Өрхийн амьжиргааны түвшин тодорхойлох судалгаа хийнэ
УИХ-ын гишүүн, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ болон холбогдох албаны бусад хүмүүс өнөөдөр мэдэлэл хийлээ.
Мэдээллийн эхэнд энэ сарын 25-наас эхлэн ирэх сарын 9 хүртэл Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамнаас өрхийн амьжиргааны түвшин тодорхойлох судалгааг улсын хэмжээнд явуулах гэж байгаагаа дуулгалаа.
Өрхийн амьжиргааны түвшинг тодорхойлох судалгааны зорилго нь Монгол Улсын нийт 2,9 сая иргэний амьжиргааны түвшний үзүүлэлтүүдийг багтаасан салбар дундын цахим мэдээллийн сан бүрдүүлэх явдал юм.
Судалгааны үр дүнг үндэслэн төрөөс үзүүлэх аливаа төрлийн нийгмийн тусламж, үйлчилгээнд хамруулах өрх, иргэнийг оновчтой тодорхойлох, ядуурлыг бууруулах болон өрхийн амьжиргааг дээшлүүлэх хөтөлбөрүүдийн уялдаа зохицуулалтыг хангах, нийт өрх иргэнд үзүүлэх төрийн бусад үйлчилгээг төлөвлөх, хэрэгжүүлэхэд салбар дундын мэдээллийн цахим санг ашиглах бүрэн боломжтой болох юм байна.
Судалгааг өрхийн насанд хүрсэн аль нэг гишүүнээс авах ба иргэд иргэний цахим үнэмлэхээ, эсхүл төрсний гэрчилгээ, эрүүл мэндийн даатгалын дэвтэр, цэргийн үүрэгтний үнэмлэх зэрэг бичиг баримтаа судалгааны үеэр гэртээ байлгах хэрэгтэй. Иргэд судалгааны асуулгад үнэн зөв, тодорхой хариулах нь чухал.
Мэдээллийн үнэн зөв байдлыг төрийн байгууллагын бусад мэдээлэлтэй тулган нягтлах арга хэмжээг давхар авч мэдээллийн бодит байдлыг хангана гэдгийг хэвлэлийн хурлын үеэр онцлон хэлэв. Мэдээллийн сан бүрдүүлэх ажлыг энэ ондоо багтаан дуусгах төлөвлөгөөтэй бөгөөд ирэх оны эхний улиралд үр дүнгээ Засгийн газарт тайлагнана гэлээ.