Мэндчилгээ
Эрхэм хүндэт нийслэлчүүд ээ!
Улаанбаатар хотын иргэд ээ!
Та бүхэндээ Нийслэлийн 374 жилийн ойн баярын мэндийг хүргэе.
Бид нийслэлийнхээ өдрийг иргэдийнхээ дунд, тэднийхээ хүсэл эрмэлзлийг илэрхийлсэн, амжилт бүтээлээ цугтаа тэвэрч, аз жаргалын өрхийг татсан, иргэдийн оролцоонд тулгуурласан олон үйл ажиллагааг зохион байгуулахын зэрэгцээ хийсэн ажлаа дүгнэх, хийх ажлаа төлөвлөх, алдаа оноогоо хэлэлцэх өдөр болгон тэмдэглэхээр шийдвэрлэсэн.
Нийслэлийн хүн ам 1.3 саяд хүрч, дэлхийн саятан хотуудын эгнээнд хэдийнэ шилжээд байна. Бидний өмнө Улаанбаатарыгаа цоо шинээр хөгжүүлэх, дүрэмтэй болгох, иргэдийн эрүүл, тайван, соёлтой амьдрах орчинг бүрдүүлэх, хүн бүрийн хүсэл эрмэлзэл, санал санаачлагад тулгуурласан хөгжлийн загвар гаргах зэрэг олон ажил ундарч байна.
Бид төрөлх хотоо хөгжүүлэх ойрын болон дунд хугацааны хөтөлбөрүүдийг иргэдийн оролцоонд тулгуурлан боловсруулж, хотын ерөнхий төлөвлөгөөг УИХ-аар баталгаажууллаа. Гэр хорооллыг дахин төлөвлөж, хөгжүүлэх бүтээн байгуулалтын ажлыг эхлүүллээ. Хотын захиргааг Баянхошуу руу нүүлгэх, Төрийн үйлчилгээг иргэдэд улам ойртуулан Улаанбаатар хотоо нэг төвт хотоос олон төвт хот болгон тэлэх түүхэн шийдвэр гаргалаа. Бид удахгүй метротой болно. Морьтой Монгол метротой Монгол болж дэлхийн сонорыг мялаах цаг айсуй байна. Ингэснээр хотын зам тээврийн эрэлт хэрэгцээг хангах төдийгүй эдийн засгийн шинэ орчин бий болгож, хөгжлийн хурдасгуурын гараас атгах болно.
Морьтой Монгол метротой Монгол болж дэлхийн сонорыг мялаах цаг айсуй байна.
“Хүй долоон худаг”-ийг Монгол наадмын төв болгох бүтээн байгуулалтыг эхлүүлсэн нь наадамчин олны талархлыг хүлээгээд зогсохгүй нүүдлийн соёл иргэншлийн гайхамшгийг дэлхийд бодитойгоор харуулах эхлэл боллоо. Бид хурдны зам тавьж, хотын утаа, замын түгжрэлээс салж, дагаж мөрдөх дүрэмтэй, өвөрмөц түүхтэй, өв соёлтой, найрсаг, эв нэгдлийн бэлгэдэл болсон шинэ Улаанбаатарыг цогцлоон байгуулж, “Хот шиг хот”-ыг хойч үедээ ам бардмаар хүлээлгэн өгөх болно.
Энэхүү сайхан үйлсийн амь цог нь нийслэлийн иргэд Та бүхний идэвхитэй оролцоо, санал санаачилга юм шүү. Бид жижиг асуудал гэж ялгаварлахгүй, биелэшгүй мөрөөдөл гэж эмээхгүй зүтгэх урам зоригтой байх ёстой. Дөрвөн хайрхан уулынхаа дунд гал голомтоо бадраасан Улаанбаатар хот маань таван тивийн том хотуудтай адил зиндаанд цэцэглэн хөгжиж, эх орныхоо арвин баялаг түүхийн алтан хуудсыг зузаатгасаар байх болтугай.
Нийслэлийн иргэн Танд эрүүл энх, аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсье.
НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧ Э.БАТ-ҮҮЛ