан явцгүй, үр дүнгүй, ашиггүй нь тодорхой боллоо.
Иймээс эрдэмтдэд өөрсдөө сэтгэж, бие даан ажиллах боломж олгох цаг нь болсон. Шинжлэх ухааны байгууллага бие дааж, эдийн засгийн агуулгатай, бизнесийн зарчмаар бүтээлчээр ажиллахад нь саад, хязгаарлалт болж байгаа төрийн зохицуулалтыг нэн тэргүүнд хална. Байгууллага, эрдэмтдийн олж байгаа орлогыг хязгаарлахгүй, хураахгүй. Гагцхүү орлого, зарлага нь тодорхой, хууль ёсны байхыг шаардана” гэлээ.
Залуу эрдэмтэдэд шагнал гардууллаа
Мөн энэ үеэр Хөдөлмөрийн баатар, шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн Б.Ширэндэв болон Төрийн гурван удаагийн шагналт, ардын уран зохиолч, академич Ц.Дамдинсүрэнгийн нэрэмжит шагналыг дөрвөн хүнд олгосон юм. Түүнчлэн эрдэмтдэд зориулсан science.gov.mn сайт нээж байгааг зарлалаа. ШУА-ийн дэд ерөнхийлөгч Т.Дорж “Өмнө нь эрдэмтэд судалгааны үр дүнг бизнесийн эргэлтэд оруулах, орлогоос хувь олох нь хязгаарлагдмал байсан. Одоо энэ бүхэн өөрчлөгдөж байна. Ингэснээр чадварлаг боловсон хүчинг тогтвор суурьшилтай ажиллуулах боломж бүрдэнэ” гэв.
Энэ үеэр БШУ-ы сайд Л.Гантөмөрөөс зарим асуултад хариулт авлаа.
-Шинжлэх ухааны салбарын өнөөгийн байдал ямар байна вэ. Төрийн дэмжлэг дутагдаж байна гэж эрдэмтэд ярьж байна?
-Шинжлэх ухаан амьдралтай уялдахгүй байгаа нь энэ салбарын тулгамдсан асуудал. Шинжлэх ухаан нэг талаасаа амиа аргацаасан байдалтай байна. Төр засгийн хязгаарлагдмал санхүүжилт, захиалгын дор эрдэмтдийн бүтээл амьдралд, Монгол Улсын хөгжилд, дэлхийд хувь нэмрээ оруулж чадахгүй.
-Цаашид энэ салбарыг хэрхэн хөгжүүлэх вэ?
-Эрдэмтэд санхүүжилтийн олон талт эх үүсвэрийг судлах хэрэгтэй. Төрийн санхүүжилтэд дулдуйдсан шинжлэх ухаан гарцгүй болж байгаа нь дэлхий дахинд харагдаж байна. Шинжлэх ухааныг “амьд” болгохын тулд эрдэмтдээ олон улсын хөрөнгө оруулагчидтай холбох шаардлагатай. Эрдэмтдийн бүтээлийг ард түмэн хэрэглэх боломжтой, өрсөлдөх чадвартай байж шинжлэх ухаан хөгжинө.
Мөн энэ өдөр БШУ-ы сайд Л.Гантөмөр 12 залуу эрдэмтний судалгааны ажилд дөрвөн сая төгрөгийн тэтгэлэг олголоо. Тус шагналыг хүртсэн Мал эмнэлгийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан Б.Энхтайван гэхэд хачигаас хүн, амьтанд өвчин үүсгэдэг цусны шимэгчийг илрүүлсэн судалгааг Монголд анх удаа хийжээ.
Залуу эрдэмтэд тэтгэлгээ судалгаа болон докторын сургалтын төлбөртөө зориулах бөгөөд хоёр жилийн дараа тайлангаа БШУЯ-ндаа тавих аж