Ерөнхий сайд Н.Алтанхуяг музейн нээлтэд оролцлоо.
2013.06.25

Хил дээр хураагдсан түүх, соёлын өв олны хүртээл болж байх учиртай гэв

Хууль бусаар хил давуулах гэж байгаад хураагдсан түүх, соёлын дурсгалт эд өлгийн зүйлс Гаалийн Ерөнхий газарт хадгалагдаж байдаг байна. Өнөөдөр эдгээрээс дээжлэн олон нийтэд дэлгэн үзүүллээ.

Улаанбаатар хотын гаалийн газарт нээлтээ хийсэн “Соёлын өв-Хамтын ажиллагааны шинэчлэл” сэдэвт энэхүү үзэсгэлэнд 1800 оны үед бүтээгдсэн шармал Авид бурхан, Мин улсын үеийн шармал бурхан, бурхны хэв, модон бар, үлэг гүрвэлийн чулуужсан өндөг зэрэг 30 гаруй төрлийн эд өлгийн зүйлс тавигджээ.

Монголчууд түүх соёлын өвөө хадгалж, хамгаалж бахархаж байх нь зүйд нийцнэ.

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг музейн нээлтэд оролцохдоо “Гаалийн Ерөнхий газар, Соёл, спорт, аялал жуулчлалын яам хамтран 1991 оноос хойш хил дээр хураагдаж, улсын орлогод бүртгэгдсэн түүх, соёлын дурсгал, эд өлгийн зүйлийг цуглуулан ийм тайлан музей гаргалаа.

Эдгээр өвийг холбогдох газруудад шилжүүлэх нь зүйтэй. Энэ ажлын эхлэл тавигдаж байна. Эдгээр өв олон түмний хүртээл болж, монголчууд түүх соёлын өвөө хадгалж, хамгаалж бахархаж байх нь зүйд нийцнэ” гэж хэллээ.