“Гэр бүлийн үнэ цэнэ-хөгжил шинэчлэл” үндэсний чуулган амжилттай өндөрлөлөө
Улаанбаатар хотноо болсон “Гэр бүлийн үнэ цэнэ-хөгжил шинэчлэл” үндэсний чуулганд Монголын 700 гаруй мянган гэр бүл, төрийн болон төрийн бус байгууллага, олон улсын байгууллагуудыг төлөөлөн 21 аймаг, 9 дүүргийн 800 төлөөлөгч, үүнээс гэр бүлээрээ 300 гаруй хос оролцлоо. Чуулганы төлөөлөгчид “Гэр бүл-төрийн үүрэг оролцоо”, “Гэр бүл-ТББ-ын үүрэг оролцоо”, “Гэр бүл-ахмадын үүрэг оролцоо”, “Гэр бүл-залуучуудын үүрэг оролцоо”, “Гэр бүл-хүүхдийн эрх, оролцоо” сэдвээр 5 салбар хэлэлцүүлэг хийж, Төрийн ордонд болсон нэгдсэн хуралдаанд үр дүнгээ танилцуулж, зөвлөмж гаргалаа.
Хүүхдийн төлөө үндэсний газрын дарга И.Нарантуяа
Үндэсний чуулганд Монгол улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж илгээлт ирүүлж “...Цаашид төрөөс гэр бүлийн талаар болон хүн амын хөгжлийн талаар баримталж байгаа бодлогын хэрэгжилт, үр дүнд шинжилгээ хийж, нийгэм, хүн ам, гэр бүлийн хөгжлийн чиг хандлагатай уялдсан “Гэр бүлд суурилсан хүн амын хөгжлийн цогц бодлого” боловсруулах шаардлага байгааг дурьдаад... Яам, агентлагаас эхлээд аж ахуйн нэгж, албан байгууллага, бизнесийн салбар бүхэн “Гэр бүл төвтэй хүний хөгжил”-ийн асуудлыг бүх түвшинд өөр өөрийн шугамаар дэмжин ажиллах ёстой. Нэн тэргүүнд холбогдох байгууллагад гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх нэгжийг байгуулж, гэр бүлд зөвлөгөө өгөх төвүүдийг сум, хорооны түвшинд гэр бүлд аль болох ойр ажиллуулахыг хөхиүлэн дэмжиж байна... Нэгэн хүүхэд зөв хүмүүжвээс нэгэн өрх дэгжихэд тусаа өгч, нэгэн өрх дэгжвэл нэг хороо, баг хөл дээрээ зогсоход нэмэр болж, нэгэн хороо баг хөл дээрээ зогсвол нэгэн аймаг, хот хөгжихөд дэм болж, нэгэн аймаг, хот хөгжвөл нийт улс мандахад хүч болох учиртай...” гээд чуулганы ажиллагаанд амжилт хүссэн байна.
УИХ-ын гишүүн, ХАХНХ-ийн сайд С.Эрдэнэ “Гэр бүлийн хөгжлийн бодлогын хэрэгжилт, цаашдын чиглэл” илтгэл тавьж, чуулганд урилгаар оролцсон 25-с дээш жил ханилан амьдарсан 9 гэр бүлд хүндэтгэл үзүүллээ. Чуулганд Хэнтий аймгийн Хэрлэн сумын 8-р багийн иргэн Г. Дамдины гэр бүл, Нийслэлийн БЗД-ийн 12-р хорооны иргэн Ц. Хүрэлсүхийн гэр бүл, Баянхонгор аймгийн Баянхонгор сумын иргэн Г. Цэрэнгийн гэр бүл, Орхон аймгийн төлөөлөгч С. Мишигийн гэр бүл, Хэнтий аймгийн төлөөлөгч Ю. Чулууны гэр бүл, Увс аймгийн төлөөлөгч Д.Ядамдоржийн гэр бүл, Ховд аймгийн төлөөлөгч Т. Даваагийн гэр бүл, Говь-Алтай аймгийн төлөөлөгч Б. Баатардагвын гэр бүл, Нийслэлээс “Монголын эрэгтэйчүүдийн холбоо”-ны тэргүүн, генерал Я.Пүрэвдоржийн гэр бүл урилгаар оролцсон юм. ЭМЯ-тай хамтран чуулганы төлөөлөгч нийт гэр бүлүүдээс 5 гэр бүлийг эрүүл мэндийн үзлэг, оношлогоонд үнэгүй хамруулахаар болсон байна.
