Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга Д.Тэрбишдагва
2013.10.21

Гурван цагийн хэлхээс чуулга уулзалт боллоо

Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагын 10 жилийн ойг угтан гурван цагийн хэлхээс чуулга уулзалтыг өнөөдөр зохион байгууллаа.

Чуулга уулзалтанд төв, орон нутгийн Онцгой байдлын албанд ажиллаж байсан ахмадууд, одоо ажиллаж байгаа дунд, залуу гурван үеийн төлөөлөл нийт 500 гаруй ахмад, залуу албан хаагчид оролцож Онцгой байдлын албаны өнгөрсөн үеийн ажлын туршлага дурсамж, өнөөгийн үйл хэрэг, ирээдүйн хөгжлийн талаар санал бодлоо солилцсон юм.

Чуулга уулзалтын гол зорилго нь ахмад үеийнхний хийж бүтээсэн үйл хэргийг залуу, хойч үедээ өвлүүлэх, Онцгой байдлын албаны өнөөгийн үйл ажиллагаанд дүгнэлт хийх, үе, үеийн албан хаагчдын ажлын дадлага туршлага харилцан судлах, зөвлөмж гаргах, цаашдын хөгжлийн чиг хандлагыг тодорхойлох юм.

Чуулганд Монгол Улсын Шадар сайд Д.Тэрбишдагва хүрэлцэн ирж чуулганы үйл ажиллагаанд амжилт хүсч баяр хүргэсэн.

Уулзалтанд “Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагын үйл ажиллагааны өнөөгийн байдал, хэтийн зорилт" сэдвээр ОБЕГ-ын дарга, онцгой байдлын хурандаа Т.Дуламдорж, "Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагын хууль эрх зүйн орчны шинэчлэлийн явц" сэдвээр ОБЕГ-ын дэд дарга,

онцгой байдлын хурандаа Т.Бадрал, "Гамшиг гал түймрээс хамгаалах үйл ажиллагаа" сэдвээр ОБЕГ-ын дэд дарга, онцгой байдлын хурандаа Д.Дарь Сүхбаатар, "Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагын үйл ажиллагаанд ахмадуудаас өгөх зөвлөгөө, оролцоо" сэдвээр ОБЕГ-ын Ахмадын хорооны дарга Д.Хишигбаатар, "Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагын техник технологийн шинэчлэл, хөрөнгө орлогын талаар" сэдвээр

ОБЕГ-ын Санхүү, ар талын газрын дарга, онцгой байдлын дэд хурандаа М.Энх-Амар, "Хүний нөөцийн хөгжлийн чиг хандлага" сэдвээр Тамгын газрын дарга, онцгой байдлын дэд хурандаа Д.Алтангэрэл нар илтгэл тавьсан. Чуулга уулзалт өнөөдөр өндөрлөх бөгөөд үдээс хойш оролцогчид салбар хэлэлцүүлэг өрнүүлж санал бодлоо хуваалцаж чуулга уулзалтаас оролцогчдын хүсэлтүүдийг нэгтгэн зөвлөмж гаргах юм.