GPM-2013 төсөл 11 дэх жилдээ явагдаж байна
85-р сургуульд хашаа барих төсөл
2013.06.24

GPM-2013 төсөл 11 дэх жилдээ явагдаж байна

GPM-2013 /Global Peace Makers/ төслийг 11 дэх жилдээ Монголд хэрэгжүүлэхээр бэлтгэлээ хийж байна. Энэ удаагийн төсөлд БНСУ-ын  Хосео их сургуулийн   24 оюутан, 2 багш болон Монголын талаас Энхийн төлөө үйлчлэхүй ТББ-ын ажилтан, сайн дурынхан  болон багийн ахлагчид бүхий 8 хүний  бүрэлдэхүүнтэй баг  оролцох юм.

Хосео их сургуулийн оюутнууд Монголд ирж сайн дурын үйл ажиллагааг хийж, бусдад туслахын тулд 2 сарын турш бэлтгэлээ базаасан нь манай залуучуудад үнэхээр үлгэр дуурайл авахуйц, суралцмаар зүйл билээ. Бид энэхүү төслийг 11 дэх жилдээ хэрэгжүүлж байгаа бөгөөд GPM төслийн гол зорилго нь оролцогч сайн дурынхныг боловсруулах, ирээдүйн нийгмийн интрепренерүүдийг бэлтгэн хөгжүүлэх, дадлагажуулах явдал байдаг.

Монгол-Солонгос, Монгол-Япон орны хүүхдүүд харилцан бие биенээсээ суралцан найз нөхөд болж байна.

Монгол-Солонгос, Монгол-Япон орны хүүхдүүд харилцан бие биенээсээ суралцах, найз нөхөд болох, нийгэмд тустай төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэх, тухайн улс орнуудын соёл, ёс заншлаас суралцах зэрэг олон ач холбогдолтой байдаг. Мөн төсөлд Монгол уламжлалаас суралцах, Гандан, Зайсанд зочилон, Байгалийн түүхийн музей үзэж, морь унах, гэр барьж сурах зэрэг оролцогчдод зориулсан олон сонирхолтой хөтөлбөр багтдаг. Ийнхүү “Дэлхийн Энхийг бүтээгчид” төсөл нь эх орны маань хөгжил, бүтээн байгуулалтад багагүй хувь нэмрийг оруулдаг бөгөөд жил бүр уламжлал болгон явагдаж буй энэ төслийн үр дүн цөөнгүй бий.

GPM төслийн хүрээнд Япон, Солонгос оюутан сурагчид малчин айлд туслах, хашаа хороо барьж, цэвэрлэх, асрамжийн газарт туслах, тоглоомын талбай байгуулах, цэцэрлэг саад тохижуулан мод тарих, ЕБС-ийн дүү нараа хөгжүүлэх, чадавхижуулах, цэцэг тарих зэрэг нийгэмд тустай сайн дурын үйл ажиллагаа хийхийн зэрэгцээ Монголын ахуй нөхцөл, аж амьдралтай танилцан хатуужих, соёл уламжлалаас суралцдагаараа онцлогтой.

Мөн өөр улс орны оюутан залуусын нөхөрлөл, харилцан суралцах, цаашдын хамтын ажиллагаанд сайнаар нөлөөлдөг юм. Энэ удаагийн GPM төсөлд оролцох оюутнууд 6 сарын 22-нд Улаанбаатар хотноо хүрэлцэн ирж, 15 өдрийн турш төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлнэ. Уг төсөлд зохион байгуулагч, багийн ахлагчаар ажиллах оюутан залуусыг 6 сарын 5 хүртэл бүртгэж байна.