“ГЭР БҮЛИЙН ҮНЭ ЦЭНЭ-ХӨГЖИЛ, ШИНЭЧЛЭЛ”
ҮНДЭСНИЙ ЧУУЛГАНААС ГАРГАСАН ЗӨВЛӨМЖ
Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яам, “Дэлхийн Зөн Монгол” Олон улсын байгуулагатай хамтран зохион байгуулсан “ГЭР БҮЛИЙН ҮНЭ ЦЭНЭ, ХӨГЖИЛ-ШИНЭЧЛЭЛ” ҮНДЭСНИЙ ЧУУЛГАН-д Монголын 700 гаруй мянган гэр бүл, төрийн болон төрийн бус байгууллага, олон улсын байгууллагуудыг төлөөлөн оролцсон төлөөлөгчид БИД:
Монголын хүн ам, гэр бүлийн хөгжлийн өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудлууд, тэдгээрийг шийдвэрлэх арга замын талаар хэлэлцээд,
Гэр бүлийн хөгжлийг бодлогын төвд тавьж, нийгэм, эдийн засгийн хөгжлийн бодлоготой уялдуулан цогцоор нь авч үзэх нь чухлыг онцлон тэмдэглэж,
Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллыг хангах бодлого, үйл ажиллагааг тодорхойлогч болон хэрэгжүүлэгч, оролцогч бүх талуудад хандан дараах ЗӨВЛӨМЖИЙГ гаргаж байна. Үүнд :
Нэг. Улсын Их Хуралд
1.1 Гэр бүлд суурилсан “хүн амын хөгжлийн цогц бодлого”, “гэр бүлийн тухай” шинэчилсэн хуулийг батлах
1.2 30-аас дээш жил ханилсан үлгэр дууриалтай эхнэр, нөхөр, үр хүүхдээ сайн иргэн болгож төлөвшүүлсэн эцэг, эхийг төрөөс хүндэтгэн урамшуулахыг хуульчлан тогтоох;
1.3 Гэр бүлийн дагнасан шүүх байгуулах асуудлыг зохих хууль тогтоомжоор шийдвэрлэх
Хоёр. Монгол Улсын Засгийн газарт
2.1 2014 оныг “Хүүхэд, гэр бүлийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлах;
2.2 Гэр бүлийн боловсрол олгох үндэсний тогтолцоог бий болгон хөгжүүлэх;
2.3 Хүүхэд, гэр бүлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг, мэргэжлийн мэргэшсэн ТББ-дыг байр танхим, төсөв хөрөнгөөр дэмжих
2.4 Эрчүүдийн хөгжлийг дэмжих хөтөлбөрийг боловсруулж хэрэгжүүлэх
Гурав. Төрийн болон ТББ, хувийн хэвшлийн бүх байгуулагуудад
3.1 Ажилтан ажилчдынхаа болон салбарынхаа бүхий л бодлогод гэр бүлийн мэдрэмжтэй санхүүгийн төлөвлөлт хийдэг болох;
3.2 Гэр бүлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг ТББ-дын үндэсний сүлжээ байгуулан, төрийн байгууллагатай гэрээ байгуулан ажиллах;
3.3 Гэр бүлд зөвлөгөө өгөх төвүүдийг орон нутагт санаачлан байгуулахыг дэмжих
“ГЭР БҮЛИЙН ҮНЭ ЦЭНЭ, ХӨГЖИЛ-ШИНЭЧЛЭЛ”
ҮНДЭСНИЙ ЧУУЛГАНД ОРОЛЦОГЧИД
2013 оны 10 дугаар сарын 14-ний өдөр
Монгол Улс, Улаанбаатар хот, Төрийн ордон