Өндөрхаанд очоод, Чингисээс ирэв
Хэнтий аймгийг "Чингис" хот болгон зарлах ёслолын ажиллагаа боллоо.
2013.11.20

Өндөрхаанд очоод, Чингисээс ирэв

Их хааны нутгийнхан өнгөрсөн жилээс хойш нэгэн зүйлээр машид шаргуу ярилцжээ. Тэр нь аймгийн төвийнхөө Өндөрхаан нэрийг Чингис хэмээн өөрчлөх тухай юм. Нутгийн зоны дунд хоёр ч удаа асуулга явуулахад бүгдээрээ л гар өргөж, Чингис хэмээн нэрийдье гэцгээж. Удтал ярилцсаны эцэст аймгийн ИТХ өдрийн сайныг сонгон авч, нээлттэй хуралдаанаар энэ асуудлыг эцэслэхээр шийджээ.

Тэр өдөр нь уржигдар буюу билгийн тооллын өвлийн тэргүүн сарын 16-ны Балжиннямтай өдөр тохиов. Шөнө хагаслан Улаанбаатараас мордсон бидний хэдэн сэтгүүлч довтолгосоор ажил цуглаад цаг хэртэй болох үед Өндөрхаанд очлоо. Хэнтийнхэн бүгд цуглажээ. Бүгд гэсний учир нь ИТХ-ын нээлттэй хуралдаан, Чингис хотыг зарлах ёслолын ажиллагаанд оролцохоор энэ нутгийн угшилтай улс төр, бизнесийн нэр хүндтэй эрхмүүд цугласан байв.

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны дарга Б.Гарамгайбаатар, УИХ-ын гишүүн, дархан аварга Б.Бат-Эрдэнэ, “Цагаан шонхор холдинг”-ийн ерөнхийлөгч Ч.Энхтайван, УИХ-ын даргын зөвлөх Ш.Батдэлгэр, Ерөнхий сайдын зөвлөх М.Хүдэрбаатар нараас эхэлсэн энэ нутгийнхан урьд өдрөөс нь хойш аймаг руугаа цувцгаажээ.

Хэнтийн төвийн хамгийн том танхим болох Спорт цогцолборын төв зааланд аймгийн ИТХ-ын ширээг дугуйлан өрж, хүндэтгэлийн суудал, индэр сэлтийг засчээ. Заалны хойморт “Чингис хотыг зарлах ёслолын ажиллагаа” хэмээн англи, монголоор, бас монгол бичгээр бичсэн дэлгэмэл зар зүүжээ. Чухамдаа энэ нь баяр ёслолын байдалтай, ёслолд оролцогсод цөм үндэсний хувцсаар гангарсан байв.

Аймгийн ИТХ-ын дарга С.Пүрэвжав хэлэхдээ Хэнтий аймгийн ИТХ анх удаа нээлттэй хуралдаж байна. Аймгийн бэлгэдэл шонхор шувууг Үндэсний бахархалт шувуу, Бурхан Халдун уулыг Үндэсний бахархалт хайрханаар зарласантай холбоотойгоор зохион байгуулж байгаа хүндэтгэлийн хуралдааны үеэр Хэнтий аймгийн Хэрлэн сумыг Чингис хот болгох төслийг аймгийн ИТХ-аар хэлэлцүүлэх гэж буйг дуулгасан.

ИТХ-д Аймгийн Засаг дарга Ж.Оюунбаатар танилцуулахдаа, иргэдээс энэ талаар удаа дараа санал ирүүлсэн. Үүний дагуу хоёр шатны санал асуулга явуулахад өндөр хувьтайгаар дэмжсэн. Мөнхүү Эзэн богд Чингис хааны намтар түүх, Монгол Улсын засаг захиргааны нэгжийн түүх зэргийг судлуулан, мэргэжлийн хүмүүсийн дүн санал зэргийг үндэслэж, ийн аймгийн ИТХ-аар хэлэлцүүлэхээр оруулж байна гэсэн юм.

