Монгол улс, БНАСАУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 65 жилийн ойг тэмдэглэв
Монгол Улс, БНАСАУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 65 жилийн ойд зориулан Гадаад харилцааны сайд Л.Болд хүндэтгэлийн хүлээн авалтыг ГХЯ-нд энэ сарын 15-нд зохион байгуулав.
Хүлээн авалтад УИХ-ын дэд дарга Р.Гончигдорж, Соёл, спорт, аялал жуулчлалын сайд Ц.Оюунгэрэл, БНАСАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Хон Гю болон монгол, солонгосын албаны бусад хүн оролцлоо.
Гадаад харилцааны сайд Л.Болд нээж хэлсэн үгэндээ, энэ жил манай хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 65 жилийн ой, БНАСАУ-ын удирдагч Ким Ир Сен-ий Монгол Улсад айлчилсны 25 жилийн ой тохиож байгааг тэмдэглээд, цаашид Монгол, Солонгосын уламжлалт найрсаг харилцаа, худалдаа, эдийн засгийн бодит хамтын ажиллагаагаар бэхжиж, олон улс, бүс нутгийн тавцан дахь хамтын ажиллагаа өргөжин хөгжинө гэдэгт итгэлтэй байгаагаа тэмдэглэв.
Хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 65 жилийн ойг тохиолдуулан хүндэтгэлийн арга хэмжээ зохион байгуулж байгаад БНАСАУ-ын Элчин сайд талархал илэрхийлээд, Монгол Улсын Засгийн газар, ард түмний ололт амжилтаар бахархаж байдаг бөгөөд олон улсын ээдрээтэй нөхцөл байдлаас үл хамааран хоёр орны харилцаа цаашид улам гүнзгийрнэ гэдэгт итгэлтэй байгаагаа мэдэгдэв.
Хүлээн авалтын үеэр БНАСАУ-ын удирдагч Ким Ир Сен Монгол Улсад айлчилсны 25 жилийн ойн тухай гэрэл зургийн үзэсгэлэн гаргаж, баримтад кино үзүүлсэн нь онцлог байлаа.