Дэлхийн сайн дурынхны чуулганд 5 хүнтэй баг оролцлоо
Сайн Дурынхны Хөгжлийн Олон Улсын Нийгэмлэг (IAVE)-ийн санаачлага, удирдлага дор 2 жилд нэг удаа бүсийн сайн дурынхны чуулган зохион байгуулагддаг. 12 сарын 9-12 ны өдрүүдэд Макао улсад Ази Номхон далайн бүсийн сайн дурынхны чуулган зохион байгуулагдлаа.
Тус чуулганд 17 улс орны 400 гаруй зочид төлөөлөгчид оролцсоноос Монголын сайн дурынхны байгуулагуудыг төлөөлж 5 хүний бүрэлдэхүүнтэй баг оролцлоо. Монголын сайн дурынхны байгууллагуудын сүлжээ 2011 онд Сайн дурынхны хөгжлийн олон улсын нийгэмлэг (IAVE)-д гишүүнээр элсэн орж, олон улсын сайн дурын байгууллагуудтай харилцан туршлага солилцож, хамтын ажиллагаатай болсон юм.
Дэлхийн сайн дурынхны чуулганд оролцогчид
Чуулганд нийгмийн хөгжил дэх сайн дурынхны оролцоо, нийгмийн эрсдэлийг бууруулахад сайн дурынхны хамтын ажиллагаа, сайн дурынхан ба байгаль орчин, байгууллага компаны сайн дурын үйл ажиллагаа, иргэний нийгмийн хөгжил дэх сайн дурынхан, байгалийн гамшиг гэсэн сэдвүүдийн хүрээнд сургалт, хэлэлцүүлэг хийгдэж сайн дурынхны санал санаачлагыг хөгжүүлэх, сайн дурынхны манлайлагчдыг боловсруулах, олон улсын сайн дурынхны хамтын ажиллагааг дэмжих олон шийдэл, бодит санаачлагуудыг хуваалцлаа.
Улс орны сайн дурын байгууллагуудаас гадна Самсунг, Диснейланд зэрэг компаниуд сайн дурын үйл ажиллагааг хөгжүүлэх, ажилчдаа сайн дурын үйл ажиллагаагаар дамжуулан хэрхэн чадавхижуулдаг талаар илтгэл тавьсан нь шинэлэг, сургамжтай жишээнүүд байлаа. Чуулганы төгсгөлд 2015 оны Ази номхон далайн бүсийн сайн дурынхны чуулган Вьетнам улсад болохыг албан ёсоор зарлалаа. 2014 оны Дэлхийн сайн дурынхны чуулган Австрали улсад болно.