ИТХ-ын төлөөлөгчид ч уг асуудлыг 100 хувийн саналаар дэмжиж, 2013 оны арваннэгдүгээр сарын 18-ны 12.30 цаг буюу морин цагт Хэнтий аймгийн Өндөрхаан хотын нэрийг өөрчилж, Чингис хот болгох тогтоолыг батлав. Аймгийн ИТХ-ын дарга С.Пүрэвжав хурсан олонд тогтоолыг уншиж танилцуулан, энэ цаг мөчөөс эхлэн Чингис хот боллоо хэмээн зарлав.

Зааланд цуглагсад ч уухайлан түрж, Хан Хэнтийнхний олон жил ярьсан, сүүлийн жилүүдэд шаргуухан хэлэлцсээр ийн биеллээ олж буйг шагшицгааж байлаа. Угаас Хэнтий нутгийнхан Их хааны өлгий нутгийнхан гэдгээр бахархдаг, омгорхдог улс. Монголын нууц товчооны түүхэн үйл явдлын 40 шахам хувь нь Хэнтийн нутагт болсныг эрдэмтэд судалсан байдаг аж. Энэ утгаараа Чингис хаанаар өөриймсөн бахархах хувь яахын аргагүй энэ нутгийнханд заяажээ.

Аймгийн ИТХ-ын дарга С.Пүрэвжаваас тогтоолыг гардаж авсан Чингис хотын захирагч Н.Базарханд, энэ түүхэн шийдвэрийг гаргаж өгсөн аймгийн ИТХ-д баярлалаа гэсэн товчхон үгийг хэлсэн. Учир нь түүний сэтгэл ихэд хөдөлсөн байв. Тэрээр лав аймгийн түүхэнд Чингис хотын анхны захирагч болж үлдэх юм.

Хэнтийчүүд ийн Чингис хотынхон хэмээн омогшиж үлдэв. Гэхдээ тэд Чингисээр овоглосон хотынхон, ард түмэн ямар байх ёстой вэ гэдгийг маш сайн ойлгож байна лээ. Чингис хотын өнгө үзэмж, зэрэг зиндаа, чанар чансаа гээд л маш их асуудал байгааг ИТХ-ын нээлттэй хуралдааны үеэр Чингис хотын иргэн, гавьяаныхаа амралтыг эдэлж суугаа Ц.Таравжав багшийн ярианаас ойлгож болохоор.

Тэрээр энэ нэрийг авсан хотын иргэд, нутгийн зон олон өөрийгөө хөгжүүлэх тал дээр онцгой анхаарах хэрэгтэйг захина лээ. Мөн зарим хүний хэлсэн санааг цаашдаа ажил хэрэг болгон гэдгээ аймгийн ИТХ-ын дарга С.Пүрэвжав нээлттэй хуралдаан дээр ...Амлъя... гэж байгаад л хэлнэ лээ. Ер нь л тэр нээлттэй хуралдаан, тэр ёслолын ажиллагаа сайхан дулаахан орчинд болсныг дурдах хэрэгтэй.

Нутаг, нуга гэж ийм л байх ёстой доо гэж бодогдмоор. Нутгийнхны ярьдгаар Баагий аварга, Гарамгай гишүүн, Цагаан шонхорын Тайван нар зэрэгцээд зогсчихсон Чингис хаанаа, Бурхан Халдунаа, шонхор шувуугаа яриад л, бахархаад л. Хуралдаан болгон дээрээ үзэлцэж байдаг аймгийн ИТХ-ын АН, МАН-ын бүлэг хийгээд бие даагчид тогтоолоо баталчихаад дал мөрөө алгадалцаж бие биедээ баяр хүргэсэн тийм л сайхан арга хэмжээ болоод өнгөрлөө.

