Манлайлагчид сэтгэхүйг “хог”-ноос цэвэрлэх хэрэгтэй гэв
Монголын баг, сумдын үндэсний холбооноос “Өрх гэр-Монгол Улсын хөгжлийн үндэс” сэдэвт манлайлагчдын чуулганыг зохион байгуулж байна.
Чуулганы эхний өдөр нутаг усандаа нэр хүндтэй, хийж бүтээсэн ажил үйлсээрээ үлгэр дууриал болсон малчид, тариаланчид, бизнес эрхлэгчид гээд салбар бүрийн төлөөлөл эрхмүүдийг “Монголын Улсын манлайлагч” одонгоор шагнасан юм. Эх орныхоо хөгжил дэвшлийн төлөө гэсэн халуун сэтгэлтэй, Монголынхоо төлөө гэсэн цохилох зүрхтэй, үндэсний уламжлалаа дээдэлж түгээн дэлгэрүүлэх гэгээн сайхан зорилготой манлайлагчдыг ийнхүү анх удаа алдаршуулан тодруулсан нь энэ.
Монгол Улсын манлайлагчдыг өргөмжлөх ёслолын ажиллагаанд УИХ-ын гишүүн, Монголын баг, сумдын үндэсний холбооны ерөнхийлөгч Г.Батхүү, УИХ-ын гишүүн, холбооны дэд ерөнхийлөгч С.Баярцогт, УИХ-ын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга, холбооны Удирдах зөвлөлийн гишүүн А.Бакей, Төв аймгийн ИТХ-ын дарга, Удирдах зөвлөлийн гишүүн гишүүн Ц.Мэндсайхан нар оролцсон.
Манлайлагчдыг өргөмжлөх ёслолыг нээж УИХ-ын гишүүн, Монголын баг, сумдын үндэсний холбооны ерөнхийлөгч Г.Батхүү хэлсэн үгэндээ “Монгол ёс заншил, монгол арга ухаанаа дэлгэрүүлэх, улс орноо айл өрх, баг, сумаас эхэлж хөгжүүлэх нь төрийн бодлого байх учиртай”-г онцлов. Мөн Монголын баг, сумдын үндэсний холбооноос жил бүр манлайлагчдыг тодруулан алдаршуулах шийдвэр гаргасныг дуулгасан юм.
“Өрх гэр-Монгол Улсын хөгжлийн үндэс” чуулганд эх орны өнцөг булан бүрээс ирсэн 110 гаруй манлайлагчид оролцож, үнэтэй санаа оноогоо уралдуулан, чөлөөт хэлэлцүүлэг өрнүүллээ. Эдгээрийг нэгтгэж чуулганаас зөвлөмж гаргах бөгөөд төрийн бодлогод тусгах аж.
Бид хөгжинө гэж муйхраар зүтгэх бус эхлээд сэтгэхүйгээ өөрчлөх хэрэгтэйг манлайлагчид хэлж байлаа. Хог хүний толгойд байдаг. Сэтгэхүй нь “хог”-той байхад хөгжиж дэвжих тухай ярихад хэцүү. Тиймээс сэтгэхүйгээ ядуурал, “хог”-ноос цэвэрлэхийг чухалчлав. Өдгөө ихэнх хүмүүс залхуурал, бэлэнчлэх сэтгэлгээнд автсан. Ажилгүй, ядуу гэдгээрээ бахархах маягтай.
Гэтэл эргэн тойронд юмханаар юм хийж, хөдөлмөрлөж сайхан амьдрах боломж их байгааг манлайлагчид онцолсон юм. Хүн өөртөө, өрх гэртээ, нутаг усандаа, улс орондоо эзэн байна гэдэг манлайлал. Хүүхдийг багаас нь төлөвшүүлэхэд анхаарах хэрэгтэй. Өнөөдөр 4-5 настай байгаа хүүхдийг одооноос төлөвшүүлэхэд 20 жилийн дараа манлайлагч болно. Тэгэхээр “Харцын гэрт хааныг бэлтгэдэг” хэмээн өвөг дээдсийн сургаалд үндэслэн хүүхдийн төлөвшил, хүмүүжил, боловсролд багаас нь анхаарч, бүр ИТХ-ын тогтоолыг тусгайлан гаргахад ч болохгүй гэх зүйлгүйг олон хүн хэлсэн.
Үүний зэрэгцээ малчдыг МСҮТ-өөр дамжуулан бэлтгэх, залуу малчдыг дэмжих, нүүдлийн соёл иргэншил, ёс заншлаа хадгалах, үндэсний уламжлалаа дээдлэх шаардлагатай гэж байлаа. Өдгөө хөдөөгийн малчид, тэтгэврийн хөгшид банкны зээлд туйлдаж, зургаан настай хүүхдээ сургуульд сургах нэрээр залуу гэр бүл хоёр тасарч, хот хөдөөгийн ялгаанаас үүдэж залуус мал маллахаас түвэгшээх болсон гээд олон асуудал ч хэлэлцүүлгийн үеэр хөндөгдсөн. Ийнхүү манлайлагчид улс орон, нутаг усаа хөгжүүлэх, сайн сайхан амьдрахад тустай олон үнэтэй санал санаачлага гаргасныг ажил хэрэг болгохоо Монголын баг, сумдын үндэсний холбооныхон илэрхийлсэн юм.