“Судрын чуулган” зөвхөн нэг хувь ном болон хэвлэгдэн гарлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж 2012 оны 9 дүгээр сард Бүгд Найрамдах Түрк Улсын Истанбул хот дахь Топкапы ордон музейд зочлохдоо уг музейн номын санд эх хувиараа хадгалагдаж байгаа Их Монгол Улсын түүхийг өгүүлсэн “Судрын чуулган” номын цахим хувилбарыг хүлээн авсан нь манай соёлын түүхэн дэх чухал үйл явдал болсон юм.
Уг цахим эхийг цаасан дээр буулгаж ном болгон хэвлүүлэхийг Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж 2013 оны 4 дүгээр сард Монгол Улсаас БНТУ-д суугаа Элчин сайд Б.Батхишигт үүрэг болгосны дагуу Анкара дахь манай улсын Элчин сайдын яамны ажилтнууд уг номыг хэвлүүлэх ажлыг хийж гүйцэтгэв.
Ордон музейгээс авсан цахим эхийг шууд хэвлэх боломжгүй тул уг судрын 2276 хуудас бүрийг компьютер дээр засч, бүтэн хуудасны хэлбэрт оруулсны дараа Анкара хотын нэгэн хэвлэлийн газраар 4 дэвтэр болгон зөвхөн нэг хувь хэвлүүлэв.
Рашид Фазлуллах Хамадани хэмээх Персийн эмч, эрдэмтний перс хэлээр бичсэн уг судрын өмнөх үгийг Анкарад суралцаж буй түүхч, докторант Д.Анхбаяр бичжээ.
Эзэн богд Чингис хааны тэмцэн байгуулсан Их Монгол Улсын түүхийг өгүүлсэн “Судрын чуулган” хэмээх гайхамшигт бүтээл ийнхүү жинхэнэ эх хэлбэрээрээ Монгол нутагт залагдлаа. Энэхүү ганц хувь судрыг Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид өргөн барих юм.
Анкара дахь ЭСЯ-ны ажилтнууд Түрк Улс дахь Монголын түүхтэй холбоотой газар, хөшөө, дурсгалын талаар судалгаа хийж, ном, гэрэл зургийн цоморлиг гаргахаар ажиллаж байна.