2013.10.18

Ерөнхий сайдын айлчлал Хятадын баруун бүсээс эхэлнэ

Ерөнхий сайд Н.Алтанхуяг ирэх долоо хоногийн мягмар гаригаас эхлэн БНХАУ-д айлчлал хийхээр болсон. Түүний айлчлалын хөтөлбөр Хятадын баруун бүс нутагт болох 14 дэх удаагийн олон улсын “Экспо”-д оролцохоос эхэлж байгаа аж. Уг “Экспо” нь Сычуань мужийн Чэньду хотод 23-26-ны хооронд болох бөгөөд, жил бүр гадаадын төр, засгийн нэг тэргүүнийг урилгаар оролцуулдаг уламжлалтай аж. Харин энэ удаа хүндэт зочноор Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг уригджээ.

Хятадын баруун бүс нутгийг гадагшаа нээж буй хамгийн том цонх хийгээд чухал талбар нь болсон энэ арга хэмжээнд өмнөх жилд дэлхийн 55 орон болон бүс нутаг, 31 муж, хотын 4687 аж ахуйн нэгжийг хамарч байсан юм.

55 орон болон бүс нутаг, 31 муж, хотын 4687 аж ахуйн нэгжийг хамарч байсан

Түүнчлэн гадаад, дотоодын бизнес эрхлэгчид болон төлөөлөгчид нийлсэн 78 мянга гаруй хүн оролцож байсан аж. Ерөнхий сайдын айлчлалын дараагийн маршрут Хятадын зүүн бүс рүү чиглэх бөгөөд тэрбээр Шэньян хотод “Монгол-Хятадын ажил хэргийн уулзалт”-д оролцох юм байна. Харин баасан гаригт Ерөнхий сайд Н.Алтанхуягийг БНХАУ- ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Кэцян албан ёсоор угтах ёслол болох аж.

Мөн тэрбээр Бүх Хятадын АрдынТөв их хурлын Байнгын хорооны дарга Жан Дөзян, БНХАУ-ын дарга Си Зиньпин нарт бараалхах юм байна. Түүнчлэн Бээжингийн их сургуулийн Монгол судлалын тэнхимд зочилж, багш оюутнуудтай уулзахаар төлөвлөсөн байна. Тэрбээр энэ сарын 26-н буюу бямба гаригт эх орондоо ирнэ.