Н.Гантөмөр “Сүхбаатарын одон”-гоор энгэрээ мялаалаа
Нийслэлийн өдрийг тохиолдуулан Нийслэлийн Засаг даргын Зам тээвэр, дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч Н.Гантөмөр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн зарлигаар “Сүхбаатарын одон”-гоор шагнагдсан юм.
Өнөөдөр нийслэлийн Удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөний үеэр нийслэлийн ИТХ-ын дарга Д.Баттулга, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл нар нийслэлийн Засаг даргын Зам тээвэр, дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч Н.Гантөмөрт мөнгөн аяга, цэцгийн баглаагаар бэлэг барьлаа.
Нийслэлийн Засаг дарга “Улаанбаатар хотыг хөгжүүлэх шинэчлэлийн багийн бүрэлдэхүүнд нийслэлийн Зам тээвэр, дэд бүтцийн асуудлыг хариуцан ажиллаж буй Засаг даргын орлогч Н.Гантөмөр нь өнгөрсөн нэг жилийн хугацаанд Улаанбаатар хотын түүхэнд байгаагүй авто зам, дэд бүтцийн шинэчлэлийн ажлыг эхлүүлэн амжилттай хэрэгжүүлж байгаа бөгөөд Эдийн засгийн хөгжлийн яамны “Гудамж төсөл”-ийн Төслийн удирдах хорооны даргаар ажиллаж анхны хурдны зам барих ажлыг эхлүүлсэн.
Мөн нийслэлийн замын хөдөлгөөнийг аюулгүй, эмх цэгцтэй болгон өөрчлөх зорилтын хүрээнд хамгийн их түгжирдэг 19 уулзварын шинэчлэлт, “Хүй долоон худаг”-т байгуулагдаж буй “Монгол наадам” цогцолборын эхний ээлжийн ажлуудыг түргэн шуурхай зохион байгуулсан зэрэг нийслэлчүүдийн талархлыг хүлээсэн олон бүтээн байгуулалтын ажлыг хийж, хэрэгжүүлсэн байна. Цаашдаа илүү их хичээж ажиллахыг хүсье” гэж онцлон хэллээ