Ийн өглөөхөн Өндөрхаанд очоод үдээс хойшхон Чингис хотоос буцаж Улаанбаатарт ирвэл зарим хэвлэлээр жижигхэн шүүмжлэл шидсэн л байна. Чингис хот гэж том нэртэй нэг муу суурин гэсэн нь ч байна. Гэхдээ зүгээр ээ. Ерөнхийлөгч сонгуулийн үеэр дэмжихээ илэрхийлсэн, одоо ч дэмжсээр энэ хүртэл явж байгаа гэсэн. Засгийн газар ч Чингис хот Хэнтийд байх ёстой гэсэн юм байна лээ. Цол дагаж бяр гэдэг дээ. Чингисийн нутаг Чингисээрээ л байг.

“Цагаан шонхор холдинг”-ийн ерөнхийлөгч Ч.Энхтайван:

-Энэ билэгт сайн өдөр бол бидний хувьд онцгой сайхан, тэмдэглэлт, түүхэн өдөр болж байна. Өнөөдөр ИТХ-аа нээлттэй хийж Өндөрхаан хотоо Чингис хот болсныг зарлалаа. Монгол бол их эзэн Чингис хааны өлгий. Тэр дундаа Хэнтий аймаг бол төрсөн нутаг нь. Түүхийн салшгүй дурсгал, үйл явдал нь манай аймагтай холбоотой. Тэр утгаараа Монгол Улсад Их хаанаар нэрлэгдсэн хот бий болох шаардлагатай.

Магадгүй, Чингис хаанаар бахархдаг, омогшдог гадаад дотоодын хөрөнгө оруулагч, бизнесмэнүүд Чингисийн нэртэй нутагт юм хийе гэж сэднэ.

Яагаад шаардлагатай гэж байна гэхээр Өвөрмонголын Хайлаарт төв талбайгаа Чингисийн талбай гэж нэрлэсэн. Мөн Бэлгүтэй хот гэж байгуулсан.Ингэхээр Чингис хот гэж нэрлэхээр бэлтгэж байхыг үгүйсгэх аргагүй. Ийм баттай бус мэдээллүүд ч яригдаж эхэлсэн. Хэрэв тэр үнэн болоод Өвөрмонголд Чингис хот байгуулагдвал Хятадын хот л гэсэн үг шүү дээ. Дараа нь Чингис хот-2 гэж Монголдоо байгуулалтай биш дээ.

Тиймээс энэ бол бидний ингэж нэрийдэх зайлшгүй шаардлага бөгөөд заавал хийх ёстой ажил байсан юм. Чингис хот гэдэг нэрийг өгөх талаар Улаанбаатарт ч санал аваад, нэлээд яригдсан. Гэхдээ эсэргүүцэгчид нэлээд байсан юм байна лээ. Улаанбаатарын хувьд Сүхбаатарын талбайг Чингисийнх болгосон, Буянт Ухааг Чингис хаан онгоцны буудал гэдэг болгосон. Ингэлээ ч түүх хаана байна, хаашаа холбогдож байна вэ гэдгийг бодох ёстой л доо.

Заавал Улаанбаатарт, эсвэл Хэнтийдээ гол асуудал байгаа юм биш. Би дээр хэлсэн. Монголд л анхны Чингис хот байх нь л хамгийн чухал юм. Ийм учраас манай аймгийнхан үүнийг хийлээ. Ер нь бол Хятадад Чингис хот байна гэж дэлхийн бусад улс орнууд сонсвол тусгаар тогтнолоо алдсан юм шиг л сонсогдох болно.

Б.Гарамгайбаатар: Чингис гэдэг нэрийг авцгааж, ингэж баярлаж суугаа бид бүхэн үүнийг Цагаан морин жилийн ардчилсан хувьсгалын үр шим, ач буян гэж үзэх хэрэгтэй.

