“Манукол” академи бүсгүйчүүдийг сургана
Монгол суу ухааны Манукол академи ТББ-ын ерөнхийлөгч З.Бат-Отгон
2013.10.09

“Манукол” академи бүсгүйчүүдийг сургана

“Манукол” академаас “Монгол хатан ухаан” эрдэм шинжилгээний бага хурлыг зохион байгуулсан юм. Хурлыг “Манукол” академийн эрдэмтдийн зөвлөлийн дарга Ү.Хүрэлбаатар, “Хатан ухааны танхим”-ын дарга З.Бат-Отгон нар нээж, үг хэлсэн.

Эрдэм шинжилгээний хуралд хатан ухааны чиглэлээр судалгаа шинжилгээ хийдэг эрдэмтэн, судлаачид, “Манукол” академийн эрдэмтдийн зөвлөлийн болон Хатан хуралдайн гишүүд, “Хатан  ухааны танхим”-ын жинхэнэ гишүүд өргөнөөр оролцсон. Тухайлбал, “Эртний хатдын нийгэмд гүйцэтгэсэн үүрэг”, “Монгол хатан ухаантны соён гэгээрүүлэгч үүрэг,  “Их хатдын түүхэнд гүйцэтгэсэн үүрэг”, “Монгол хатан ухаантны дотоод хэргийн эзэн байх үүрэг”, “Монгол хатан ухаантны төсөвч үүрэг”, “Монголд шарын шашин дэлгэрэхэд хатдын гүйцэтгэсэн үүрэг”, “Монгол хатан ухаантны тусгаар тогтнолч үүрэг”, “Орчин үе эмэгтэйчүүд” зэрэг 11  илтгэлийг энэ үеэр хэлэлцүүлсэн юм. 

Үе үеийн монгол эмэгтэйчүүд тархи, эрдэм ухаанаараа өрх гэрээ төвхнүүлэхээс эхлээд улсыг засах  төрийг төвшитгөх үйл хэрэгт өөрсдийн хувь нэмрээ оруулж явсан түүхэн  уламжлалаас суралцах, түүнийг сэргээхэд   эрдэм шинжилгээний хурлын зорилго, агуулга чиглэгджээ.

Хурлын үеэр монгол суу ухааны “Манукол” академийн Хатан ухааны танхимын дарга З.Бат-Отгонтой уулзлаа.

-“Монгол хатан ухаан” эрдэм шинжилгээний хурлын ач холбогдол, зорилгын талаар  товч ярихгүй юу?
Гэрээ засдаг гэргийг мэргэн ухаан, улсаа засдаг цэцэн ухаанд суралцуулахаар сургалтын төлөвлөгөөгөө гаргасан.

-Өрх гэрийг авч явахад эрэгтэй, эмэгтэй хоёр хүн хамтдаа ургийг бий болгодог. Үүнтэй адил монгол гэдэг нэг улс  гэр байна. Үүнийг авч явахад ганц эрчүүдийн ухаан хангалтгүй. Тэр эрчүүдийн хаан ухааныг төрүүлдэг ухааныг хатан ухаан гэдэг.

Гэтэл өнөөдөр хатан ухаантнууд байхгүй болсон учраас төрийг төвшитгөх эрчүүдийн хаан ухаан мөн л байхгүй болчихоод байна. Монгол Улсыг эрх мэдэл албан тушаал, авлига хээл  харууль, шударга бус байдал, худал хуурмагаар  дээрээс нь эд хөрөнгөөр, мөнгөөр, өмчөөр, уул уурхайн баялагаар засахгүй гэдэг  тодорхой болжээ. Өвөг дээдсийн ухаанд тархиар, эрдмээр, оюунаар, ухаанаар, гэгээрлээр, үнэнээр,  зөвөөр шударгаар засна гэдгийг хэлээд өгсөн байгаа.

Тэгэхээр энэ уламжлал сэргэж, хаан ухаантай  эрчүүд төрүүлэхийн тулд хатан ухаантан бэлдэх шаардлагатай. Монголын эмэгтэйчүүдийг Олон улсын эмэгтэйчүүдийг эрхийг хамгаалах өдөр буюу  Мартын 8-наар алд биеэ тордоод, нөхрөөсөө бэлэг “горьдоод” суух биш, харин энэ өдрөө өөрсдийнхөө тархи оюун, цус мах ясыг тордоочээ гэж хэлмээр байна. Энэ үүднээс Монголын эмэгтэйчүүдийг соён гэгээрүүлэх  зорилгоор энэхүү эрдэм шинжилгээний хурлыг уламжлал болгон хоёр дахь жилдээ зохион  байгуулж байна.

-Танайд гишүүнээр элсэх эрх нээлттэй байдаг уу?

-“Хатан  ухаан танхим”-ыг сонгон, гишүүнээр элсч болно. Гэрээ засдаг гэргийг мэргэн ухаан, улсаа засдаг цэцэн ухаанд суралцуулахаар сургалтын төлөвлөгөөгөө гаргасан. Энэ талын сургалтын бэлтгэл ажил бүрэн хангагдсан байгаа.