Түүхэн, тусгаар тогтнолын ач холбогдол, олон улсад үнэлэгдэх үнэлэмж, аялал жуулчлал, Чингисээр бахархаж омогшдог монголчуудын үндэсний үзэл гээд олон зүйл дээр гуйвах болно шүү дээ. Ер нь бол энэ хэдэн зүйл чинь нийлж байж хөгжилд хүргэдэг шүү дээ. Тэгэхээр хөгжлийг хүртэл хойш нь чангаах аюултай гэсэн үг. Энэ бүхнийг хадгалж авч үлдэж байгаа Хэнтий аймгийн ИТХ-ын төлөөлөгчид, санаачлан дэмжсэн нийт Хан Хэнтийчүүдээ баярлахаас өөр арга байхгүй, баяр хүргэе.

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны дарга Б.Гарамгайбаатар:

-Өнөөдөр бид Чингис хотоо зарлалаа. Маргаашаас эхлэн энэ нэр хүндийг өргөж явах хэрэгтэй болж байна. Магадгүй, Чингис хаанаар бахархдаг, омогшдог гадаад дотоодын хөрөнгө оруулагч, бизнесмэнүүд Чингисийн нэртэй нутагт юм хийе гэж сэднэ. Чухамдаа Чингис гэдэг нэрийг авцгааж, ингэж баярлаж суугаа бид бүхэн үүнийг Цагаан морин жилийн ардчилсан хувьсгалын үр шим, ач буян гэж үзэх хэрэгтэй.

Ардчилсан хувьсгалаас хойш бид аймгийнхаа сүлдэнд шонхор шувуугаа залсан нь Үндэсний бахархалт шувуу болж, Бурхан халдун уул минь Үндэсний бахархалт хайрханаар зарлагдлаа. Бас бид Чингис хотын нэрээ авлаа. Үүнээс гадна Засгийн газар Чингис бонд гаргасан. Чингис бондын хөрөнгөөс Чингис хот хүртэх ёстой.

УИХ-ын гишүүн, дархан аварга Б.Бат-Эрдэнэ:

Б.Бат-Эрдэнэ: Бид хөрөнгө мөнгийг өмнөхөөс илүүгээр аймаг руугаа татаж Чингис хотын нэр хүнд, нүүр царайг сайхан болгох хэрэгтэй байна.

-Өнөөдрийн билэгт сайн өдөр Аймгийн ИТХ маш чухал шийдвэр гаргалаа. Хан Хэнтий нутгийн бидний бахархал бол яахын аргагүй эзэн богд Чингис хаан маань. Өнөөдөр бид аймгийн төвөө Чингис хот хэмээн нэрийдлээ. Сайхан байна. Бахархаж, омогшиж байна. Гэхдээ энэ нэрийн цаана маш том хариуцлага байгаа гэдгийг мартаж болохгүй.

Бид хөрөнгө мөнгийг өмнөхөөс илүүгээр аймаг руугаа татаж Чингис хотын нэр хүнд, нүүр царайг сайхан болгох хэрэгтэй байна. Ингэхийн тулд төрд байгаа, та бүхний итгэлийг хүлээн ажиллаж байгаа бид хоорондоо эвлэлдэж ажиллах хэрэгтэй байна. Нутгийн олон та нартайгаа ч хамт зүтгэх шаардлагатай байна. Чингис хааны эвтэй байхын сургаалийг дагаж бүгдээрээ эвлэлдэн, Чингис хотоо, Чингисийн нутгийн хөгжүүлэхийг уриалья.

Аймгийн Засаг дарга Ж.Оюунбаатар:

-Олон жил ярьж, судалсан, бас ард түмний дэмжлэг ихээхэн байсан энэ асуудал өнөөдөр албан ёсоор хэрэгжиж аймгийн төвөө Чингис хот хэмээн нэрлэхээр боллоо. Түүнчлэн Монгол Улсын Ерөнхийлөгч, Монгол Улсын Засгийн газрын дэмжлэг байсан гэдгийг тэмдэглэн хэлэх хэрэгтэй. Яг энэ мөчөөс эхлэн Хэнтий аймгийн төв Чингис хот нэртэйгээр хөгжих боллоо. Тийм учраас нийт Хан Хэнтийчүүддээ, Чингис хотынхондоо шинэ хотын иргэд болж байгаад баяр хүргэе.